Нийслэлийн удирдлагуудыг албандаа ”prius 20” унахыг уриаллаа

b08845c4e0b32c045042738ae5e09317Хан-Уулын хөгжлийн төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд нийслэлийн удирдлагуудыг албандаа “Prius 20” автомашин унахыг уриалж мэдээлэл хийлээ. Тэд, нийслэлийн болон дүүргийн удирдлагууд албан ажилдаа өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг автомашин унаж байгааг эсэргүүцэж, “Prius 20” унах шаардлага тавьсан юм. Эдийн засгийн байдал хүндэрч, ард түмэн бүсээ чангалж буй ийм үед нийслэлийн албан тушаалтнууд өнөөдрөөс эхэлж бүсээ чангалах хэрэгтэй хэмээн үзэж буй юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга, түүний зургаан орлогч, ИТХ-ын дарга, хотын ерөнхий менежер гээд арваад хүн албаны автомашин унаж байна. Голдуу “Соната 7”, орчин үеийн 40-50 сая төгрөгийн үнэтэй, шатахуун их зарцуулдаг машин унаж байгаа гэнэ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга 07-07 дугаартай жийп, 04-05 дугаартай зах зээлд зуу гаруй сая төгрөгийн үнэтэй жижиг тэрэг, орлогчид нь 12 литрээс дээш шатахуун зарцуулдаг “Camry”, ИТХ- ын дарга нь “Волксваген” гэх мэт үнэтэй машинууд хэрэглэж байгааг энэ үеэр дуулгалаа. Тиймээс үнэтэй хэрэглээгээ больж, шатахуунаа хэмнэе гэсэн санал санаачилга гаргаж нийслэлийн иргэдээс дэмжлэг хүсч байгаа аж. “Хан-Уулын хөгжлийн төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд зөвхөн шаардах бус хэрэв дээрх үнэтэй автомашины оронд “Prius 20” маркийн автомашин унавал олон тэрбум төгрөгийн төсөв болон шатахууны зардлыг хэмнэх боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Уг судалгааны талаар тус байгууллагын гишүүн Ч.Базарзаяагаас тодрууллаа.

 

-Нийслэлийн удирдлагууд “Prius 20” маркийн автомашин албан ажилдаа унавал олон тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж байна. Энэ талаар тодруулна уу?

 

-Би “Prius 20” маркийн автомашины зах зээлийн ханшийг нийслэлийн удирдлагуудын унаж буй автомашины үнэтэй харьцуулан судалгаа хийсэн. Эдгээр автомашины үнийн зөрүүнээс нийслэлийн удирдлагууд маш өндөр үнэтэй, тансаг хэрэглээтэй юм байна гэсэн дүн гарч байна. Тухайлбал, Төр, захиргааны автобаазын даргын тушаалаар Сүхбаатар дүүрэгт 00-75 УНУ дугаар бүхий “Тoyota Camry” маркийн машиныг 75 сая төгрөгөөр худалдаж авч өгсөн байсан. 75 сая төгрөгөөр нэг машин худалдаж авч байхаар зах зээлийн ханшаар 8-10 сая төгрөгийн “Prius 20” худалдан авч албан хэрэгцээндээ хэрэглэвэл санхүүгийн хэмнэлт гарна гэсэн ерөнхий тойм судалгааг гаргасан. Цаашлаад автомашинуудын шатахуунаас ч хэмнэлт гаргаж болно. Зөвхөн нэг дүүрэгт судалгаа хийж үзэхэд Хан-Уул дүүрэгт Засаг дарга, орлогчид, ИТХ-ын дарга нарын хэрэглэдэг найман машинд жишээ авч ярихад автомашины зах зээлийн ханш нь 610 сая төгрөг болж байна. Харин найман ширхэг “Prius 20” 80 сая төгрөг болно. Ингээд бодохоор 530 сая төгрөгийг зөвхөн автомашинаас хэмнэж болно. Харин шатахуунд жилд 63 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Хэрэв “Prius 20” автомашинтай болбол шатахууны төсөвт жилд хориод сая төгрөгийн шатахуун хэрэглэж, 44 сая төгрөгийг хэмнэх боломжтой юм. Ингэснээр автомашин, шатахуунаас хэмнэсэн хэмнэлт нийлээд тэрбум орчим төгрөг болж байна. Есөн дүүрэг, нийслэлтэйгээ ойролцоогоор 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгаа гарч байгаа юм.

 

-Ямар баримт, мэдээлэлд үндэслэн судалгааг гаргасан бэ?

 

-Надад нийслэлийн Төр, захиргааны автобаазын даргын 2014 оны зургадугаар сарын 30-нд гаргасан тушаал бий. Эндээс харахад тус байгууллагын парк шинэчлэлээр хямдарсан “Hyundai Starex”, “Hyundai Accent” гэх мэт нэр төрлийн 14 автомашиныг 760 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Мөн Төр, захиргааны авто баазын шилэн данснаас авсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийсэн. Тэдний зүгээс зөвхөн нэг дүүргийн машиныг худалдахад 530 сая төгрөгийн орлого олж болно. Тэгэхээр нийт есөн дүүргээс тав орчим тэрбум төгрөг олох боломжтой. Тэгвэл энэ хэмнэсэн мөнгөөр хэчнээн түргэний машин авч, цэцэрлэг, сургууль байгуулах боломжтой болохыг бодолцох хэрэгтэй гэсэн юм.

 

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих