Г.Маралмаа, Т.Цогт нарыг өнөөдөр шүүнэ
Дөрөвхөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болно.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүх бөгөөд тэднийг өнгөрсөн зургадугаар сарын 19-нд шүүсэн ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Харин хурлын үеэр талийгаач охины хойд эх Г.Маралмаа “Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэж мэдүүлсэн.
Талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” гэж мэдүүлсэн байдаг.
URL: