Далай лам: Хүчтэй сэтгэл хөдлөлд бүрэн эзэмдүүлэхээс сэргийлж оюун ухаанаа дасгалжуулах хэрэгтэй


2002 онд хэвлэгдсэн Далай ламын бүтээл, өрнөдийн болон олон улсын сая сая уншигчдын хүртээл “Нээлттэй зүрх” номон дахь сургаалаас:

Өөртөө итгэх итгэл ба бардам зан

Өөртөө итгэх итгэл гэдэг хамгаас чухал. Харин үүнийг яаж хөгжүүлэх вэ? Yүний тулд өөрийн оюун санаандаа бүх хүмүүс адилхан бөгөөд бүгдэд нь ижил чадвар бий гэдгийг хатуу ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ бид, “би үүнийг чадахгүй дээ”, “би амжилтанд хүрэхгүй дээ” гэх мэт гутранги үзэлтэй байх аваас бид өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж чадахгүй. Бусад хүмүүстэй өрсөлдөж чадахгүй гэдэг бодол бол уналтад хүргэх анхны алхам юм. Тийм болохоор хуулийн хүрээнд, бусдад хор хүргэхгүй хэмжээний өрсөлдөөн нь дэвжин дээшлэх зөв арга юм.

Өөртөө итгэх итгэл чухал юм гэдгийг ойлгохын хажуугаар бид их зан, бардам байдал болон өөртөө итгэх итгэл үнэмшил хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд оюун ухаанаа дасгах хэрэгтэй. Хувийн туршлагаасаа хэлэхэд “Би ер нь онцгой юм шиг байна шүү” гэх мэт бардамнах сэтгэл надад төрдөг боловч би тэр үед нь өөртөө

“Би эгэл жирийн хувраг хүн бөгөөд харин хувраг байснаараа надад бурхны номд суралцаж оюун ухаанаа гэгээрүүлэх сайхан боломж байна” гэж өөртөө хэлэхийн хамт, өмнөө байгаа жижиг хорхойг хараад “Энэ бяцхан хорхой өчүүхэн сул дорой амьтан бөгөөд үүнд юуны ч тухай сэтгэн бодох чадвар байхгүй. Мөн бусдын төлөө байх өчүүхэн ч боломж байхгүй. Харин надад ийм сайхан боломж байхад ингэж болчимгүй аашилдаг” гэж өөрийгөө зэмлэдэг.

Заримдаа би хэн нэгэн хүнтэй уулзаад өөрийгөө тэр хүнээс илүү юм байна гэдэг бодол төрөхөд, би тэр хүнээс ямар нэгэн сайн сайхан талыг олж харахыг хичээдэг. Жишээ нь тэр хүн маань сайхан үстэй байж болно.Тэгэхээр би өөртөө “Би одоо аль хэдийнээ халзан өвгөн болжээ. Хэрвээ энэ хүний үсийг минийхтэй харьцуулж үзвэл, энэ хүн надаас хамаагүй илүү байна шүү дээ” хэмээн боддог.

Сэтгэл хөдлөл

Заримдаа бид бүхий л зүйлд итгэл найдваргүй болж, ёс суртахуунаа алдаж, тэр бүү хэл юу ч хийх хүсэлгүй болдог. Хэрвээ та иймэрхүү байдалд орвол, өөртөө амжилтад хүрэх боломж бололцоонуудыг дахин нэг сануулаад үзээрэй.

Таны оюун санаа таны удирдлагаар хэрхэн хурдтай өөрчлөгдөх чадвартай гэдгийг та мэдэрч, удахгүй эдгээр сөрөг бодлуудаасаа бүрмөсөн салж чадах болно. Иймээс уйтгар гуниг, сэтгэлийн шаналалд автвал толгой доторх бодлуудаа зогсоож, байдлыг сайжруулах боломж бололцоо юу байна бодох хэрэгтэй.

Хүний сэтгэл хөдлөл гэдэг маш хүчтэй бөгөөд бид энэхүү сэтгэл хөдлөлдөө дийлдэж, улмаар өөрсдөдөө ихээхэн хор хохирол учруулах үе байдаг. Ийм учраас   хүчтэй сэтгэл хөдлөлд бүрэн эзэмдүүлэхээс сэргийлж, хол байхын тулд өөрийнхөө оюун санааг дасгалжуулах хэрэгтэй. Жишээ нь бид хор шар, уур уцаар, үзэн ядалтад автагдах үедээ “Шарандаа би илүү их хүчтэй, шийдмэг, түргэн шуурхай болж байна.” хэмээн боддог. Гэвч сайн тунгаагаад үзэх юм бол ингэж гарч ирсэн хүч чадал удаан үргэлжлэхгүй нь тодорхой байдаг. Харин энэхүү сөрөг сэтгэл хөдлөлөөр бий болсон энерги нь бидний нөхцөл байдалд бодитойгоор дүгнэлт өгөх саруул ухааныг мохоож байдаг.

Хэрэв хэн нэг хүн танд шударга бусаар хандвал, юуны өмнө үүссэн нөхцөл байдлыг сайн тунгаан бодох хэрэгтэй. Ингээд тэрхүү шударга бус хандлага танд ихээхэн хор хохирол учруулахгүй хэмжээнд байна гэж үзвэл түүнийг дуугүйхэн хүлээгээд ав. Харин маш их сөрөг үр дагавар авчрах тохиолдолд түүнд тохирсон эсрэг алхмыг хэрэглэж болох юм. Хамгийн гол нь таны шийдвэр уур хилэнд биш нөхцөл байдалд тохирсон ухаалаг дүгнэлтэд үндэслэсэн байх ёстой гэдгийг санаарай.

Тэвчээр

Хөрш чинь танд үргэлж төвөг учруулж, түүгээр ч барахгүй таныг үзэн яддаг гэж төсөөлье. Хэрвээ та өөрийгөө хянаж чадалгүй түүнийг хариу үзэн ядаад эхлэх юм бол, таны ходоод муудаж, эрүүл сайхан нойр чинь нойрны эм хэрэглэсэн хиймэл нойроор солигдох болно. Түүгээр ч барахгүй та сүүлдээ нойрны эмнийхээ хэмжээг нэмж, энэ нь таны биеийг хордуулаад зогсохгүй зан аашинд чинь хүртэл нөлөөлж, хуучны найз нөхөд чинь танайд зочлон ирэхээ ч больж юуны магад. Мөн энэхүү сэтгэлийн таагүй байдал таны цагаан үсний тоог олон болгож, нүүрний чинь үрчлээг нэмэгдүүлж яваандаа янз бүрийн замаар таны эрүүл мэндийг муутгах нь дамжиггүй. Таныг ингэж доройтохыг хараад таны хөрш өөрөө ямар ч хохиролгүйгээр таныг ялсандаа үнэхээр сэтгэл нь ханаж түүний хүсэл биелэх болно.

Харин та хөршийнхөө энэхүү тааламжгүй хандлагад анхнаасаа авталгүй урьдын адил баяр хөөртэй, тайван байвал та эрүүл саруул байгаад зогсохгүй урьд өмнөхөөсөө ч илүү олон найз нөхөдтэй болж, амжилт бүтээлээр дүүрэн гялалзах болно. Таныг тийнхүү урьд өмнөхөөсөө ч илүү гялалзаж байгааг хараад хөрш чинь сэтгэл зовж улам л таагүй болох вий. Энэ бол таньд төвөг уддаг хөршдөө хариу барих хамгийн ухаалаг алхам мөн билээ.

Yүнийг би тоглоом шоглоомоор дурьдсангүй. Учир нь надад иймэрхүү хувийн туршлага нэлээд бий. Цөөн хэдэн азгүй тохиолдлыг эс тооцвол, би иймэрхүү нөхцөл байдалд тайван хандаж чаддаг бөгөөд энэ нь ихээхэн ач тустай байдаг юм. Илүү тэвчээртэй хүлээцтэй байх нь сул доройн шинж огт биш харин хүч чадалтайн шинж гэж бодох хэрэгтэй.

Хэрвээ та танд хор хүргэж, мууг чинь үзэхийг хүссэн хувь хүн эсвэл бүлэг хүмүүстэй таарах юм бол, энэ боломжийг өөрийн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх боломж хэмээн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл бидэнд тэсвэр хатуужил тун их хэрэгтэй бөгөөд энэ нь бидэнд ихээхэн ашиг тус авчирдаг. Мөн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх боломж дайсантайгаа тулгарах үед гардаг гэдгийг санаарай. Ийм болохоор бидний дайсан бол бидний багш, дасгалжуулагч минь билээ. Энэ утгаар нь авч үзвэл тэдний бидэнд яаж хандаж буй гэдгээс огт хамааралгүйгээр дайснууд маань бидэнд ихээхэн ашигтай, биднийг ивээгч болж хувирна.

Ер нь амьдралд тохиолдож буй хүнд үеүд бидэнд дотоод хүч чадлаа хөгжүүлж, илүү туршлагатай болох үнэ цэнэтэй боломжуудыг олгодог. Орчин үеийн амар хялбар амьдралд дассан залуу хүмүүс өчүүхэн жаахан бэрхшээлтэй тулгарахаар түүнийгээ маш хэцүүд тооцож, гомдоллож эхэлдэг. Гэвч бидний өвөг дээдсийн даван туулаад ирсэн зовлон бэрхшээлээс заримыг нь үзэх нь танд өөрт чинь хэрэгтэй гэдгийг санаарай.

Орчуулсан Ц.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих