Д.Загджав: Би одоо ч ман, махн нэгдэх ёстой гэж боддог хэвээрээ
Монголын Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Д.Загджавтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд сүүлийн үед өрнөж байгаа улс төрд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд байна. АН төр барих үйл хэрэгтээ самгардаж байгаа нь илт байгаа. МАН-ын зургаан сайдыг өөрчилснөөр өнөөдрийн Шийдлийн Засгийн газарт шинэчилж, сайжирсан юм харагдсангүй. Гэхдээ ямар ч гэсэн сайдуудаа сэлгэж томилоод бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Богино хугацаанд, маш шахуу ажиллаж байж өнөөдрийн бэрхшээлтэй байдлыг даваасай гэж найдаж, хүлээх л үлдлээ. МАН ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, төр, улс орноо авч явсан арвин туршлагатай. Манай намын үзэл баримтлал ч нийгмийн хамгаалал буюу олон түмнийхээ эрх ашгийг дээдэлнэ гэсэн зарчимд тулгуурладаг. Гэтэл АН-ын үзэл баримтлал заримдаа тодорхойгүй болчих юм. Нэг бол МАН-тай ижил нийгмийн хамгаалалд анхаарч, ядарсан, зүдэрснээ тэтгэдэг дэмждэг харж, хамгаалдаг юм шиг. Гэтэл АН-ын өөрийнх нь онол нь капиталын нийгмийн байгууламж. Тиймээс үзэл баримтлал, үйл хэрэг нь зөрчилтэй харагдаад байдаг юм. Дээр нь нам дотроо зөрчилтэй. Тэдний энэ их зөрчилдөөн улс орныг туйлдуулж гүйцлээ. Уг нь нам ийм үед эв нэгдлийг сахих ёстой. Эв нэгдлийг хангаж байж өмнөө тавьсан улс төрийн зорилгоо биелүүлнэ гэж боддог.
-Намын эв нэгдэл гэснээс МАН, МАХН хоёрыг нэгдэх ёстой гэж үздэг хүний нэг та. Ер нь энэ хоёр нам дахин нэгдэх талаар ярилцаж байгаа зүйл бий юү?
-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнөхөн МАН өөрөө эв нэгдлийн асуудлыг ярих нь зөв гэж үзэж, манай намын хэсэг нөхөд нэгдэж “Эв нэгдэл, шинэчлэлийн түр хороо” байгуулж байв. МАН, МАХН хоёр үзэл баримтлал нэг, үйл ажиллагаа явуулах зарчим адил. Тиймээс өөр нэртэй болж хагарах нь дэмий. Эхний ээлжид чадвал эвсэл байгуулаад үзье гэдэг зорилгыг түр хорооныхон тавьсан. Хороо богино хугацаанд чамгүй ажил амжуулж, хоёр намын удирдлагуудад эв нэгдлийг эрхэмлэсэн уриалга гардуулсан. Уриалгадаа хоёр намын эв нэгдлийн ач холбогдол, цаашид гарах үр дагавар, улс төр, нийгэмд нөлөөлөх нөлөөллийг нарийвчлан тусгасан. Уриалгаа МАН, МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт гардуулж өгөөд түр хороог татан буулгасан юм.
-Сүүлийн үед таныг МАХН-д орж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна. Та үнэхээр МАХН-д орох гэж байгаа юм уу?
-Наад яриа чинь зөвхөн одоо гарч байгаа юм биш. Өмнө нь ч 2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг УИХ-ын таван гишүүн санаачилж байлаа. Тэр таван гишүүний дөрөв нь МАН-аас гарсан. Түүнээс хойш намайг ийш, тийш нь “явуулаад” л байдаг юм. Харин би анх элссэн нам, хамт тэмцэж явсан нөхөдтэйгөө хамт байгаа. Өөрийнхөө үзэл баримтлал, үерхэл нөхөрлөлөөсөө урвах бодол ч алга.
-Та одоо ч хоёр намыг нэгдэх ёстой гэсэн байр сууриндаа хэвээрээ юү?-Тиймээ, хэвээрээ. МАН, МАХН хоёрыг өөр намууд гэж хэлэх боломжгүй. Бид зохиомлоор хагарчихаад байгаа юм. Үүнд хувь хүмүүсийн харилцаа их нөлөөлж байгаа. Бүр тодруулбал, тухайн үеийн намын удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн харилцан үл ойлголцлоос болсон. Миний хувьд салсан намаа нэгтгэж, сарнисан бодлогоо зангидна гэдэг итгэл, үнэмшил хэвээрээ.
-Одоогийн Сонгуулийн хуулийг өөрчлөхгүйгээр, энэ байдлаараа явбал, парламентад олонх бүрдэж чадахгүй нөхцөл үүсээд байна. Хэрвээ хоёр нам нэгдвэл олонх болж чадна гэж та үзэж байгаа юу?
-Тэгвэл олонх, ингэ- вэл цөөнх болно гэж хэлэхэд эрт байна. 2012 оны өмнөхөн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан нь буруу байсан. Энэ нь төрийн тогтворгүй байдал,түмэн олны сонголтыг үнэ- гүйдүүлсэн. Тухайн үед бид олонх байсан хэрнээ ийм өөрчлөлт хийсэн. Тэр үед ажилласан Сонгуулийн хуулийн зөвшилцлийн аж- лын хэсэг тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж тодорхойлолгүйгээр шийдвэр гаргасан. Үүнээс гадна манай нам хоёр хагарч, хэсэг нөхөд маань намын хуучин нэрийг авсан. Намын үндсэн фронт болж байсан төрийн албан хаагчдыг Төрийн албаны шинэчлэлийн дагуу намын гишүүнчлэлгүй болгож алдсан. Намын нэр зарим зүйлээс болоод сэвтсэн. Ийм хүнд нөхцөл байдал үүссэн үед бид бүх хүчээ нэгтгэсэн бол ялагдаж, улс орон маань ч өнөөдөр ийм уналтад орохгүй байсан. Нам хоёр хуваагдаж, хуучин нэрээ алдсан ч ардын намын бүтэц том хэвээрээ байсан. Үүнийг задлахын тулд УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулах 2008 оны хуулиар нь явуулна гэдэг жүжгийг АН тавьсан юм. Тэр жүжигт манайхан үнэмшиж алдаа гаргасан. Одоо бол Сонгуулийн хуу- лийг өөрчлөхөд цаг хуга- цааны хувьд давчуу. Гэхдээ минийхээр хамгийн сонгодог хувилбар бол жижиг 76 тойрог үр дүнд хүрэх болов уу. Мөн гарч байгаа хуулийн үйлчлэх хугацааг зааж өгөхгүй бол ойр ойрхон өөрчлөгдөж амьдрал нийг- мийн тогтворгүй байдал үүсгээд байна.
-Можаритор хувилбарыг дэмждэг гэсэн үг үү?
-Тийм. Түүнчлэн Монгол Улс парламентын тогтолцоог халж, Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэж би үздэг. Үгүй бол нийгмийн хамгааллыг баримталсан нэг намын тогтолцоо зүгээр. 1990 он хүртэл МАХН улс орныг удирдаж явахдаа хүрсэн амжилт нь хүн төрөлхтний түүхэнд байхааргүй гайхамшиг байсан юм билээ. Тэр үеийн статистик судалгааг үзэхэд нийгмийн амьдралын бүх хүрээнд гайхамшигтай амжилт гаргасан. Бүх сал- бар үсрэнгүй хөгжсөн. Тэр чигээрээ явсан бол Мон- гол Улс өнөөдөр Азийн байтугай дэлхийн бар болчих байлаа. Азид л гэхэд БНХАУ, Вьетнам, Лаос зэрэг нэг намын системтэй хэвээрээ байгаа орнууд 1990 оноос хойш үнэмлэхүй амжилтад хүрсэн байна. Манай улс хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлээд ажиллаж байсан шүү дээ.
-Аж үйлдвэржээд ч байсан шүү дээ.
-Хүнд, хөнгөн аж үйлд- вэрийн бүхэл бүтэн салбар бий болсон байсан. Тэгтэл одоо XXI зууны 15 дугаар онд Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл яриад явж байна. Үнэхээр ичмээр байгаа биз.
-Танд намдаа шүүмжлэлтэй хандах зүйл гарч байна уу?
-МАН-ын удирдлага, УИХ дахь намын бүлгийнхэн маань цөөнхийн үүргээ сайн гүйцэтгэж байгаа. АН засагт урихад нь хамтарч ажиллалаа. Энэ нь иргэд, улс орны эрх ашгийг бодсон шийдвэр байсан. Гэтэл АН урилгаа буцаалаа. Улс орныг удирдаж байгаа нам байтугай хувь хүн урьсан зочноо “Та одоо яв” гэж хөөдөггүй. Гэтэл хаана ч байхгүй үйлдэл хийгээд яваад байгаа юм.
-Урилгаа буцаасан шалтгаан илэрхий байгаа шүү дээ. “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллана. Үүнийхээ шагналд Өршөөлийн хуулийг батлуулах. Энэ бүхний ард МАХН- ын дарга Н.Энхбаярыг эргэж улс төрд оруулах тохироотой гэдэг.
-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН хамтын шийдвэр гаргаад хүлээгээд авчихсан. Аливаа асуудал хоёр талтай. Н.Энхбаяр гэдэг хүний хувьд улс төрд эргэж орох эсэх нь өөрийнх нь улс төрийн эрх. Энэ чинь ардчилсан Монгол Улс. Нэг хүнийг оруулахгүй гэж хана хэрэм босгож болохгүй байх. Н.Энхбаяр дарга намынхаа хуучин нэрийг аваад өөр нам байгуулсан нь л сонин байгаа юм. Уг нь МАХН-ын дарга байхдаа энэ намын нэрийг солино гэж ярьдаг байсан хүний нэг л дээ. Буруу зүйл хийсэн хүнээ уучлах, харж хандах, ойлгуулах анхааруулах зүйл хаана ч байдаг. Загнаад хатуурхаад өнгөрөх зүйл байдаг л биз дээ. Хууль алаг цоог үйлчилж болохгүй. Албан тушаалтан үүргээ гүйцэтгэж явахдаа зарим үед үйлдлээрээ, эс үйлдлээрээ хариуцлага алддаг. Хэн нэгэнд итгээд, хяналт тавих, удирдан зохион байгуулах чиг үүргээ биелүүлээгүйгээсээ болоод хариуцлага хүлээх юм гардаг. Тийм хүмүүсийг өршөөж яагаад болохгүй гэж.
-МАН, МАХН нэгдэх уриалгыг Н.Энхбаяр дарга хэрхэн хүлээж авсан бэ?
-Хоёр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын аль алинд нь хэлсэн. Тэдний хэн нь ч үгүйсгээгүй. Одоо ч намын гишүүдийн дундаас хоёр нам нэгдэх хэрэгтэй гэсэн санал, санаачилга гаргаж байгаа юм байна лээ. Энэ нь амьдралаас урган гарч байгаа шаардлага байх л даа.
-Та одоо Монголын Энх тайван найрамдлын байгууллагыг толгойлж байгаагийн хувьд асуумаар санагдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахисан орон болно гэдгээ Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр мэдэгдлээ. Засгийн газар удахгүй энэ талаар дэлхий дахинд зарлана гэсэн. Төвийг сахих тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Монголын Энх тайван найрамдлын байгууллага гадаад орнуудтай харилцах харилцаанд олон түмний дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Бид их өрөвдөлтэй байдалд байна. Дэлхийн хамгийн хүчирхэг, баян хоёр гүрний дунд оршдог мөртлөө үү нийгээ даваад гуравдагч түнш, хайгаад гүйгээд байдаг. Адаглаад л “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг сайхан үг байдаг. Гэтэл хажууд байгаа хоёр хөршөө давж уулын ард, усны цаанаас түнш хайгаад байхаар хөршүүдэд ямар санагдах бол оо. Монголын Энх тайван найрамдлын байгууллагын хувьд хөрш орны харилцааг сайжруулах, ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, ололт амжилтаа хамтдаа баяжуулж, алдаа дутагдлаа дүгнэж цэгнэж ирээдүйн бодлого зорилтоо хамтдаа тодорхойлж явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Үүнийхээ дагуу хоёр болон гурван талт уулзалтыг ОХУ, БНХАУ- тай олон улсын хамтын уулзалт зохион байгууллаа. Тухайлбал, саяхан өмнөд Сахалинд, Дэлхийн II дайны сургамжтай холбоотой гурван орны хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийлээ. Энэтхэг, Вьетнам, Куба зэрэг АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд бай- гаа орнуудтай холбоотой асуудалд дуу хоолойгоо хүргэсэн. Ер нь дэлхийн олон орон түгшүүртэй байдалд байна. Хамгийн ойрхон хоёр Солонгост л гэхэд зөрчилдөөн үргэлжилсээр байна. Ийм үед Монгол Улс хоёр хөршийнхөө хүчээр тайван амгалан байгаа. Хоёр хөрштэйгөө хүндэтгэлтэй, бодитой, шударга, харилцан итгэлцэж хамтран ажиллаж, амьдрах ёстой. Энэ утгаараа энх тайвныг эрхэмлэж, төвийг сахиж болно. Гэхдээ ойлголцол нэгтэй төвийг сахих байх
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: