“Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармаг болно

b4787a4a5d6711adf08fa27fc1cba139_L“Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармаг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болох гэж байна.

Тус үзэсгэлэнг Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Ногоон хөгжил” форумын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн яармаг нь байгаль орчныг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилготой юм. Үзэсгэлэн “Ногоон дэд бүтэц”, “Ногоон хэрэглээ”, “Ногоон санаачлага”, “Ногоон үйлдвэрлэл” гэсэн 4 үндсэн дэд бүлгийн хүрээг хамран зохион байгуулагдана.

Үзэсгэлэн яармагт 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хоршоод оролцож өөрсдийн үйлдвэрлэж, борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, технологийг хэрэглэгчдэд танилцуулна. Түүнчлэн харилцан туршлага солилцох, шинэ санаачлага, судалгаа туршилтын ажлын үр дүнгээ хэлэлцэх боломжтой юм.

Үзэсгэлэн яармаг нь Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Ногоон хөгжил” форумын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ хотуудад ногоон өсөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй шилдэг туршлагаас сурах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Энэхүү арга хэмжээний хөтөлбөрт туршлага солилцох сонирхолтой хэлэлцүүлэг явагдаж, танилцуулгууд тавигдах ба байгальд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр хийгдэж буй судалгаа, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд хүргэх болно. . Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгох зорилгоор 21,22ны өдөр 11:00 цагт НЗДТГ-ын өмнөх талбайгаас үзэсгэлэнгийн танхим хүртэл үнэ төлбөргүй нийтийн тээврээр үйлчлэх юм байна.  Үзэсгэлэн яармагийг зорьж ирсэн иргэн бүрт шинэхэн ургацын ногоо, цагаан идээг үйлдвэрлэгчийн гараас шууд худалдан авах, байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологитой танилцах, ахуй амьдралдаа нэвтрүүлэх түүнчлэн шинэ санаачлагатай танилцах боломжтой юм.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих