Дэлхийн аварга С.Цэрэнчимэд найз залуугийн хамт
Өнгөрсөн жил Узбекийн Ташкент хотноо болсон Чөлөөт бөхийн ДАШТ-нд түрүүлж, 19 насандаа Дэлхийн аварга болж байсан билээ. Энэ жил гэсэн тэрбээр энэхүү амжилтаа давтахаар явсан ч аваргын төлөөх барилдаанд ялагдал хүлээж мөнгөн медаль хүртсэн ч Дэлхийн аваргын хос медальтан болж эх орондоо ирсэн. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийг угтах ёслолд ар гэрийнхэн, албан байгууллагынхан ирсэн байсан ч тэр дотор жүдогийн тамирчин явж байсан нь олны нүдэнд содон тусч байлаа. Жүдо бөхийн ДАШТ-нд эрэгтэйчүүдийн 90 кг-нд цойлж гарч ирсэн бөх бол ОУХМ Л.Отгонбаатар. Дэлхийн гурван удаагийн аваргын цэвэр ялж, гайхалтай ялалт авч байсан тэрбээр цэцэг барьчихсан яваа нь хэн нэгнийг угтахаар явж байгаа нь илт. Тэгвэл Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, жүдо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар нар үерхдэг аж. Монголын спортод Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар (жүдо), О.Гүндэгмаа (буудлага), гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд (хоёул жүдо), Гавьяат тамирчин дасгалжуулагч Х.Болдбаатар, Азийн аварга Ц.Мөнхзаяа нарын хосууд цөөнгүй бий. Тэгвэл тэдний араас нэгэн залуу хос замнаж магадгүй байна.
URL: