Урт наслах жор

9358
Хүн бүр урт насалж, эрүүл амьдрахыг хүсдэг. Та үүнийг хүсч байгаа бол сайн унтаж, хөгжим сонсч, бүжиглэхээс гадна явган явах хэрэгтэйг П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлгийн Элэг судлалын тасгийн ахлах зэрэгтэй эмч Ч.Өлзийжаргал зөвлөж байна.

САЙН УНТАЖ АМАР

Баяр баясгалантай амьдрах нь амьдралд эрч хүч өгөөд зогсохгүй урт наслахад ч нөлөөлнө. Хүн гурван минут инээхэд 15 минут гимнастик хийсэнтэй тэнцдэг. Тиймээс та үргэлж өөдрөг, инээмсэглэл дүүрэн алхах хэрэгтэй. Мөн ажил ихтэй, цаг зав муутай байсан ч өдөр амарч бай. Үдийн хоолны дараа 30 минут унтах нь таныг эрүүл амьдрахад тусална. Шөнө бүр тайван унтаж амрах нь чухал. Сайн унтаж, амрахын тулд нойрны эм уух хэрэггүй.

ХӨГЖИМ СОНС, БҮЖИГЛЭ

Бидний хэр удаан амьдрах нь биеийн идэвхтэй байдал буюу биеийн тамираас тав, зөв хооллолтоос 15, оюуны чадамжаас 80 хувь хамаардаг.

Урт наслахын тулд тархиа байнга ажиллуулж байх хэрэгтэй. Судалгаанаас харахад оюуны ажил эрхэлдэг, байнга юм бичдэг, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс урт насалдаг төдийгүй хөгшрөлтөөс хол байдаг. Тиймээс та байнга шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Аливаад суралцаж, шинийг хийж бүтээхийн тулд сэтгэж санаачлах, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх нь таныг эрүүл, идэвхтэй амьдрахад нөлөөлнө. Хааяа бүжиглэ. Байнга бүжиг хийдэг хүн хурц ухаантай, санаж тогтоох чадвар нь өндөр, хурд хөдөлгөөнтэй байдаг гэж судлаачид хэлсэн байдаг.

ЯВГАН ЯВ

Хэрэв та машин хөлөглөдөг бол хааяа ч гэсэн явган явж бай. Учир нь өдөр бүр алхдаг хүмүүс машин унадаг хүмүүсээс илүү эрүүл байдаг. Бас сэтгэл гутрал, бухимдал, сэтгэцийн хямралд орох эрсдэлийг бууруулж, сэтгэл зүйн хувьд өөдрөг, цовоо сэргэлэн идэвхтэй байдлыг бүрдүүлнэ.

ХООЛОО СОНГО

Идэж буй хоол, хүнсэндээ ч анхаараарай. Гурилан бүтээгдэхүүн, ногоо, жимс сайн ид. Хэрэв ингэж чадвал биеийн чадавх 30 хувь илүү байна. Зөв хооллосноор хүн урт нас, эрүүл мэнд, эрч хүч, баяр хөөрийг олж авна. Мөн үр тариа, самар сайн идээрэй. Долоо хоногт таван удаа 30 гр самар идэх нь зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг эрс багасгана.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих