Төсвийн найз, эдийн засгийн “дайсан”

170143-18092015-1442535433-491425215-1-Орлогын дөрвөн төгрөг тутмын нэг нь импортоос хамаардаг-

Монгол Улсын эдийн засгийн наймдугаар сарын “онош” тодроод ирлээ. Олон оронтой, түмэн тоонууд дотроос улсын нэгдсэн төсвийг томруулж харъя.

Монгол Улсын төсөв наймдугаар сарын гүйцэтгэлээр 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар Сангийн яам мэдээлсэн. Найман сарын уртад төсөвт 4.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч 679.2 тэрбум төгрөг сох дутсан аж. Импортын барааны НӨАТ, газрын тосны болон өмч хувьчлалын орлого тасарсан нь гол нөлөө үзүүлсэн хэмээн Сангийн яам албан мэдээлэлдээ дайсан байна. Энэ хэсэг Танд нэг л танил сонсогдож байна уу? Тийм ээ, импортын барааны НӨАТ тэргүүтэй орлого төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй хэмээн Та, бид олонтаа сонсож байна.

Баримт сөхье. 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 90 орчим хувийг татварын орлого бүрдүүлж иржээ. Тодруулбал, импортын бараанд ногдуулдаг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар энд үлэмж хувийг эзэлдэг. Эдгээр үзүүлэлт нэгдсэн төсвийн орлогод 2008 оноос хойш хэр зэрэг хүндтэй байр суурь эзэлж байсныг графикаас харна уу. Импортын бараа болгонд ногдуулдаг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэгдсэн төсвийн дунджаар 20-25 хувийг эзэлж байгааг Та харж байна.

Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын дөрвөн төгрөг тутмын нэг нь импортоос хамаарч байна. Харин импортын барааны төлбөр тооцоог Монгол Улс экспорт, эсвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирсэн гадаад валютаар хийдэг. Тэгэхээр төсвийн орлого гадаад валютын орох урсгалаас шууд хамааралтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийг санхүүжүүлээд байгаа валютын урсгал саарахаар төсвийн орлого дутаж, төрийн албан хаагчдад цалин хөлс тараах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх мөнгөн эх үүсвэргүй болоод байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөж байсан үеэ эргэн саная. Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.долларт хүрсний дараа Монголын төр тэднийг боомилсон хууль, журам шил дараалан баталж, хөрөнгө оруулагчид гараад явсан. Харин ард нь Монголын эдийн засаг чөлөөт уналт үзүүлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөлттэй байсан үед бидний татварын буюу төсвийн орлого ямагт өсөж байсан. Тэр хэрээр төсвийн зарлага өөдөө тэмүүлж, төсөв данхайж байсан. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт, зэс, нүүрсний үнэ, Хятадын нүүрсний эрэлтээс уяатай, эмзэг хэврэг орлогын эх үүсвэр дээрээ суурилаад бид их тэлэлт хийгээд байсан хэрэг. Тэлсэн төсвөө төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, төрийн янз бүрийн үйлчилгээ, улсын хөрөнгө оруулалтад зарцуулж ирсэн. Тэр үед төсвийн зардал жилд дунджаар 18 хувиар өсөж байсан. Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд төсвийн зардал хэдэн хувиар өссөн бол?

Өөрөөр хэлбэл, өчигдрийн мөнгөөрөө Та, бид өнөөдөр татвар төлөх, үйлдвэр байгуулаад түүнээсээ НӨАТ авч байх баялаг бүтээсэнгүй. Тэр ч бүү хэл, данхайсан төсвөөсөө бэлэн мөнгө тарааж хүртэл даналзсан. Харин өнөөдөр байдал ямар байна вэ?

Ард иргэдээ улсын төсвөөрөө “авилгалдаг” УИХ-ын гишүүд төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй байна

Оны эцэст улсын төсөв багаар бодоход нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж байна. Хэчнээн хүн цалингаа хасуулж, төлөвлөж, хүлээж байсан ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтууд гацах бол? Тэртэй тэргүй энэ оны эхний найман сарын хугацаанд улсын нэгдсэн төсвийн 1.5 гаруй их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөж байсан ч ердөө 713.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Тэр ч бүү хэл өртэй гэдгээ албан ёсоор “хүлээн зөвшөөрч”, аж ахуйн нэгжүүдэд вексель бичиж зарим төслийг санхүүжүүлж байна.

Төсвөөс хамааралтай бизнес, аж ахуйн нэгж Монголд олон зуугаар “төрж”, төсвийн захиалга, тендерт суурилсан бизнесийн модель бий болчихлоо. Төсөв агшингуут тэд бүгдээрээ ажилгүй болчихно. 100 ажилтантай, тэднийгээ төсвийн хөрөнгөөр цалинжуулж, захиалга гүйцэтгэдэг байсан компаниуд энэ жил, ирэх жил яах бол? Гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ, эрэлт, валютын орох урсгалаас хамааралтай, түүнд суурилсан төсвийн хэт тэлэлт хийх нь ийм аюултай нөхцөлд байдалд хүргэж байгааг эдийн засагчид тэмдэглэж байна.

Нэг салбарын гэнэтийн орлого, нэг салбарын эдийн засгийн огцом өөрчлөлтөөс улсын төсөв нь хамаардаг ийм моделийг бид олон жилээр авч явж чадахгүй нь эндээс харагдаж байна. Эхнийхээ томоохон шокийг амсаад, үүнээсээ өдгөө гарч чадахгүй байна. Эдийн засаг өнөөдрийнхөөс гурав, дөрөв дахин тэлсний дараа дахиад ийм шок болбол яах вэ? 4-5 жил тутамд Монгол Улс ийм аймаар хоёр жилтэй учирч болох уу? Иймэрхүү хэмжээний шокийг даах нөөц үүц хуримтлуулъя гэвэл адаглаад 10 тэрбум ам.долларын нөөцтэй болох шаардлагатай. Гэхдээ өдий хэмжээний нөөц хуримтлуулахын тулд Монгол банк эдийн засагт эргэлдэх хамаг мөнгө-цусыг сорж, харин Монгол Улс эдийн засгийн өсөлт гэдгийг хэсэгтээ мартах хэрэгтэй болно.

Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын урсгалаас хэт хамаарсан төсвийн бүтцээ шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг эдийн засагчид тэмдэглэж байна. Ядаж эмзэг, тогтворгүй орлогод суурилсан тэлэлтээ зогсоох, төсвөө алдагдалгүй барих ёстой аж. Улмаар ажлын байр бий болгодог, хөдөлмөрийн бүтээмж өндөр, өрсөлдөх чадвартай, экспортод чиглэсэн салбарт хөрөнгө оруулбал төсвийн орлогыг уртдаа тогтворжуулах юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн салбар руу хөрөнгө оруулж байгаа нөхдөө урьд урьдынхаас илүүтэй дэмжих хэрэгтэй боллоо. Харин хамгийн эхний ээлжинд Монгол Улсыг төсвөө алдагдалгүй батлах сорилт хүлээж байна.

Харамсалтай нь, эдийн засгийн суурь эл ойлголтыг өдгөө улс төрчид хөндөхгүй, хэвлэл мэдээллийнхэн ч сануулахгүй байна. Эдийн засаг өнөөдөр Монгол Улсын хувьд хоёр, гуравдугаар шатны асуудал мэт УИХ-ын эрхэм гишүүд Өршөөлийн тухай хууль мэт өөр асуудлаар маргасаар байна. Одоо удахгүй Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Түүний ард талд УИХ-ын ээлжит сонгууль монголчуудыг хүлээж байгаа.

Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг Сангийн яам хэдийнэ зэхээд эхэлчихсэн. “Хуулийн хүрээнд…” гэж цохож байгаад л ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх алдагдалтай төсвийн төсөл оруулж ирэх болов уу. Харин ард иргэдээ төсвөөрөө “авилгалдаг” УИХ- ын эрхэм гишүүд “Манай тойргийн зам, цэцэрлэг…” гээд нэмсээр алдагдал нь ДНБ-ий дөрөв, таван хувиас давах вий. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өнөөдөр улс төрийн хамгийн аюултай, эрээ цээргүй мөчлөг рүү орж байна.

“Өнөөдөр гурван хувиар тэлж байгаа эдийн засаг ирэх оны нэгдүгээр улиралд 0 рүү дөхөх асар өндөр магадлалтай. Ийм тохиолдолд юу болох вэ? “Chalco”-гийнх шиг гэрээнүүд л зурагдана шүү дээ” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярилаа.

“Төсвөө алдагдалтай баталчихвал юу болох вэ?” гэсэн асуултад Монгол Улсын төсөв, мөнгөтэй холбоотой өндөр албан тушаалтай эрхэм “Зимбабвегийн 100 дахин багасгасан хувилбар, эсвэл Украин болно” хэмээн хариулсан юм. Энүүхэн 2008 онд инфляцийн түвшин нь 11,200,000 хувьд хүрсэн, 100 тэрбумын мөнгөн дэвсгэрт хүртэл хэвлэж байсан улс чинь Зимбабве мөн байх аа?!

Хэрэв одоо зэсийн үнэ өсчихвөл өнгөрсөн гашуун түүхийг бид бүгдээрээ мартана. Тэгээд дараагийн мөчлөг дээр дахиад, тэгэхдээ бүр илүү хүчтэй унана. Тэр үед эрсдэл нь иргэдийн ахуй амьжиргаанаас хальж, тусгаар тогтнолоор хэмжигдэх вий. Тэгэхээр урт хугацаанд төсөвт үр өгөөжөө өгөх салбартаа өнөөдрөөс хөрөнгө оруулж эхэлбэл яасан юм бэ?!

Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих