Н.Тайванжаргал: Нутаг гүйсэн хүлэг
Үүрийн гэгээ бүүдийж орчны байдал тодорч эхлэв. Халтар морь хангайн нэгэн сүрлэг уулсын хормойнд түр зуур биеэ амраагаад сэрж байгаа нь энэ байлаа.
Тэрбээр нар буугаагүй хүн амьтан сэлүүхэн дээр нь газар дөхөх нь дээр гэдгийг мэдэж байсан учир уулын хормойгоор ороон цаашаа хөдлөв. Яг одоогоос гурван жилийн өмнө нялх ногоотой хаврын нэгэн шөнө буруу гартны гарт орж ижил сүргээ эх нутгаа орхин бусдын эрхэнд хүний нутаг зорьж байснаа санав.
Яг энэ замаар машины тэвшин дээр хоёр өдөр явж байж нэг газар ирсэн билээ. Тэгэхэд хэдий хавар байсан ч халтар морь онд тарган орсон ба шар үсээ хамгийн түрүүн гээж гөлчигөсөн сорлог үстэй болсон ба хэн ч харсан нүдэнд тусахаар содон байв. Мөн дааган наснаасаа эхлээд сумынхаа наадамд болон бусад сумын наадмуудаас арав гаран айраг түрүү аваад байсан билээ.
Энэ бүхэн нь буруу гартнуудад таалагдаагүй учир ийнхүү хулгайлж алс хол хүний нутагруу зарсан билээ. Авсан хүн нь хүмүүсийн хэлдэгээр “орос” байв. Сумын төв дээр суудаг тэр хааяа халтар морийг унахдаа хэдэн өдрөөр архидан өл хоолгүй уядаг байв .Эмээл гэж даавуу, төмөр утас, хаймар, ремин ,янз бүрийн юмаар эвлүүлсэн хөсрий мод шиг янгирцагаа нуруунаас авдаггүй байлаа.
Тэр өвөл арай гэж нэг юм онд орсон боловч хавар нь эзэн нь нэгэн морин тэрэгчинд зарж орхив .Ийнхүү тэнгэрийн амьтан хог шороо ус түлш зөөдөг хүнд хэцүү ажил зүтгэх болов .Урьд эзнээ бодоход арай гайгүй мал мэддэг хүн таарсан бөгөөд түүнийг тарга тэвээрэг авахад нэлээд анхаардаг байв.Гэсэн ч өдөржин уулнаас мод ачиж том том савтай ус ачиж мөн янз бүрийн эхүүн үнэртэй хог новш ачих нь үнэхээр хүнд байлаа.халтар морь энэ хүнд хэцүү ажилд нухлагдсан ч ямар ч ааш зангүй урьдын адил хүний нүдэнд тусахаар байлаа.
Тэрэгчинтэй янз бүрийн ажил зүтгэсээр нэг мэдэхэд л жил болсон байлаа.Тэгж байтал тэр сумын томоохон баяр болж халтар морины ажил улам ихдэв тэрээр баярын гэрүүдээр түлш тарааж ус ойртуулж айраг цагаа зардаг байлаа . Баярын хоёр дахь өдөр эзэн нь хэдэн нөхдүүдтэй баяр тэмдэглэн хөлчүүрхэж халтар морийг тархи толгойгүй ороолгож яваад нэгэн үнтэтэй jeep машиныг шүргэчихэв .Машины нүүрэн тал сүрхий их гэмтсэн учир эзэн нь нэлээд чанга хандав
Ингээд бөөн асуудал болж шүүх цагдаа дээрээ тулж тэрэгчин буруудаж эрүүлжүүлэхэд 24 цаг суугаад гарсан ч асар том өрөнд унав .Угийн ядмаг амьдралтай байсан учир төлөх мөнгө байхгүй тул машины эзэн нь өрөндөө морий чинь авна гэхэд үгүй гэж хэлж чадсангүй . Ийнхүү халтар морь дахин эзнээ сольж хотыг зорихоор болсон ба шинэ эзэн нь энэ баярт хэдэн морьтой ирсэн боловч морьд нь гавьтай давхисангүй.Хотын нэгэн ойрхон суманд морьдоо буулгаж халтар морийг малчиндаа хүлээлгэж өглөө.Хэдий долоон сарын дунд үе гэсэн халтар морь тарга тэвээрэг муухан л байлаа.
Шинэ эзний малчных 5-12 насны дөрвөн бандитай учир халтар морийг хонинд л хүүхдүүд нь унадаг байв. Хэдийгээр тэрэгчин шиг хүнд ажилд зүтгүүлэхгүй ч хүүхдүүд болсон хойно байнга уралдаж хаашаа л явна хар хурдаар нь давхидаг байлаа. Удалгүй тэр нутагт нэгэн баярын зар тарж хотоос эзэн нь ирж морьдоо уях болов.
Шинэ эзний малчны отгон хүү 5 настай банди халтар морийг унан ойр зуур хонь мал эргүүлдэг байв.Хүүд ч халтар морь амархан дассан ба хаа сайгүй л салхи шиг хөнгөн амьтан дээр дарцаглаж давхидаг байв .Шинэ эзэн нэг хүнээс азарган үрээ авахаар болж халтар морийг наймаанд орлцуулахаар болсон малчны отгон хүү уйлж
-Би халтар морио өгөхгүй хэмээсэнд малчин өөрийн нэртэй нэгэн адууг оронд нь өгч халтар морийг авч үлдэв .Ахиад л нэг шинэ эзэнд очихоос аврагдсан ч 5 настай шинэ эзэнтэй болов.Хүү ч өдөр бүр хурдан морины үсэргээг дагаж давхих боллоо.Аав нь хүүдээ
-Миний хүү нас болгоныг биш зөвхөн их настай л уралд хэмээв .Учир нь эцэг нь хүүгээ хурданы морь унаж сурга гэж бодсондоо хүүгээ үсэргээний морьдтой уралдахыг зөвшөөрдөг байв . Эхний удаад халтар морь дундуур ирдэг байсан ч удалгүй хэд хоногоос байнга түрүүлэх болсонд эзэнд нь бусад уяачид
-Чи энэ халтар морио уяад үзээч гэж зөвлөх болов.
Эзэн нь ч үүнийг зөвшөөрч бусад морьдын адил уях болов .Үүнээс 3 хоногийн дараа их сунгаа болж их насанд 70 д морьд уралдснаас халтар морь хол тасархай түрүүлж олны анхаарлыг татаад зогссонгүй отгон хүү баярт түрүүлсэн юм шиг баярлаж байв.Эзэн нь халтар морийг түрүүнд нь уягдаж байсан морь гэдгийг мэдэв учир нь саяын сунгаанд хүү халтар морийг биш халтар морь өөрөө өөрийгөө авч хэрхэн уралдаж байгааг хараад ийнхүү бодов.Товлосон наадмын өдөр ч боллоо Эхний өдөр азарга бага нас уралдаж эзнийх морьд гавьтай давхисангүй дундуур шиг л давхицгаалаа .Энэ баяр бол нэлээд том баяр болж байгаа бололтой нас насанд нь зуу гаран морьд уралдаж байв .Хоёрдахь өдөр болж их нас уралдахаар болж морьдоо мордуулахад эзэн нь отгон хүүгээ балчирдана хэмээж арай туршлагатай хэмээн 9 настай ахаар унуулахаар болсонд
- Би унана хэмээн отгон хүү уйлж тэр хавьдаа хөөрхөн дайн дэгдээх шахав
-Энэ олон морин дунд миний хүү чадахгүй гэж ээж аав хоёр хичнээн учирласан ч отгон хүү зүтгэсээр унахаар болов .
. Нийтдээ хоёр зуу гаран их нас мордсон ба эзэн нь өөр хүний морь унаж байгаа ахыг нь дагуулан отгон хүүгээ мордуулсан билээ .Морьд ч барианаас эргэлээ.Ах дүү хоёр захаар нь гарсан ба үхрийн эвэр шиг хоёр үзүүр гаран морьдны зул задарч эхлэв.Халтар морь ч нэг үзүүрийг нь өнгөлөн давхилаа .Нуруун дээр жаахан хүүгийн гүүглэх шингэн дуу сонсогдож талын бүлээн салхи чихэнд шуугин хөл доор нь элс хайрга бутарч халтар морь улам тасран гарлаа .
-Дарж яваарай хэмээн хойноос хүүгийн ах хашгирч байв .
-За за хэмээн хүү хариулаад дэлэн дээр нь жолоогоо авчран дарав
Хэдий хэр давхисаныг бүү мэд хойно л ямар ч байсан хойно нь морин төвөргөөн сонсогдохоо байсан байв . Урд нь чиглүүлэгч машины туг дэрвэн цагаан тоос тэнгэрт хөөрч гагцхүү өөрөө өөрийнхө туурайн чимээг л сонсож байлаа .Нэг бага шиг хөтлийн үзүүрээд даван гарч ирвэл бариа холгүй харагдлаа .Нэгэнт ойрхон морь байхгүй учир нэгэн хэвийн хурдаа хадгалан давхиж байв.Бариа ойртох тусам тэнгэр дээр давхиж байгаа мэт сэтгэдэл төрөн наадамчин олон түрхэрч халтар морь нөөж байсан хурдаа энэ л зайд гаргахаа мэдсэн учир нэг доошоо зугуухан дарж хүүгийн гараас жолоогоо султгаад л энэ л газар гараанаас гарсан морь шиг үнэнхүү хурдыг үзүүлэн тарлахад морь бариач угтан гарч ирсэн ч гүйцсэнгүй наадамчин олон дундуур зүсэн орлоо.
Халтар морь ийнхүү бүсийн хэмжээний том баярт түрүүлж эзэндээ 10сая төгрөг авчирч энэ гэр бүлийг аз жаргалд умбуулав .Тэр өвлөө цагаан сарын нэгэн баярт түрүүлж хаврын нээлтийн нэгэн баяр бас түрүүлж олон даяар танил болов. Гагцхүү халтар моринд нэг л юм үгүйлэгдэж байгаа нь тал хээр нутгийнхаа үнэр тансаг агь ганга тунгалаг цэнхэр нуур ижил сүргээ үгүйлсэн хэвээр байлаа.Тэр нутагт хавар жаахан оройтсон ч өвөл нь тэжээлтэй байсан учир тэнхээ тамир сайн байлаа
Нутаг гүйхийг хүлээн байсаар нэг л сартай шөнө нутгийн зүг гүйв . Даруй гүйсээр арав гаран хоносон бөгөөд нэгэн модтой уулсын хормойд хоноод хөдөлж байгааг дээр өгүүлсэн билээ . Ер нь ихэвчлэн шөнө хагаслаж гүйж байгаа билээ . Өдрийн халуунаар мод болон гуу жалганд бүгэж байгаад оройн бүрийгээр газар дөхдөг байв.Нэг бороотой өдөр өнжих шаардлага байхгүй тул модны цоорхойд явж байтал баахан нохой шуугин түүн дээр ирэхэд өшиглөхий нь өшиглаж хазахы нь хазсаар явтал хойноос нь урт уурга барьсан гурав дөрвөн морьтой хүмүүс гарч ирэн хойноос нь давхилдвал халтар морь давхисаар модноос гартал их тал өмнөөс угтаж зөөлөн салхи үлээж байлаа .Нөгөө морьтонгууд ч аль хэдийн хойно хоцорсон байлаа
Хөндийг уруудан явж байтал хойно бөөн дуу гарахыг сонсон эргэн харвал гурван мотоцкельтой хүмүүс ирж байлаа .Бүгд л уурга бугуйл болсон улс байв.Урдуур нь эргүүлж буцаахыг оролдсон боловч Халтар морь дайран гарав Хойноос нь чагнаалдан дөхөж ирэв . Уурга хүрэх газар ойртуулж болохгүй байсан учир хурд мэдэн зугтавч нэгэнг газрын бартаа байхгүй цагаан тал учраас яаж ч зугтаад дорхиноо л хойноос гүйцэж ирээд байв .Хэдий яаж ийгээд зугтсан ч аргагүй эрхэнд ийнхүү бусдын гарт оров .Тууврын зам болон олон хөлийн газар дагаж ашиг хөөгөөд амташсан шуналтангууд халтар морийг барин авч хөл хөөрцөг болон
-Чи үүнийг яаж олж харваа
-Ямар их зугтаадаг сэдрэг вэ
-Баруун зүгийн л адуу бололтой
-Бэлэн хоол юм биш үү
-Бас ч гайгүй тарган юм байна ш дээ гэж
-Одоо үүнийг яахав
-Замын гуанзанууд авах болов уу
- Даруй янзалахгүй бол хойноос нь эзэн нь ирж магадгүй гэж ярилцаж байгаад нэг нь зайдан унасаар нэгэн хот айлын гадаа ирэв .Үдэш нь уулын модны цоорхойд аваачиж маш бөх хатуу реминээр хэд хоног аргамжиж байгаад нэг шөнө машины гэрэл тусгаж байгаад амий нь таслаж толгой дөрвөн мөчнөөс нь бусдыг нь аван одов.
Бидний өвөг дээдэс нутаг гүйж яваа хүлэгт саад болохыг хамгийн их нүгэл гэж үздэг байсан ба тэр ч байтугай чоно ч гэсэн саад болдоггүй гэж ярьдаг байсан билээ.
URL: