Н.Энхбаярын явуулга хийгээд АН-ынхны хачирхалтай төлөвлөгөө

ЗАСАГ ОГЦРУУЛАХ ЧУЛУУГ ХААНААС ШИДЭВ

Төрийн ордон нэг хэсэг чимээ аниргүй байсан ч Монголын улс төр энэ зун амарсангүй. Таван толгойг сонирхогчид тал талаас тасчих шахаж, эелдэг боловч элдвийг сануулсан айлчлалууд хувь хүртэх, хувиа ахиулах, хувиа хэвээр нь хадгалах сонирхлоо далдуур илэрхийлсээр зуны сүүл сар, намрын эхэн сарыг өнгөрөөж байна. Таван толгойг дэлхий сонирхож хараагаа нааш нь талбиад байхад манайхан өөрсдөө Таван толгой дээрээ алдаа гаргаж, эргэж буцсан эргэлзэж, тээнэгэлзсэн хэвээрээ. Хажуугаар нь цөмийн хаягдал хаяна, хаяхгүй гэсэн гадныхны оролцоотой улс төржилт, Засгийн газрыг огцруулах эсэх талаар байсхийгээд л явдаг ээлжит шоу энэ зуны улс төрд өнгө нэмэв.

Сонгуульд сэтэртэй орох МАН-ын хүсэлтэнгүүд, өөр намын өврөөс өөрсдийгөө сугалах АН-ын зарим нь Засгийн газрыг огцруулах сонирхолтой байгаа гэж нэг хэсэг нь үзэв. МАН-ын залуус, тэр дундаа У.Хүрэлсүхийг дээрх ажиллагааны гол зохион байгуулагчаар тодруулаад байсан билээ. Харин МАН-ынхан үүнийг бодитой биш мэдээлэл хэмээн няцааж байна. Түүнчлэн Н.Энхбаярыг сурсан аргаараа яс хаяж ийм улс төр хийж байна гэж үзэх хүмүүс МАН-д байгаа юм. Ямар ч байсан Тэрэлжид НАМЗХ-ны залуус хуралдах нь хуралдсан. Намын даргаа унагах зүйл яриагүй гэдгээ яаран сандран үгүйсгэж тайлбарласан байгаа юм. У.Хүрэлсүх ч намын даргатайгаа энэ талаар хэд, хэдэн удаа уулзаж ярихдаа өөр газраас шидсэн чулуу гэдгийг ойлгуулахыг хичээж. Дээр нь намын бүлгийн хүрээнд энэ талаар ярьж эв түнжингээ хадгалахаа тохирсон гэх юм.

Энэ үеэр Хятадын коммунист намын удирдлагаас төлөөлөл ирээд явлаа. Манай хэдэн намын удирдлагуудтай уулзалдав. Тэгээд өнгөрсөн бямба гаригт МАН-ын 100 гаруй хүн урд хөршийг зорилоо. У.Хүрэлсүхээр ахлуулсан МАН-ын багийнхан эхлээд Өвөр Монголд арга хэмжээнд оролцоод цааш Бээжинд очиж Хятадын коммунист намын 90 жилийн ойн баярт оролцох аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч ирэх сарын 5-нд Хятадын коммунист намын урилгаар Бээжинг зорих бөгөөд арав гаруй төлөөлөгч дагуулж явах юм байна. МАН-ын 90 жилийн ой Хятадын коммунист намын 90 жилийн ой хоёр давхцаж байгаа учир МАН-аас ийм олон төлөөлөгч зорьжээ.

gol-gishuud

Ингэхээр У.Хүрэлсүхээр овоглогдсон Засгийн газрыг огцруулах яриа нэг хэсэг намжих биз. Харин саяхан “Сант марал” судалгааны төвийнхний хамгийн сүүлийн судалгаагаар МАН ямар удирдлагатай сонгуульд орвол ялалт байгуулах вэ гэсэн асуултад оролцогчдын ихэнх нь С.Батболд, С.Баяр, Н.Багабанди гэж нэрлэсэн байна лээ. АН-ын хувьд З.Энхболд, С.Баярцогт, Х.Баттулгаар удирдуулвал амжилттай сонгуульд оролцоно гэж дүгнэсэн байх юм. Мөн судалгаагаар шинэ үеийн улс төрчдийг хүсч байгаагаа иргэд илэрхийлжээ. Гэлээ гээд сонгууль болтол зай ч бий, лай ч бий. Ард түмний сэтгэл санаа аль тийшээ эргэж, хэн гэдэг улс төрчид талтай болж өөрчлөгдөх юм, цаг хугацаа харуулна биз. МАН-ын хувьд үлдсэн гишүүд нь хөдөө орон нутгаар намынхаа нэрийг таниулах ажиллагаагаа өрнүүлж, тойргоо хувааж аваад давхиж яваа юм билээ.

ПАРЛАМЕНТ ДАХЬ АН-ЫН ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ?

АН-ын нэр дэвшихийг горилогсод нь урьдчилгаа 12 сая төгрөгөө тушаачихаад даргынхаа байр суурь фракцуудын тохиролцоо, үйл явдлын өрнөл, Сонгуулийн хууль зэргийг хааш нь эргэхийг харж сууна. Дүүргүүдийн маргаанаа дөнгөж нэг цэгцэлж аваад яс амарсан бололтой нам жим байгаа Ардчилсан намын хамгийн хүчтэй фракцын нэг МоАХ дотоодын асуудал ихтэй, хагаралтай байгаа гэнэ. Энэ байдал нэг их дэврэхгүй бол Ардчилсан нам одоогоор жолоогоо татсан, хүлээлтийн байдалтай.

Одоогоор гол толгойны өвчин нь АН-ын хувьд Сонгуулийн хууль байгаа. Сонгуулийн хууль яаж гарснаас намуудын ирэх сонгуульд хэрхэн оролцох хувь заяа шийдэгдэх учраас ингэх нь ч зүйн хэрэг. МАН өөрсдийн зүтгүүлсэн хувилбараа л өмнөө барьж байгаа. Гэвч Ардчилсан намын хувьд Сонгуулийн хуулийг 38:38 гэсэн хувилбар дээрээ бат зогсох, цаашлаад нам дугуйлахыг санал болгоод байгаа. Энэ нь дэмжигдэхгүй бол дорвитой алхам хийхээр төлөвлөж байгаа гэнэ. АН-ын нэлээд томоохон хүрээнд яригдсан нэг шинэ мэдээлэл байна. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрсдийн санал болгосноор явуулахгүй бол ирэх сонгуулийг хүлээлгүй парламент дахь АН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзах тухай яриа. Сандал суудалтайгаа үхэтлээ зууралдах улстөрчдийн хувьд энэ нь ойлгоход бэрх зүйл ч олон удаа ялагдаж ирсэн намын хувьд аргагүйдсэн хувилбар байж болох юм. Нэг ёсондоо төлөвлөгөө зохиогчдын хүслээр бол хугацаанаасаа өмнө сонгууль хийж, байдлыг бүр өөрөөр эргүүлэх бодолтой байх шиг. Харин Засгийн газрыг огцруулах тал дээр Ардчилсан намын гишүүд яг тэнцүү хуваагдсан байр суурьтай байгаа гэх юм билээ. Одоогоор гэвч засаг огцруулах ажиллагаанд шуурхайлан орох төлөвлөгөө Ардчилсан намынханд байхгүй гэсэн шүү.

Ц.ШИНЭБАЯР У.ХҮРЭЛСҮХТЭЙ ХУЙВАЛДАЖ МАХН-АА ОРХИСОН ГЭНЭ

Саяхан БНСУ-д хагалгаа хийлгээд ирсэн Н.Энхбаяр эргэн ирээд намынхаа ажилд ханцуй шамлан оров. МАХН ирэх сонгуульд 76 тойрогт хүн дэвшүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнхөө намаас гадна бусад намын улс төрд ч хуруу гар дүрж байгаа гэх мэдээллүүд байгааг дээр өгүүлсэн билээ. Энэ удаагийн сонгуулиас гадна ирэх ерөнхийлөгчийн сонгуулийг мөрөөдөж суугаа тэрээр хамсаатан Ц.Шинэбаяраа эгнээнээсээ алдсан, МАХН-ын нэрийг авахад хичээнгүйлэн оролцож гол дүрд тоглож од болсон Ц.Шинэбаяр намын дэд даргынхаа албанаас татгалзаж буйгаа хэвлэлээр мэдэгдэж, намын удирдах албанд байсан залуус түүнийг дагаж, дотоодын үймээн самуун ихтэй байгаа. Нам байуулагдаад зохион байгуулалтын хурал болоход ерөнхий нарийн бичгийн даргад Молор-Эрдэнийг Ц.Шинэбаяр зүтгүүлсэн ч намын дарга нь өөр шийдвэр гаргаж Н.Удвалыг сонгосон байгаа юм. Төд удалгүй намын даргад тоогдож гарч ирсэн ерөнхий нарийн бичгийн дарга нь бусадтайгаа ойлголцох нь муу байснаас асуудал үүсч эхэлсэн юм байх. Харин Ц.Шинэбаярын хувьд “Хамуг Монгол” хөдөлгөөн байгуулж тусгаар тогтнох болсон нь Н.Энхбаяртайгаа муудалцсаных гэцгээдэг. Тэрээр Н.Энхбаярыг намаа бодохоосоо илүүтэй өөрийнхөө карьерыг бодсон гэж үзээд нэр хүндээ золиослон байж байгуулалцсан намаа орхиход хүрсэн гэж тайлбарлах нэгэн бий. Мөн өөр зүйлтэй холбож ярих нь ч байна. Тэрээр орхиод гарсан МАН-ынхаа генсек У.Хүрэлсүхтэй худ ураг болж байгаа талаар хэвлэлд гарч байсан мэдээллийг уншигчид санаж байгаа биз. Нэгэнт хоёр өөр зүг рүү улс төр хийхээр болсон ч хувь заяа тэднийг хамт байлгахаар шийдсэн нь тэдний хүү, охин хоёрын хайр сэтгэлийн холбоо. Хоёр эцэг нь мэдээж уулзаж учрахдаа улс төр ярихгүй өнгөрдөггүй л байлгүй. Тиймээс ч Н.Энхбаяртайгаа түнжин хагарч ийм алхам хийх болсон нь худ У.Хүрэлсүхийнх нь санаа байж болох талтай гэж үзэх хүмүүс байна. Ямар ч байсан өнгөрсөн баасан гаригт МАХН Ц.Шинэбаяргүйгээр хуралдаж дараагийн үйл ажиллагаандаа идэвхтэй орохоор болж, хөдөө орон нутагт намын үүрээ байгуулах, цаашид хэрхэн ажиллах зэргээ ярьсан байна.

Д.МӨНГӨНДАЛАЙ


URL: http://www.fact.mn/23625.html

Сэтгэгдэл бичих