Маргаашнаас айл, өрхүүдийн дулааныг өгнө

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлууд дууссан, маргаашнаас айл өрхүүдийн дулааныг өгч эхлэх юм байна. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.

Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйтөлөвлөгөөний дагуу явагдаж байгаа талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав хэлсэн юм.

Амгалангийн станц энэ сараас эхлэн туршилтаар ажиллаж байгаа бөгөөд нийт дулааны станц дээр байгаа ачааллыг Амгаланд станцтай холбох боломжтой талаар албаныхан хэлээд байгаа юм.

Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл, IV цахилгаан станцын123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж,  хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн уулзвараас хойшоо гэр хороолол руу дулааны шугам тавьсан байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороо цэвэр, бохир усанд холбогдох боломжтой болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих