Эмийн үйлдвэрлийн стандартад өөрчлөлтийг хийжээ
Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлөөс “Эмийн үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” 5524:2005 улсын стандартын нэмэлт өөрчлөлтийг энэ оны эхээр баталжээ. Дотоодын эмийн үйлдвэрүүд нь манай улсын жилийн нийт хэрэглэгдэж буй эмийн 20 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд эмийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, эмийн үйлдвэрт тавигдах шаардлагыг боловсруулах зайлшгүй шаардлагын улмаас ЭМЯ 2005 онд “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага” 5524:2005 стандартыг боловсруулан батлуулж, мөрдүүлсэн аж. Стандарт хэрэгжиж эхэлсэнээс хойш таван жилийн хугацаанд манай эмийн үйлдвэрүүд энэхүү шаардлагад нийцүүлэхээр чармайлт тавин ажиллаж байгаа бөгөөд 2006, 2007, 2009 онуудад уг стандартын хэрэгжилтэд МХЕГ-аас шалгалт хийсэн. Эмийн үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5524:2005 стандартын хэрэгжилт 2009 онд 82,5 хувь болж 2007 оны улсын дунджаас 09 хувиар өссөн байгаа нь уг стандартыг үйлдвэрүүд хэрэгжүүлэхийн төлөө тодорхой ажил зохиож, үр дүн гарч байгаа нь харагдаж байна. Энэ хугацаанд стандартад зарим өөрчлөлтийг оруулах шаардлага гарсаны улмаас Эрүүл мэндийн сайдын 2010 оны 301 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, МХЕГ, ЗГХА-ЭМГ, ЭМШУИС-ын Эмзүйн сургууль, Эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, МХАҮТ зэрэг байгууллагаас төлөөлөл орсон бөгөөд холбогдох байгууллагуудаас саналыг бичгээр авч тусгасан байна. Стандартад дараах зарчмын өөрчлөлтийг оруулан баталжээ. Үүнд:
-Нэр томъёоны хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн нэр томъёотой уялдуулах болон зарим найруулгыг өөрчлөх,
-Уламжлалт эмийн үйлдвэрийн стандартыг шинээр боловсруулж байгаатай холбогдуулан стандартаас “уламжлалт эмийн үйлдвэрлэл” нэмэлт заалт болон холбогдолтой нэр томъёог хасах,
-Ариун эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага дээр зарим шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх /нянгийн гэж орсоныг “колоний “ гэж өөрчлөн, 1 метр куб агаарт байж болох жижиг хэсэг, колоний тоог өөрчлөх/,
-Эцсийн бүтээгдэхүүний хаяглалт анхдагч, хоёрдогч савлалттай байх гэх зэрэг болно.
URL: