Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байна
Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт эхэлсэн боловч дахин хойшлогдлоо.
Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хурал давхцсан тул ирж амжаагүй байна. Түүнчлэн шүүхийн шинжээч эмч Мөнхбаяр, болоод бусад гэрчүүд ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшлогдлоо. Хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргажээ. Ингэснээр шүүх хурал есдүгээр сарын 24-ний 10:00 цаг болтол хойшиллоо.
Шүүх хуралд шүүгдэгч Г.Маралмаа есөн сартай жирэмсэн байсан бөгөөд шүүгч түүнээс биеийн байдлыг асуухад муу байгаа хэмээн хариулсан юм. Шүүх хуралд шүүгдэгч нарын гэр бүл, хохирогчын ар гэр, “ээж бүхний дуу хоолой” ТББ, гэрч зэрэг хүмүүс оролцсон юм.
Т.Цогт болон Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.11, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тодруулбал, Г.Маралмааг хүний амийг санаатайгаар, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм. Харин Т.Цогтыг гэмт хэрэг гарч болзошгүй байгааг мэдсээр байж, зохих байгууллагад хандаж, мэдээлээгүй, энэ хэргийн улмаас хүний амь хохирсон зүйл ангиар ял төлөвлөжээ.
Б.Дорж
URL: