Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатар ногоон хот болно, ганцхан болзолтой…

Зүүн хойд Азийн Хотын дарга нар Улаанбаатар хотод энэ сарын 21, 22-нд чуулах гэж байна. Хотын захиргааны урилгаар ирж буй тэд хотынхоо хөгжлийн нууцыг, ялангуяа ногоон хөгжлийн чиглэлээр сэдэвчилсэн долоон асуудлын хүрээнд туршлагаа хуваалцах юм байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-”Азийн бар” орны хотуудын дарга нараас бид ямар зөвлөмж, турш­лагыг авах вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Форумд өнөөдрийн байдлаар БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг зургаан орны найман хот оролцохоор мэдэгдсэн. Мөн НҮБ, Дэлхийн банк, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож долоон сэдэвчилсэн хуралдааныг хийх юм. Нэгдүгээрт, Зүүн хойд Азийн ногоон хөгжлийн чиг хандлага, бэрхшээлийг ярилцана. Сүүлийн үед дэлхий дээр хотжилт маш хурдтай явагдаж байгаа. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй олон жишээ бий. Хоёр дахь хуралдаанаар ногоон дэд бүтцийн асуудлыг хөндөнө. Зүүн хойд Азийн хотууд дэд бүтцээ хэрхэн ногоон, ухаалаг болгож байгааг мэдэх нь манай хотын хувьд чухал. Түүнчлэн ногоон амьдралын хэв маяг гэж чухал асуудал бий. Өнөөдөр бидний замбараагүй, тогтвортой бус хэрэглээний эрсдэл зөвхөн эрүүл мэндэд бус нийгмийн, тэр тусмаа экологийн сөрөг хандлагыг төрүүлсээр байдаг. Тиймээс бид амьд­ралынхаа хэв маягийг хэрхэн өөрч­лөх, нийгмийн болон байгалийн баялагтай хэрхэн зөв харьцах талаар харилцан ярил­цах юм. Түүнчлэн хот суурин газрын эрчим хүчний асуудал байна. Цахилгаан эрчим хүчний асуудлыг хэрхэн ногоон болгож байгааг бусад хотоос үлгэрлэмээр байна. Сүүлийн үед Зүүн хойд Ази төдийгүй дэлхий дахинаа дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны барилга байгууламжийг бүтээн байгуулдаг болсон. Чингэлтэй дүүргийн V хороонд хэдэн жилийн өмнө ХБНГУ-ын хамтын ажиллагааны олон улсын байгууллагатай хамтарч орон сууц дулаалсан юм. Улаанбаатарт яг ийм дулаалгыг хийх шаардлагатай 1000 гаруй орон сууц байна. Тэдгээрийн дулааны алдагдлыг багасгаж чадвал III, IV  хорооллын хэмжээний бүхэл бүтэн нэг хорооллыг дулаанаар хангах хэмнэлтийг бий болгох тооцоог гаргасан. Энэ асуудлаар ч хотуудын төлөөлөл ярилцана.

-Агаарын бохирдол, ус ч Улаанбаатар хотын тулгамдсан асуудал шүү дээ. Энэ талаар ярилцах уу?

-Дэлхий дахинаа хамгийн өндөр эрсдэлтэй асуудлуудын тоонд ус орсон. Улаанбаатарт цэвэр усны менежмэнт, хамгаалалт, нөөцийн асуу­далд тодорхой шийдвэр, бодлого барихгүй бол хүндрэх төлөвтэй. Тиймээс энэ асуудлыг хөндөж ярилцана.

Ирэх арванхоёр­дугаар сард Парист НҮБ-ын маш том хуралдаан болох юм.  Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний улмаас үүсч байгаа бэрхшээл, байгалийн гамшгийг хэрхэн даван туулах талаар хэлэлцэх юм билээ.  НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн бодлогын төсөл дуусч байна. Цаашид дэлхий даяар ногоон хөгжлийн буюу тогтвортой хөгжлийн бодлогыг сонгоно гэдгээ зарлан түгээх гэж байна. Энэ хуралтай холбогдуулж Зүүн хойд Ази, тэр тусмаа Улаанбаатар хот байгаль орчноо хамгаалах ногоон хөгжлийн төлөө бусад улстай хамтран зүтгэж тэргүүн эгнээнд нь уриалан дуудаж байгаа гэдгээ мэдрүүлэх ёстой.

-Хөгжингүй хотуудын туршлагыг Улаанбаатарт нутагшуулах боломжийг судалсан уу?

-Улаанбаатар инжене­рийн зохион байгуулалтай орчин үеийн хот болоод 60-70 жил болж байгаа, харьцангуй залуу хот. Тиймээс хүн амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хялбар. Өөрөөр хэлбэл, гаднын технологи нэвт­рүүлэх бүрэн боломжтой.

-Улаанбаатар хот анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болох шийдвэр гарсан. Бодлогын асуудал энэ удаагийн форумтай ч хол­боотой байх. Төлөвлөгөө гарчихвал ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Томоор харвал тэр чигээрээ хотын хөгжлийн төлөвлөгөө. Дэлхий дахинаар ногоон хөгжлийг загвар болгож уриалан дуудаж байгаа өнөө цагт бид дэмжих ёстой. Үүний тулд хамгийн түрүүнд төлөвлөгөө хэрэгтэй. Тиймээс нийслэлээс Улаанбаатар хотын эдийн засгийн төлөвлөгөөг гаргасан. Энэ суурь бааз дээр тулгуурлаж ногоон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна. Бид ямар салбарт, ямар технологи, менежмэнтээр хөрөнгө оруулалтыг хийх вэ гэдгээ тодорхой болговол олон улсын байгууллага, ах дүү хотоос биднийг дэмжье гэсэн.

-Ногоон хот болоход хэр хугацаа зарцуулах вэ. Өнөөгийн нөхцөл байдлаар бол ногоон Улаанбаатартай болно гэхэд хэцүү шүү дээ?

-Улаанбаатар хотыг би маш богино хугацаанд ногоон хот болно гэдэгт итгэлтэй байдаг. Ганцхан болзолтойгоор. Тэр нь юу гэвэл бид сайн ажиллаж, ухаалаг байх хэрэгтэй. Бүхнийг төлөвлөж, дахиж цэгцлэхэд оройтоогүй. Хэдийгээр Улаанбаатар ногоон хот гэж харах сайхан жишээ байхгүй ч ажиллая гэсэн сэтгэл байна. Тэр сэтгэл, хүсэл эрмэлзэл биднийг хөдөлгөнө. Тиймээс бид өнөөдөр дэлхий дахинаа сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй.

-Үүний жишээ энэ удаагийн форум гэж хэлж болох уу?

-Тийм. Сэтгэл байгаа учраас нуух юм алга. Нээлттэй Улаанбаатар шүү дээ. Та нарын хийж чадсан зүйлийг бид ч хийж сурмаар байна, таны санхүүжүүлсэн төслийг бид ч эндээ авмаар байна гэдгийг товчхон хэлэх хэрэгтэй.

-Ногоон хотын эхлэл ажлууд өнгөрсөн хугацаанд хэр өрнөв?

-Маш богино хугацаанд хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлж чадлаа. Хот гэдэг амьд организм. Тиймээс Сэлбэ, Баянхошуу Эмээлтийг төв болгож дэд бүтцийн асуудлыг зохион байгуулж ажиллаж байна. Хотын гудам цэцэг ногоотой болж зам харгуй өргөжиж байгаа. Нийслэлчүүд үүнийг мэдэж байгаа. Гэхдээ мэдэхгүй байгаа ажлууд бас бий. Газрын доорх инженерийн дэд бүтцийн асуудал манайд маш хүнд. Өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн том ажил бол Энхтайваны өргөн чөлөөний маш том шугамыг богино хугацаанд цэвэрлэж, шинээр барилаа. Ингэж чадсанаар Улаанбаатарын төвд барилга байгууламж барихад инженерийн хангамжаас айх зүйлгүй болсон. Цэвэрлэх байгууламж гээд олон жил ярьж ирсэн. Өнөөдөр бид энэ ажлыг эхлүүлсэн. 2015 ондоо багтаж бүх тооцоо судалгаа, технологийн сонголтыг хийнэ. Ирэх хавраас газар шорооны ажлыг эхлүүлнэ. Цэвэр усны хангамж, түгээлт, нөөцийг арвижуулахын төлөө ажиллаж байна. Үүний тулд Туулын усан даланг байгуулж байгаа. Энэ ажил дуусвал хотын цэвэр усны асуудалд толгой өвдөхгүй болно.

Б.Заяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих