Зовлонгийн хэмжээс

…Сүнсний ертөнцөөс хүний ертөнцөд хувь тохиож, эхийн хэвлийд бүрэлдэж буй урагт амь болон очихдоо тэр цав цагаахан, бас ариухан байдаг. Магадгүй урд насны үйл лайгаа эдэлж дуусан, жаргал зовлонгийн дэнсээ дэнслүүлж ариусасных буйз. Эхийн хэвлий дулаахан, бас ариухан болохоор тэрээр амар амгалангийн орчилд тайван оршино. Хүйгээрээ холбогдсон тэр л эхийн ааш араншингаас удахгүй мэндэлж очих ертөнцийн анирыг мэдэрч, хайр энхрийлэлд нь зөөлөрч, заримдаа гаргах догшин ширүүн уур хилэнд тэвдэн дагждаг байх.
Гэхдээ л түүнийгюу хүлээж байгааг мэдэхгүй. Эхийн умайнаас толгойгоо гарган зовлон жаргал холилдсон энэ ертөнцийн гаж үнэрийг мэдрэхдээ гэнэт тэвдэн айж, уйлж бархирна. “Яагаад намайг зовлон дүүрсэн энэ ертөнцөд аваад ирээ вэ?” хэмээн гомдож,  тэр л зовлонгоос өөрийгөө холдуулах гэж гараа сарвалзуулан, нүдээ нээхээс ч айж бачимдаж түүнийгээ арчаагүйгээр урсах нулимсаараа бидэнд учирладаг байх. Эхийн умайнаас унаж энэ ертөнцийг мэдрэхдээ тэд яагаад баярлан инээдэггүй, харин айж уйлдаг тухай бид эргэцүүлж бодсон бил үү?
Тэр л ариусаж гэгээрсэн цав цагаахан бодьгалд энэ ертөнцөд бидний бий болгосон их зовлон тарчлаан “үнэртэж”, бас элдэв дүрсээр тэдэнд мэдрэгддэг буйз.
Айж бачимдсан нүв нүцгэн түүнийг тасарсан хүйн хэлхээс ээж нь аргадан энхрийлж, дулаахан энгэртээ тэвэрч “үр минь бүү ай, бүү ай, бүү ай” хэмээн сэтгэлийнхээ гүнээс хайр үерлүүлэн дуулж аргадана. Өмөлзөж тэмтчих ам руу нь сэрийж ивэлсэн хөхнийхээ толгойг ойртуулахад цав цагаан сүүг амтархан амалж тайтгарна, магад түүн рүү урсах хайр учирлалыг амталдаг байж болох.
“Яах гэж намайг энэ зовлонгийн ертөнцөд авчраа вэ?” хэмээн айж тэвдсэн бачимдлыг эхийнх нь “бүү ай, бүү ай, бүү ай, үр минь” хэмээн уянгалуулан дуулсан гайхамшигт аялгуу тайвшруулна. Үр тайтгарч, өөрийн хувь тавилантайгаа эвлэрдэг. Түүний ганц өмөг түшиг нь хүйн холбоотой ээжий. Түүнийг цаг үргэлж тайтгаруулж тайвшруулдаг шидэт эм нь эхийнх нь хөхнөөс хайртай нь хамтад урсах сүү. Хүүхэд 3 нас хүртлээ өөрийнхөө ертөнцдөө байдаг гэдэг. Өөрт нь ойртон ирэх муу хүнээс айж зугатан уйлна, сайн хүн рүү инээд алдан тэврүүлэх гэж очно.
“Ид шид” -ийн юм шиг хэрнээ мэдрэмжтэй араншин түүнээс гарахад хүмүүс гайхах авч, өхөөрдөн эрхлүүлнэ. Энэ дэлхийн аз жаргалыг мэдэрч буй өөрийн дотоод
ертөнцөөрөө байх энэ л насанд тэднийг гомдоож бухимдуулалгүйгээр “хаан” шиг байлгах учиртай хэмээн дорнын гүн ухаан сургадаг юм билээ.
“Хаан” шиг наснаасаа хойш л тэрээр зовлонг мэдэрч эхэлдэг. Хүмүүс түүнийг загнаж, хүүхдүүд түүнийг шоглож, дургүй зүйлд нь хүчээр “дурлуулж”, хүсээгүй болгоныг нь хийлгэх гэж албадаж.
“Өдий том болчихоод!” гэдэг албадлага түүнийг гэгээн ертөнцөөс нь холдуулан энэ ертөнцийн муу муухай руу хүсэл бодлыг нь харгалзахгүйгээр хүчирхийлэн оруулж байгаа хэрэг. Ээжий аав нь түүний дэргэд “хэрэлдэн хараалцаж”, багш нь түүнийг “даалгавраа хийсэнгүй” бас өөрийнх нь заасан зүйлийг тоть шиг давтан хэлсэнгүй гэж “муу” дүн тавьж, үеийнх нь хүүхдүүд түүнийг шоолж инээлдэн заримдаа доромжлон зодож, хэн нэгэн түүнийг хуурч мэхэлж, өөрийнх нь дургүй байлаа ч “муу үйл” хийхэд түүнийг хүчээр сургадаг.
Тал засахдаа бусадтай “уун согтуурч” бас онгирч сагсуурч, ганцаардахдаа уйтгарлан гуниглаж, хайртай учрахдаа баярлан догдолж заримдаа “тэнэглэж”, өөрийгөө бусдаас “мундаг” хэмээн бардамнаж өрөөл бусдыг доогуур үнэлэн дээрэлхэж, зорьж ирсэн энэ л ертөнцийг “мөнх” юм шиг эндүүрч, зовлонгоо жаргал юм шиг андуурч, жаргалаа зовлон болгон хувиргаж өөрөө түүндээ шаналж зовох үе зөндөө. Энэ амьдрал тийм л хэмнэлтэй. Тэр үүнд уусч дахиад л зовлонгоо дараа нь өөрөө үүрэх лайгаа бий болгоно.
Хамтаараа байгуулсан нийгэм нь түүнийг өөрийнхөө “боол” болгон ханаж цадахгүй “шунал, тачаал”-ын далайд түүнийг живуулнэ. Хэн нэгэнтэй “барьцаж” өөрийг нь зовоолгоно. Дурлаад ч барахгүй олон бүсгүйчүүдийн гомдлын нулимсанд өөрөө живнэ, эдлээд ч барахгүй хөрөнгийн шуналд үнэ цэнээ урсгана, хэзээ  нэгэн цагт хэн нэгний зохиосон цаасан мөнгөний өмнө өвдөг сөгдөн борхирч дараа насандаа  цайруулаад ч барахгүй зовлонгоо өөртөө хураана.
Энэ насны амьдралаа “мөнх”-ийн юм шиг санаж шунан тачаадна. Эргээд төрөхгүй юм шиг өнөөдрийн амьдралдаа хуй салхи шиг эргэлдэнэ, эдлээд барахгүй юм шиг хөрөнгө мөнгө дунд эргүүтнэ. Сайхан төрсөн бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээ “үнэ хүргэн” худалдана, түүнээсээ хэзээ ч амьдралын жаргал, амьдын таашаал амсах нь үгүй. Үнэ цэнэгүй гоо үзэсгэлэн, шунаж тачаадсан харцуудын хорлол.
Тэнэг төрсөн эрчүүд өөрийн чадлаа бусдад худалдан зулгуйдаж амьдарна, тэрнээсээ хэзээ ч сэтгэлийн бардамнал амсах нь үгүй. Арчаагүй мунхаг урвалт, үнэ цэнээ худалдсан арилжаа. Бид заримдаа энэ амьдралыг хараах гэвч, зовлонгийн учир шалтгаанаа өөрөө буй болгож байгаагаа анзаардаггүй. “Үйлийн үр”, зовлонгийн учир шалтгаан нь өөр хэн ч биш бид өөрсдөө юм шүү дээ.
Чамайг төрж ахуйд  нахиалж байсан модод хэвээр үлдэхэд, чамайг төрүүлээд “Бүү ай, бүү ай, бүү ай” хэмээн аргадаж байсан ээжий тань үгүй болоход бид зовлонгоо өөрсдөө бий болгон, зовлонгийн далай болсон энэ ертөнцөд бадарчилж л явдаг. Ухаан гэдэг нь энэ л зовлон жаргалын тэнцүүр юм, ухаарал гэдэг зовлон жаргалын хэмжээс юм. Энэ ертөнцөд сая сая гэгээн ариухан сүнснүүд амилж байхад, амьдарч болох гэгээн ертөнцийг нь ариусаж болох цагаан мөрийг нь бузарлаж яахин болох.
Жамаа дагаад авсанд орохдоо хүмүүний төрх амгалан болж үл мэдэг инээмсэглэдэг гэнэ, магад зовлонгийн ертөнцөөс салж одсондоо тайтгардаг байж болох. МИНИЙ  ҮРГЭЛЖЛЭЛ ҮРС МИНЬ ҮЛДЭХ ЭНЭ ЕРТӨНЦӨД ЖААХАН Ч БОЛОВ УХААНТАЙ БАЙХ САН ДАА. НАМАЙГ ТӨРҮҮЛЖ , АРГАДАЖ ӨСГӨСӨН ЭЭЖИЙ ААВДАА ТАЛАРХАЖ МӨРГӨХСӨН ДӨӨ. Чи үгүй болоход энэ ертөнц хэв хэвээрээ, шувууд нь тэнгэртээ дүүлэн нисч түмэн өнгөөр жиргэн, модод нь  газрын хөрсийг ярган ургаж буман өнгөөр навчис нь хувирч, урсгал голууд нь жирвэлзэнхэн мяралзаж сая сая жилийн түүхийн гэрч хатуу чулуудыг мөлийлгөн зөөлрүүлж, бидний бүтээсэн
шунал тачаал зовлон жаргалын дунд сая сая хүмүүс урсч үйл лайгаа үүрч л явна.
Гэхдээ амьдрал гэдэг даан ч сайхан даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

URL:

Сэтгэгдэл бичих