14-р сургууль хэзээ ашиглалтад орох вэ, хугацаа алдсаар сургалтын чанар муудчихлаа
Хо -Ши- Миний нэрэмжит 14-р сургуулийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12дугаар сарын 06-ны өдрийн 02-07-78/418 дугаар акт тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. Гэтэл өнөөдрийн байдлаар тус сургуулийг барих нь байтугай нураах үйл ажиллагаа ч явагдаж эхлээгүй байгаад бухимдсан сургуулийн захиргаа болон эцэг эхийн зөвлөлүүд хэвлэлийн бага хурал хийж БСШУЯ болон Нийслэлийн Боловсролын Газарт шаардлага хүргүүллээ. Тус сургууль нь өөрийн хичээлийн байрандаа сургалтын үйл ажиллагаа явуулж чадахгүй болоод бараг 3 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд багш сурагчид болон эцэг эхчүүдэд ихээхэн хүндрэл гараад байгаа юм байна.
Тухайлбал: Долоо хоногт хоёр удаа ордог байсан биеийн тамирын хичээл 14 хоногт нэг цаг орж мөн англи болон орос хэлээр хуваагдаж ордог хичээлүүд тусдаа орох боломжгүй болж байгалийн ухааны хичээл болон хөдөлмөрийн хичээлүүд орхигдсон байна. Дан ганц 14-р сургуулийн сурагчдын хичээллэх орчин нөхцөлд хүндрэл учрахаас гадна өөрсдийн сургууль даа байрлуулж байгаа 44, 53, 92-р сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа талаар багш сурагчид болон эцэг эхчүүд гомдолтой буйгаа илэрхийллээ. Өдрийн хоёр ээлжээр ордог байсан сургууль өдрийн гурван ээлжээр орж байгаа нь хүүхдээ зөөдөг эцэг эхчүүдэд хүндээр нөлөөлж байгаа юм байна.
Өглөө 8:00цагаас орой 8:00цаг хүртэл ээлжээр орж хэтэрхий орой тарж байгаа нь бага насны хүүхдүүд оройн цагаар явж байгаад гэмт халдлагад өртөх орчин нөхцөлийг бүрдүүлж байна гэж тэд үзэж байна. Сургалтын орчин нөхцөл муудсантай холбоотойгоор 14-р сургуулиас нийт 300 гаруй хүүхэд шилжиж явсан байна. Ангийн хурал гадаа явагдаж өвөлдөө сургуулийн коридорт хийгдэж байгаа гэнэ.
Ингээд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 14-р сургуулийн 4Б ангийн багш Ц.Нэргүйтэй цөөн хором ярилцлаа.
-Танай сургууль өөр сургуульд хичээллэх болсноор танай ангид ямар хүндрэл гарч байна вэ?
-Манай ангийн хувьд ангийн хурал хийх боломж нөхцөл бүрдэхээ больсон. Дулааны улиралд хэдэн хүүхдүүдээ аваад гадаа хурал хийнэ. Өвөлдөө сургуулийн коридорт хурлаа хийдэг. Мөн ангид цэвэрлэгээ хийх агаар сэлгэх боломж бүрдэхгүй байгаа учраас хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байна. Сургалтын гол хүчин зүйл нь давтлага байдаг. Ангид давтлага өгөх боломж бүрдэхгүй байгаа учраас хүүхдүүдийн сурлагад ч бас нөлөөлж байна.
-Танай анги хэдэн ээлжээр хичээллэж байна.
- Манай анги л гэхэд 3 ээлжээр хичээллэдэг бусад ангиуд ч мөн адил. Хичээл тараад сүүлийн хүүхэд гарч амжаагүй байхад дараагийн хичээллэх анги орж ирдэг. Уг нь жижүүр багш ээлжээрээ гурван долоо хоногт нэг удаа гардаг байсан бол өнөөдрийн байдлаар долоо хоногт нэг удаа жижүүрлэж байна. Ийнхүү айл айлаар хэсүүчилж байгаа 14-р сургуулийн багш сурагчид хэдэн жилийн дараа өөрийн сургууль даа хичээллэхээ мэдэхгүй харанхуйгаар явж байна. Хаана ямар газар нь сургуулийг нурааж, ямар компани нь барих талаар ойлголтгүй байгаа сургуулийн удирдлагууд албан бичиг бичээд тогтсон нэг хүнтэй харьцаж чадахгүй байгаа нь засаг төр байнга өөрчлөгдөж байгаатай холбоотой гэлээ. Өнөөдрийн өргөн барьсан хугацаатай шаардлагын хариуг цаг хугацаанд нь шийдвэрлэж өгөхгүй бол ажил хаялт зарлах тухайгаа дуулгаж байна.
Оллоо.мн
URL: