Зүрхний дутагдлын эмчилгээний шинэ аргыг Монголд анх удаа нэвтрүүллээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судлалын тасаг, ангиографийн хамт олон Монгол улсад анх удаа Зүрхний архаг дутагдлын үеийн орчин үеийн эмчилгээний арга болох Ресинхронизаци (Cardiac Resynchronization Therapy: CRT) эмчилгээний төхөөрөмж суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэж, өөрсдийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүллээ.

f584960b1a32260465f0c69854092c5aЗүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний булчингийн эмгэгийн (кардиомиопати) улмаас үүсэх зүрхний дутагдалтай өвчтөнд ихэвчлэн хийгддэг, эмнэлзүйн олон туршилт судалгаагаар аюул эрсдэл багатай, үр дүн сайтай, өвчтөнд эмнэлзүйн мэдэгдэхүйц сайжралыг өгдөг болох нь нотлогдсон, эмнэлзүйн практикт тогтмол хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа эмчилгээний нэг арга юм. Тус эмчилгээг Олон улсад өмнө нь зөвхөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний сонголт үлдсэн хүнд өвчтөнүүдэд хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй хөнгөн хэлбэрийн зүрхний дутагдлын үед ч өргөнөөр хэрэглэх болсон байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох 4 туйлт пэйсинг өгөх боломж бүхий CRT-пейсмекер (CRT-P) болон 4 туйлт зүүн ховдлын электродыг ашигласан бөгөөд энэ нь пейсмекерээр цохиулах боломжтой байршлын тоог эрс нэмэгдүүлж, нийтдээ 10 хүртэл тооны векторыг ашиглах боломжийг бий болгож өгдөг байна. Энэ нь Зүрхний ресинхронизац эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, дахин мэс ажилбарт орох давтамж болон мэс ажилбарын үед электродыг давтан суулгах шаардлагыг бууруулах зэрэг ач холбогдолтойгоос гадна электродын тогтвортой хөдөлгөөнгүй байдлыг алдагдуулалгүйгээр ховдлыг суурь хэсгээс хүчдэл өгч цочроох зэрэг олон давуу талыг өвчтөн болоод эмчид олгодог.

Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний дундаас хүнд зэргийн дутагдалтай, ховдлын үйл ажиллагааны синхрон бус байдал илэрсэн өвчтөнүүдэд эмчилгээний шинэ нэмэлт сонголт болж Монгол улсад ийнхүү нэвтэрч байна.


URL:

Сэтгэгдэл бичих