Утга харшилдуулбал урхаг ихдэнэ
Саяхан би нэгэн нийтлэлдээ “Уг нь сэтгүүлзүй, утга зохиол хоёрт садансах шалтгаан байхгүй” хэмээсэн. Тэгтэл нэрээ ил гаргахыг хүсээгүй нэгэн эрхэм “Утга зохиол уранзохиол хоёроо ялгахгүй байж нийтлэл бичих юм даа. Утга зохиол дотор чинь сэтгүүлзүй, уран зохиол, албан бичиг захиа гээд бүхий л төрлийн бичвэрүүд орно шүү дээ” гэсэн шүүмж цахим орчинд үлдээжээ. Түүний түмэн зөв. Бас миний ч зөв. Яагаад?
Яагаадын учир орчуулгандаа байгаа юм. Манайхан дуун хөрвүүлэх эрдмийн эртний уламжлалтай ч дэлхий нийтээр нэг утгаар ойлгодог зарим зүйлсийг анхнаасаа буруу буулгаснаас болоод төөрч будлих нь элбэг байна. Түүний нэг жишээ нь дээр дурдсан хоёулаа зөвийн асуудал юм. Уг нь тов тодорхой зүйл дээр хоёр зөв байх ёсгүй ч энэ тохиолдолд байгаад байгаа юм.
History-of-LiteratureМанайхны “Утга зохиол” гэж ойлгож тайлбарлаж байгаа нэр томъёоны англи эх нь Literature. Оросоор үүнийг мөн л Литература гэдэг. Litera гэдэг нь латин хэлний үсэг гэсэн үг гэж байгаа. Үсэг холбон үг бүтээж бичсэн бүхнийг Literature гэж нэрлэдэг.
Тэгэхээр “Утга зохиол гэдэг дотор сэтгүүлзүй, уран зохиол, албан бичиг захиа гээд бүхий л төрлийн бичвэрүүд орно” гэж шүүмж хэлсэн тэр хүний зөв. Шүүхийн шийдвэр, цагдаагийн тэмдэглэл хүртэл гар бичмэл ч бай, хэвлэмэл ч бай literature мөн. Сэтгүүлчийн аян замын тэмдэглэл, үйл явдлын мэдээ бас literature мөн.
Яагаад гэвэл бүгд л үсэг холбож, үг найруулж бүтээсэн эд. Гэхдээ энэ бол Утга зохиол биш. Утга зохиол, уран зохиол гэдэг нь утга төгөлдөр, урнаар зохиож бичих гэсэн агуулгыг илтгэсэн нэг л ойлголт. Үйл явдал, тухайн үйл явдалд оролцогч баатруудыг бодож олоод уран сайхнаар бичиглэн амилуулдаг зохиомол зүйл.
Дээр дурдагдаад буй literature нь болохоор бүхий л төрлийн бичмэлийн ерөнхий нэр. Бүтээл болохоос зохиол биш. Тиймээс л medical literature, legal literature зэрэг чиглэлийн нэр томъёог утга зохиол гэж орчуулж болохгүй болчихдог. Сэтгүүлзүйг ч бас утга зохиол гэж ойлгож болохгүй. Сэтгүүлзүй нь бодит мэдээ мэдээллийг олон нийтэд боловсруулан түгээх үүрэгтэй.
Зохиогоод эхлэх юм бол сэтгүүлзүй биш болно. Шинжлэх ухааны бүтээлүүд ч ялгаагүй. Зохиогоод эхэлбэл үнэн байхгүй, зөв байхгүй болно. Тийм болохоор literature гэх ойлголтыг утга зохиол гэж орчуулан нэрлэсэн нь өөрөө буруу болжээ. Literature бол ердөө л бүх төрлийн бичмэл. Анхнаасаа энэ ойлголтыг Бичмэл гэж оноогоод буулгачихсан бол сэтгүүлзүй, шинжлэх ухааны бодит мэдээллийг утга зохиол гэж нэрлэхгүй байх байжээ.
Орчуулганд хайнга болгоомжгүй хандах нь энэ мэтээр ойлголтын эндүүрэлд хөтлөж, улмаар ямар ч гажуудалд хүргэж мэднэ. Ялангуяа зах зээлийн эдийн засагт шилжсэн, олон улсын түвшний гэрээ хэлэлцээрт монголчууд идэвхтэй оролцдог болсон үед ойлголтын зөрүүгээс болж алдах хохирох магадлал ихээхэн бий. Аливаа түвшний гэрээ хэлэлцээрийн үг хэллэг, нэр томъёо болгон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл ойлголтыг яг таг илэрхийлдэг байх шаардлага хэрэгцээ нэн их байна.
Үүний тулд монгол орчуулгын уламжлалыг сэргээн хөгжүүлж, дуун хөрвүүлэх урлагийн чанарт ихээхэн анхаармаар санагддаг. Монгол орчуулга уг нь хэдэн мянганы уламжлалтай. Ялангуяа Буддын шашны ном судруудыг орчуулан буулгах, өөрсдөө түвэд хэл дээр бичиж туурвих ажил эрчимжсэн 17-18 дугаар зууны үед монгол орчуулгын онол, зарчим нэн боловсронгуй болсон түүхтэй. Үүний нотолгоо нь олон эрдэмтэн нийлж бүтээсэн “Мэргэд гарахын орон” юм.
Энэ гайхамшигт бүтээлд ”…орчуулагч хэлмэрч нар… ашиг хийгээд алдрыг хүсэх алагчлахуй сэтгэлийг тэвчиж, шудрага оюунаар үг, утгасын хувийг сайтар шинжлээд өөрөө ямар ёсон эс мэдсэнээ мэргэн хэмээн алдаршсан дээд дорд хэнээс ч болов асууж сэжгээ таслаад, тодорхой бөгөөд мэдэхүйеэ хялбар үгсээр утга лугаа үл харшилдуулан орчуулбаас өөр бусдын үндсэн дор сайн чуулганыг арвитган чадмуй” гэж өгүүлснээс нэн тодорхой байна.
Буддын шашны их, бага арван ухааны бүтээлийг монголчилж, мөн түвэд самгарьдаар туурвиж байсан бичгийн мэргэд гүн ухаан, анагаах ухаан, тооны ухаан, аж амьдралын зэрэг асар олон ойлголтыг аль аль хэл рүү оновчтой сайхнаар оноон буулгаж, утга харшилдуулах алдаа гаргахаас ихэд болгоомжилж байснаас өнөөгийн бид суралцууштай. Зарим ойлголт, ухагдахууны оносон монгол нэршлийг тэр үеийн мэргэдийн бүтээл дотроос эрж шүүж, хэрэглэж хэвшүүлмээр санагддаг.
Орос хэлний орчуулагчдын хувьд ч бас бахархалтай зам мөр бий. Бүр 1864 онд Их хүрээнээ орчуулагч хэлмэрчдийн таван жилийн сургалттай сургууль нээгдэж арав гаруй хүн суралцаж байсан мэдээ занги байна. Лав л алдарт гүүш Б.Ренчиний аав нь энэ сургуулийн нэг төгсөгч нь бөгөөд монгол-орос хэлний толь бичиг зохион 1916 онд Эрхүү хотноо хэвлүүлж байсан гэдэг.
Тэрхүү толинд өнөө бидний зочин гэдгийг айлчин, илтгэл гэдгийг айлтгал, гуниг зовлонг энэлэл, торгуулийг анз гэх зэргээр оноосныг хараад аливаа орчуулгад эх хэлнийхээ утга яруу үгсийг сонгохдоо бид чинь өмнөх үеэсээ ихэд ядмаг болоо юу даа гэх бодол төрснийг нуух юун.
Дэлхий ертөнцнээлттэй болж, монгол хүмүүний нүд нээгдэж борви тэнийсэн өнөө цагт манай эрдэмт мэргэд маш олон хэлнээс орчуулж эхэлсэн нь онцгой сайхан хувь ерөөл. Харамсалтай нь үгийн утгыг гүн нягтлахгүй мөчид хуумгай хандсанаас утга харшилдуулах явдал энгийн байдал болсон нь мэдлэгт тэмүүлсэн хүмүүний оюуныг самууруулахад хүргэж байна.
Нэр томъёог хэлэлцэн шүүж нэг мөр болгодог тогтолцоо байхгүй болсон, орчуулгын чанарын шалгуур суларсан, орчуулагчид алдаанаас айхаа больсноос утга харшихын уршиг нэмэгдэж байгааг хаана хаанаа анхаармаар санагдана.
Урианхан Б.Галаарид
URL: