Ачилтын компаний тоо өсч иргэдийг шулсаар байна
Нийслэлийн Засаг дарга А/769 тоот захирамж гарган, тусгай зориулалтаар тоноглосон гурван төрлийн ачигч, чирэгч 12 автомашиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдаж авсан.
Э.Бат-Үүл даргын захирамжаар нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамлах захирамж гарсан. Тэрбээр нэгдүгээр эгнээнд машин тавих нь замын бөглөрөл үүсгэж байна хэмээн үзсэнээс ийм шийдэлд хүрсэн. Анх захирамж гарахад жолооч нар зөв хэмээн дэмжиж байсан ч өнөөдрийнх шиг ийм айхтар тулаантай таарна гэж яаж мэдхэв. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд ачилтын 13 компани бий. Уг нь автомашин ачих эрхийг хувийн компаниудад олгож байхад анх гурван компани байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо өссөн. Учир нь хамгийн цэвэрхэн ямар ч алдагдалгүй ашигтай бизнес учраас хүмүүс шуурсан нь тэр. 40-60 сая төгрөгөөр ачигч, чирэгч машинаа аваад дуртай машинаа ачаад явахад нэг машинаас 55000 төгрөг авчихна.
Энэхүү торгуулийн мөнгө 100 хувь ачилт хийсэн компанийн орлого болдог. Уг нь утас руу нь залгана, мессеж явуулна гэж журамд заасан байдаг ч тэрхүү журмыг биелүүлдэггүй. Мэдэхгүй нэгэнд нь хэлэхгүй, анхааруулахгүй, чимээгүй харж байгаад машинаасаа буугаад явахад нь сэмхэн очоод ачаад явах нь холгүй байдаг гэдгийг иргэд шүүмжилдэг.
Дээр нь машин ачиж байгаа байгууллагын ажилчид замын хөдөлгөөний дүрэм огт мэдэхгүй, харилцааны соёл муутай хүмүүс байх жишээтэй. Хориглосон газарт тавьсан автомашиныг ачихаас биш байрны гадна тавьсан машиныг ачиж явах нь дээрмийн үйлдэл бөгөөд зогсож буй машин болгоныг мөнгө хэмээн харж болмооргүй.
Ачилтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол санал их байгаа учраас “Автозамын нэгдүгээр эгнээнд хууль зөрчин байрлуулсан автомашиныг ачиж журамлах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, төслийг батлахаа түр хойшлуулсан байгаа. Энэхүү шинэ журмаар автомашины ачилтын хөлс нэмэгдэж жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох санал гаргасан байна. Мөн өнөөдрийг хүртэл ачилт хийж байгаа аж ахуйн нэгжүүд 100 хувь орлогоо авдаг байсныг болиулж 10 хувийг нь улсад төвлөрүүлдэг болох гэнэ.
Одоо мөрдөж байгаа журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолооч нарыг торгож байгаа бол журамд өөрчлөлт оруулснаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд ачиж, журамлах гэнэ.
Компанийн орлогын тодорхой хувийг улсад төвлөрүүлэх нь зөв ч ачилтын хөлс нь нэмэгдчихээр харин ч иргэдэд дарамт болж буй юм. Энэ нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгчлэн улсад төвлөрүүлэх 10 хувиа ард түмний халааснаас авч байгаатай адил бус уу.
URL: