Амь үрэгдсэн хүний тоо 11 боллоо
Чилид болсон 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа 5 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байсан бол энэ тоо 11-т хүрээд байна.
Газар хөдлөлтийн үеэр 150 орчим байшин барилга бүрэн устсан байна. Гамшгийн улмаас орон гэр, ажлын байр, цаашлаад амьдралын баталгаагаа алдсан хүмүүс олон байна. Лхагва гарагийн шөнө болсон газар хөдлөлтөөс улбаалан 70 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байна.
Чили улсын албаны хүмүүс хохирлын хэмжээ үүнээс ч их байж болох байсныг онцолж байгаа юм. Таван жилийн өмнөх үйл явдлаас сургамж авч гамшгийн үеийн бэлэн байдал, удирдлагыг сайжруулж, газар хөдлөлтийн дараа зохих арга хэмжээг богино хугацаанд авч чадсанаас олон хүний амийг аварч чадсан гэлээ.
Дашрамд мэдээлэхэд газар хөдлөлт болсны дараа Чили улсын онцгой байдлын газраас цунами болж болзошгүй тухай анхааруулга гаргаж Арикагаас Порто Аесэн хүртэл далайн эрэг дагуух нутагт нүүлгэн шилжүүлэлт хийхийг үүрэг болгосон байна. Энэ үеэр нэг сая гаруй хүнийг өндөрлөг газарт хүргэж чаджээ.
Газар хөдлөлтийн төв Иллапелаас баруун зүгт 46 км, газрын гүнд 25 км-т байсныг АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдээлж байна.
Чили улсад 2010 оны газар хөдлөлтийн дараах үетэй адил нөхцөл байдал үүсээд байна.
URL: