“Хоёр сайн мэдээ байна”
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг
Эрхэм хүндэт хурлын дарга Илкка Канерва,
Эрхэм хүндэт төлөөлөгчид,
Эрхэмсэг хатагтай, ноёдоо,
Одоогоос 40 жилийн өмнө Хелсинки хотноо ЕАБХАБ-ын үндэс суурийг тавих уулзалт болж байсан.
Мөн 25 жилийн өмнө ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейг Парис хотноо байгуулахаар тогтож байжээ.
1990 оны 7 дугаар сард Монгол Улсад анхны ардчилсан олон намын оролцоотой сонгууль болсон юм.
Монгол Улс 1990 оны IX сард анхны байнгын ажиллагаатай Парламентыг байгуулан нээлттэй, ардчилсан бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ.
Бид сайн мэднэ. Дэлхийн 2-р дайны дараа Европ 30 жил үл итгэлцэл зөрчил тэмцлийн дунд оршсон. Үүнээс гарах арга замыг олоход ЕАБХАБ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ үйл явц улмаар дэлхийн хүйтэн дайныг эцэс болгосон.
Монголчууд бид дэлхий ертөнцийг дайн байлдаангүй байгаасай гэж хүсдэг.
Аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдээсэй гэж хүсдэг.
Үүнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг.
Эрхэм хүндэт хурлын даргаа,
Европ тив хөгжил дэвшил, нээлттэй, энх тайванч байдлаараа бусдад үлгэр дууриал үзүүлж ирсэн.
Шуудхан хэлэхэд Украйны нөхцөл байдал Европыг эргээд үл ойлголцол, гүнзгий зөрчил рүү түлхэж магадгүй байна.
Украйны асуудлыг зөрчил тэмцлийн аргаар шийдвэрлэх боломжгүй нь харагдаж байна.
Тэр тусмаа хориг тавих, яриа хэлцлээс татгалзах замаар шийдвэрлэх аргагүй юм.
Монгол Улс юуны түрүүнд Украйнд талууд гал зогсоож, Минскийн энхийн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх замаар асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.
Мөн Ойрхи Дорнод, Хойт Африкт гарч буй галтай асуудлууд, үймээн самуун ч энэ цаг үеийн хүнд сорилт болсоор байна. Үүний шууд үр дагавар болох дүрвэгсдийн асуудал даамжирч байна. Хүн төрөлхтний оршин тогтноход аюул занал учруулж болзошгүй сорилт цөөнгүй байна. Эдгээр нь асуудлыг шинэ өнцгөөс, өргөн хүрээтэй харахыг шаардаж байна.
Хэдий тийм боловч хоёр сайн мэдээ байна.
Нэг. Тулгамдсан ямар ч хүнд сорилтыг шийдэх боломж хүн төрөлхтний гарт байсаар байна. Бидэнд сургамж байна. Шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтууд байна. Энэ эрин үед өсөж бойжин гарч ирж буй tech-savy, нээлттэй, бүтээлч шинэ үе байна.
Хоёр. ЕАБХАБ байна. Зарим сорилт нэг тивийн хүрээнээс хальж гарч байна. Энэ нь тив тивд аюулгүй байдал, хамтын ажиллагааны шинэ, нээлттэй механизм бүрдүүлэхийг шаардаж байна. Үүнд ЕАБХАБ нь нийтлэг яриа хэлэлцээний талбар, тив дамжсан хамтын ажиллагааны шилдэг загвар, хүнд хэцүү асуудалд шийдэл олоход манлайлагч нь байж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Хатагтай ноёдоо,
Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Мөн хүний эрх, эрх чөлөөт байдал, хуулийн засаглал, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх талаар багагүй амжилт олсон. Хүндрэл сорилттой ч тулгарч байна. Манай орон улс хоорондын аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар, бие биеийн дотоод хэрэгт үл оролцож, хүч хэрэглэхгүй шийдвэрлэж болно гэсэн бодлогыг тууштай баримталдаг.
Эдгээр нь Монгол Улс байнга төвийг сахисан, энхийг эрхэмлэгч, нээлттэй орон байх боломж нөхцөлийг бүрэлдүүлж байгаа юм. Энэ даваа гаригт манай засгийн газраас улс орныхоо “байнга төвийг сахих” статусын тухай шийдвэр гаргасан. Олон нийтийн дунд ч хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол Улс өнгөрсөн 25 жилд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааныхаа ололт амжилтыг бататгаж цаашид ч нээлттэй, олон тулгуурт, төвийг сахисан, идэвхтэй, энх тайванч бодлогоо тууштай үргэлжлүүлэхээ дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад дахин уламжилж байгаа нь энэ юм. Үүнтэй давхцан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Намрын хурал манай улсын нийслэлд болж байгаа нь билэгдэлтэй бас ач холбогдолтой юм.
Аливаа орны хууль тогтоогчид бол тухайн их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн юм. Тэр өндөр нэр хүндтэй төлөөллийг бид эх орондоо хүлээж авч байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын энх тайванч төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогыг ойлгон хүлээн авч өргөн дэмжлэг үзүүлэхийг би Та бүхнээс хүсэж байна. Бидэнтэй энэ чиглэлд манай хөрш болон найрсаг харилцаатай бүх улс орнууд, олон улсын байгууллагууд цаашид ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байна.
Монгол Улс энхийн төлөө санал санаачлага, нээлттэй байдал, идэвхтэй байр сууриа улам бэхжүүлж, урьдын адил Та бүхэнтэй бүтээлчээр хамтран ажиллах болно. Энхийн төлөө яриа хэлэлцээнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагааг бид үргэлж “тавтай морил” гэж хэлэх болно. Туулж ирсэн, туулж байгаа бодлого сургамжаа бусадтай хуваалцахад бид баяртай байх болно.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхааран сонссон Та бүхэнд баярлалаа.
Улаанбаатар хот 2015 оны 9 дүгээр сарын 16
URL: