Ц.Тэмүгэ: Хатан сарнай

144236124455f8af9c7c639Би өөрийнхөөрөө дэлгэрэх ялдам сарнай
Би өтлөхдөө ч өнгө үл хувирах хатан сарнай
Би бууж мордохдоо гэрэлтээд одсон монгол бүсгүйн үр
Би үнэний эрэлд бэдэрсэн өр нимгэн хуульчийн охин
Би амьдралын харгуйд мянгантаа бүдрэвч түмэнтээ сэхэх цуцашгүй даяанч
Би хайрын далайд сэлүүргүй хөвсөн ч сөхөрч гундаагүй эрхэмсэг ялгуун
Би уяхан замбуулинд уйлж инээж гуньж баясан өөрийгөө хайн бэдрэгч
Би эрхэмсэг гоог эгэл хүмүүний зүрхнээс эрдэнэ мэт эрэлхийлсэн хайгуулч аа
Би хатан сарнай, хал үзэж хашир суусан ч гэнэн сарнай
Би найргийн тэнгэрт үзгээрээ үгсээ тамгалах мөрөөдлийн шүлэгч
Би өөрийгөө золин үнэн сэтгэлээсээ бусдыг энэрэгч дарь эх ээ
Би өрөөлийн зовлонг өөрийнх шигээ санаж сэмэрсэн бясалгагч
Би ургах нарнаас үдэш анирлатал хөдөлмөрлөсөн эгэл малчны удам
Би өөрийгөө умартан үрсээ тэтгэсэн уужуу сэтгэлт аавын охин
Би үнэг хайчилж сүүл хөхүүлсэн ухаант өвгөдийн үр сад аа
Би өргөст бутнаас үзэмж төгөлдөрийг хайн баясагч
Би дурлалын ханхүүтэй тэнгэрт хуримласан хурмастын гүнж
Би үзэмж гоо үнэр ялдам хайрын сарнай
Би үнэнч хайр, үнэний тэнгэр өөд тэмүүлэх сэтгэл
Би өөрийнхөөрөө дэлгэрэх ялдам сарнай
Би өтлөхдөө ч өнгө үл хувирах хатан сарнай
Ц.Тэмүгэ


URL:

Сэтгэгдэл бичих