Э.Очирсайхан: Ромын их театрын тайзнаа дуулсандаа баяртай байна

Италийн Ром хотноо тоглосон “Үнсгэлжин” дуурьт амжилттай дуулсан залуу уран бүтээлч Э.Очирсайхантай ярилцлаа.

1hf23ghf3ghfg1hffg-Уншигчид таныг “Univerce best songs-2015” уралдааны шилдэг оролцогч, дуурийн дуучин гэдгээр нь мэднэ. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Би энэ жил Хөгжим, бүжгийн коллежийг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Үнэнхүү багшийн удирдлага дор дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажилд  орохоор шалгалт өгөх гэж байна.

-Тэгэхээр анхны тайз тань Ромын театр байх нь ээ?

-Тийм ээ. Ромын их театрын тайзнаа дуулсандаа баяртай байна. Дуурийн өлгий нутгийн театрт дуулна гэдэг над шиг дөнгөж сургуулиа төгссөн залуу уран бүтээлчид олдохгүй боломж. Мөн Италид 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад сурч, белканто арга барил, итали хэлний дуудлагаа сайжрууллаа.

-Сургуулиа дөнгөж төгссөн “будаг нь ханхалсан” дуучинд Италид дуулах боломж хэрхэн тохиов?

-Манай Хөгжим, бүжгийн сур- гуулийн төгөлдөр хуурын багш, Ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан агсны охин Ж.Ариунаа эгч “Италид дуурьт дуулах уран бүтээлчийн шалгаруулалт болно гэнэ. Чи шалгуулаад үзээч” гэж зөвлөсний дагуу шалгаруулалтад оролцож “Үнсгэлжин” дуурийн ханхүүгийн туслахын дүрд тэнцсэн.

-Хэчнээн уран бүтээлчтэй өрсөлдөж энэ дүрд тэнцэв. Дүрийнхээ онцлогийн талаар сонирхуулна уу?

-Миний дүрд Монголоос гадна гурван орны дуучин өрсөлдсөн. Энэ төслийг санаачилсан С.Аяана эгчийн зорилго нь залуу уран бүтээлчийг дэмжих, шинэ дуучдыг дуурийн дүрд сонгох байсан. Иймээс намайг туршлагагүй гэж голоогүй байх. Надтай өрсөлдсөн уран бүтээлчид үнэхээр мундаг дуучид байлаа. Дуурийн дүрийн хамгийн гол шалгаруулалт нь жүжиглэлт. Манай дуучдын хоолойны чадал, дуулах арга барил, жүжиглэлт бусдаас илүү гэсэн үнэлэлт шүүгчдээс авсан. Миний дүр бол ханхүүгийн шадар туслах, сайхан сэтгэлт залуугийн дүр бий. Үнсгэлжинг хойд эх нь нуусныг олж, ханхүүд мэдэгддэг дуурийнхаа нэгэн шигтгээ болсон дүр юм.

-“Үнсгэлжин” дуурийн улаан хивсний ёслолд гадаадын алдартай зочид, нэртэй дуурийн дуучид оролцсон гэж сонссон юм байна?

-Дуурийн нээлтэд Европын олон язгууртан оролцсон. Испанийн нэрт дуучин Игнацио Приэто, ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова, Италийн дуучид Карло Альберто Жиоя, Бруна Бэнцивэнга, алдарт удирдаач Маэстро Стэпхэн Крамэр болон Ла скала театрын дуучин Жианни Баваглио нар хүрэлцэн ирсэн.

-Таниас гадна Монголын гурван дуучин “Үнсгэлжин” дуурьт дуулсан. Энэ талаар тодруулна уу?

-Дуурийн гол дүрийг дуучин С.Аяана бүтээсэн. Мөн Европт ажиллаж амьдардаг Б.Мягмарсүрэн эгч, дуучин Ж.Чингис нар дуулсан.

-Россинийн “Үнсгэлжин” дуурийг манай театрын тайзнаа тавьдаггүй учраас дуурийн цомнол, үйл явдлыг монголчууд тэр бүр мэдэхгүй. Ер нь дуурийн үйл явдал үлгэртэйгээ адил уу?

-Дуурийн үйл явдал бидний мэдэх үлгэрээс арай ондоо. Цомнол нь дуурьт зориулж бичсэн учраас үлгэрт гардаг үйл явдал, утга санаа нь арай өөрөөр өрнөдөг. Сонирхуулахад энэ дуурийг манай театрын үзвэрийн санд ирэх оноос багтаах талаар ярилцаж байгаа.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих