М.Отгонбаяр: Хиймэл үетэй олон жил явах боломжтой
Улсын I төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн мэс заслын эмч М.Отгонбаяртай ярилцлаа.
–Манай улс үе солих хагалгааг хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
–Хиймэл үе суулгах хагалгааг манай эмнэлэг 2008 оноос Солонгосын мэс засалчидтай хамтарч хийсэн. Миний хувьд 2008-2011 онд Солонгос улсад энэ чиглэлээр суралцаж, мастер хамгаалсан. 2012 онд төгсч ирэхэд Хэрх үе судлал, үе сэргээх төвийг байгуулсан. Үүнээс хойш хагалгааны тоо жил бүр өсч, одоо жилд 300 гаруй хүнд ийм хагалгааг чанарын өндөр төвшинд хийдэг болсон.
–Ачаалал хэр байна. Манайхны гадагшаа явах урсгал буурсан гэж сонссон?
–Үе солих хагалгааг анх хийж эхэлж байхад бидэнд хагалгаа хийх өдөр зөвхөн мягмар гаригт л олддог байлаа. Ганц олдсон энэ өдөр 6-7 хагалгаа хийх ч тохиолдол байсан. Одоо бол долоо хоногийн гурван өдөр хагалгаа хийдэг болсон. Долоо хоногт 10 орчим хагалгаа хийж байна. Тэгэхээр ачаалал их гэсэн үг. Одоо бол энэ төрлийн хагалгаа хийлгэх гэж гадагш явах өвчтөн бараг л байхгүй болсон байх.
–Үе солино гэдэг нь нийтлэг нэр үү. Дотор нь ангилдаг юм уу?
–Үе солих гэдэг том ойлголт. Яс бүхэн хоорондоо үеэр холбогдсон байдаг. Бүх үеийг солих боломжгүй. Манайд том үеүд буюу хүндийн төвөө авч явдаг өвдөг, түнхний үеийг сольдог. Жижиг үе гэмтэхэд хүмүүс тэр бүр солиулах гээд байдаггүй. Харин биеийнхээ хүндийн төвийг авч явдаг, ачаалал ихтэй, босч суухад өвддөг тийм үеийг л хүмүүс солиулдаг.
–Үе солиулсан хүмүүс дахин гэмтээвэл солиулах боломжтой юу?
–Мэдээж солих боломжтой. Гэхдээ хагалгаа хийлгэсэн хүмүүс ямар нэгэн хоёрдогч хүчин зүйл үйлчлэхгүй бол /халдвар, сулрал, мултрал/ дахин солиулах нь ховор. Хэрэв хоёрдогч хагалгаа хийх бол энэ нь маш төвөгтэй хагалгааны тоонд орно. Анхны хиймэл үенээс өөр, өөрт нь зориулсан хиймэл үеийг захиалах хэрэгтэй болно.
–Хагалгаанд орж байгаа хүмүүсийг ангилаад үзвэл, нас, өвчлөлийн хувьд ямар байна вэ?
–Бид хагалгаанд орж байгаа өвчтөн бүрийнхээ мэдээллээр сан үүсгэсэн. Энэ төрлийн хагалгааг 60-70 насныхан хийлгэх нь элбэг. Хагалгаанд орсон хүмүүсийн 60 орчим хувийг энэ насныхан эзэлж байна. Харин 70-аас дээш насныхан 20, 60-аас доош насныхан 20 хувийг эзэлдэг. Залуу хүмүүс ихэвчлэн төрөлхийн эмгэгтэй, эсвэл гэмтэл, ясны хоёрдогч халдварын дараах үед үе гэмтэх нь их байдаг.
–Монголд энэ төрлийн хагалгааг хэдэн төгрөгөөр хийдэг вэ. Зарим хүн манайд хагалгаа үнэ төлбөргүй, нийгмийн даатгалаас санхүүждэг гэдэг. Зөвхөн солих үе, имплантаа аваад ирэх ёстой гэдэг. Гэтэл тэр нь хэдэн сая төгрөг болдог. Үүнийг нь хагалгааны төлбөр гэж ойлгох хүмүүс бий?
–Тэтгэврийн насныхан, групптэй хүмүүс энэ хагалгааг их хийлгэдэг учраас Халамжийн хуулиар их дэмжсэн. Өвдөгний үенд таван сая, түнхний үенд зургаан сая төгрөг гээд хуульдаа мөнгөн дүнгээр нь заасан байдаг. Энэ хагалгаа нь сайн чанарын, өвчтөнд тохирсон эндопротез буюу хиймэл үе байхгүй бол хийх боломжгүй. Халамжийн хууль нь үений импорт хийдэг компаниудад ч сайнаар нөлөөлсөн. Одоо манайд сайн чанарын хиймэл үе нийлүүлдэг компани олон болсон. Анх биднийг хагалгаа хийж эхэлж байхад хиймэл үе оруулж ирдэг албан ёсны компани байхгүй байлаа. Эмч нар өөрсдөө Солонгосын компаниудыг гуйж авдаг байсан. Хагалгаа их болсноор эмч нар, эмнэлэг хоорондын өрсөлдөөн их болсон. Хагалгааны чанарт ч ахиц гарсан. Энэ нь өвчтөнүүд эмнэлэг, эмчээ сонгох боломжийг олгосон юм.
Одоо бүр л боломжийн болоод байна. Учир нь Даатгалын хуулийг баталчихсан. Өмнө нь нэг үений хагалгаанд 8-9 сая төгрөг төлөөд таван саяыг нь буцааж авдаг байсан. Өвчтөнөөс 3-4 сая л гардаг байсан юм. Харин долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Даатгалын хууль бүр илүү дэмжлэг үзүүлдэг боллоо. Энэ хуулиар өвчтөн 25, даатгал 75 хувийг нь гаргана гээд заачихсан. Ингэснээр өвчтөнд ногдох мөнгөн дүн бага болж байгаа юм. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг туршлага. Тухайлбал, Солонгост 20, 80 гэсэн хэлбэрээр явдаг. Одоо бол энэ төрлийн хагалгаа маш хурдацтай хөгжиж байна. Үүнээс хэд нь хүндэрч байгаа, Монголд ямар эмнэлэг, хэн гэдэг эмчтэй хамтран ажиллах хэрэгтэйг гаднын компаниуд хүртэл сайн мэддэг болсон.
Гадагш явах, Монголдоо хийлгэх хоёрын хооронд чанарын ялгаа бага. Мөнгөн дүн олон хувь ялгаатай тул ихэнх өвчтөн маань Монголдоо энэ хагалгааг хийлгэх болсон. Гадаадад хийлгэх чадалтай, мөнгө төгрөгтэй хүмүүс ч ялгаагүй биднийг сонгох болсон. Өөрөөр хэлбэл, монгол эмч нартаа итгэж байна гэсэн үг.
–Манайд хийж байгаа энэ хагалгаа дэлхийн бусад улс оронтой харьцуулахад үнийн хувьд хямд байх нээ?
–Манайх маш хямд. Солонгост бүх юм нь үнэтэй. Нэг үений хагалгаа багадаа 10 хонолоо гэхэд 7-10 сая вон буюу 7-10 мянган ам.доллар болдог. Монголчууд ирэх очих зардал гэсээр байгаад 10-15 мянган ам.доллар зарцуулах хэрэг гардаг. Дээр хэлсэнчлэн хагалгааны чанар болон хиймэл үений сонголт дэлхийн төвшинтэй адил байгаа тохиолдолд заавал гадагш явж хагалгаа хийлгэх хэрэггүй юм.
–Хиймэл үе хүн бүрт өөр өөр байдаг гэсэн. Хүн нь өөрөө сонгож авдаг уу. Цаанаас нь өгдөг юм уу?
–Өвчтөн өөрөө сонгохгүй. Мэдээж тухайн хүнд ямар хэмжээтэй, ямар хэлбэрийн протез таарахыг эмч шийднэ. Манайхтай гэрээтэй компани хиймэл үеэ дагалдуулан хагалгааны нэг удаагийн бүх материалаар хангадаг тул бусад хагалгааг бодвол дутагдах зүйлгүй гэдгээрээ онцлогтой.
–Хагалгааны дараах эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийдэг вэ?
–Манай тасаг Хэрх үе судлал, үе сэргээх төв нэртэйгээр 2011 онд байгуулагдсан ч эмнэлгийн ачааллаас шалтгаалж тусгайлан хэвтэх оргүй байлаа. Харин сая эмнэлгийнхээ 90 жилийн ойн өмнө мэс засалдаа найм, дотрын тасагтаа зургаа, нийт 14 өвчтөн хэвтэх ортой болсон. Мэс заслынхаа тасагт шинээр нөхөн сэргээх, хөдөлгөөнт заслын өрөө байгуулсан. Хагалгааны дараах өдрөөс эхлэн мэргэжлийн хөдөлгөөн засалч эмч нарын баг ирж нөхөн сэргээх эмчилгээг өвчтөн бүрт хийж байгаа.
–Үе солиулах хагалгааны дараа өвчтөн хэд хоногийн дараа тэнхэрдэг вэ. Солиулсан үенээсээ шалтгаалах уу?
–Бүх хагалгааг багаар хийдэг. Хагалгааны үеийн болон хагалгааны дараах өвчин намдаалтыг маш сайн хийсэн тохиолдолд өвдөлт зовиур бага учир өвчтөн хагалгаа хийлгэсний маргаашаас босч явдаг. Гэхдээ энэ нь шууд эдгэрчихэж байгаа хэрэг биш. Хиймэл үе, өөрийн үе шиг ямар нэг зовиургүй болоход 2-3 сар болно. Энэ хооронд бага зэрэг өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлах зовиур гардаг. Тиймээс бид тухай бүрт нь зөвлөгөө өгдөг.
–Үений яг ямар асуудалтай хүн танайд хандах боломжтой вэ?
–Үе солих хагалгаа бол эмийн болон бусад эмчилгээ тухайн хүнд ямар ч үр дүнгүй болсон, өвдөлт зовиур ихтэй, хөдөлгөөний хориг үүссэн, үений бүтэц эвдэрч гэмтсэн, өвчний эцсийн тохиолдолд хийдэг эмчилгээ. Өвчний эхэн үед манайд хандвал эмийн болон бусад эмчилгээний тусламжтай үе солих хагалгааг олон жилээр хойшлуулж болдог. Одоо манайд эмийн болон физик эмчилгээний тасаг ортойгоор нээгдчихлээ. Үений бүх төрлийн өвчний үед манайд хандаж зөвлөгөө авах, хэвтэн эмчлүүлэх боломжтой болсон.
–Үе солиулж байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настай гэлээ. Тэгэхээр залуу хүмүүс нас ахихдаа үе солиулахгүйн тулд юуг анхаараха вэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
–Олон өвчний үед, үе хоёрдогчоор гэмтдэг. Сүрьеэ, бруцеллёз, хэрх зэрэг үрэвсэлт өвчнөөс гадна наслалттай холбоотой үе хоорондын мөгөөрсөн эд тэжээлээ алдаж хатуурч гэмтдэг. Дээр нь хэт таргалалт. Өөрөөр хэлбэл, хэт тарган хүмүүсийн үенд очих даралт ихэссэнээс үе амархан үрэгдэж гэмтэж болно. Манайд хагалгаанд орж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь махлаг байх жишээтэй. Энэ өвчнөөс сэргийлэх нэг гол арга бол жингээ барих.
–Хагалгааны дараа ямар гам барих ёстой вэ?
–Аль болох жин нэмэхгүй, зөв дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Мөн эмч нартайгаа холбоотой байх хэрэгтэй.
–Үений баталгаа хэдэн жил байдаг юм бэ?
-10-15 жилийн дараа тавьсан хиймэл үе, хүний яс хоёрын хооронд завсар зай гарах боломжтой. Өөрөөр хэлбэл, сулрал өгөх хугацаа юм. Гэхдээ өмнө хэлсэнчлэн биеийн жин, зөв дасгал хөдөлгөөн хийж байсан тохиолдолд үүнээс ч урт хугацаанд хиймэл үетэйгээ явах боломжтой. Залуу хүнд эрт соливол арай эрт ховхролт үүснэ. Тиймээс бид залуу хүмүүсийн үеийг эрт солихоос зайлсхийдэг. Гэхдээ өвдөлт зовиур ихтэй бол солихоос өөр аргагүй. Настай хүмүүсийн хөдөлгөөн удаан, явдал тайван тул эдэлгээ нь урт гэж хэлж болно. Мөн хавдрын улмаас үе, яс их хэмжээгээр гэмтсэн өвчтөний мөчүүдийг өмнө нь шууд тайрдаг байсан бол бид эрхтэн хадгалах, ясны хавдрын үеийн имплант суулгах хагалгааг хийж байна. Эрхтнийг нь тайрч авахгүйгээр тодорхой хавдартай ясыг нь тайрах юм. Яг тэр ясны бүтцийг хадгалсан имплантыг суулгана гэсэн үг. Гэвч энэ хагалгаа нь тусгай имплант шаарддаг учир их өндөр үнэтэй байдаг.
–Ийм хагалгааг хийхэд тулгарч байгаа бэрхшээл байна уу?
–Анх хэцүү байсан. Хил, гааль, хиймэл үений хангалт гээд хэцүү. Одоо харьцангуй гайгүй болсон. Дээр хэлсэнчлэн олон компани сайн чанарын хиймэл үе оруулж ирж байна. Ингэснээр эмч нар зөвхөн өвчтөн, хагалгаандаа л анхаарах боломжтой болсон. Өмнө нь өвчтөнөөсөө гадна тухайн хүнд таарах хиймэл үеийг нь олох гэж цаг их алддаг байлаа.
–Энэ хагалгааг хийхэд эмч, мэргэжилтнээс гадна тоног төхөөрөмж маш чухал байх?
–Манайх тоног төхөөрөмжийн хувьд сайн. Өндөр хөгжилтэй орнууд ямар багаж хэрэглэж байна, манайх түүнийг л хэрэглэж байгаа. Учир нь хиймэл үеийг дагаж, түүнийг суулгахад зориулсан бүх багаж, тоног төхөөрөмжийг тухайн хиймэл үеийг оруулж ирж буй компани хангах ёстой байдаг. Хиймэл үе болгон тусгай багаж шаарддаг.
Э.Орхон
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: