Лондон хотын эмгэнэлт түүх ба Цэвэр агаарын тухай хууль

76f89338af743d7774575eb95e9379941956 онд Их Британид агаар бохирдуулагч түлшний хэрэглээг хязгаарласан “Цэвэр агаарын тухай” хууль гарчээ. 1952 онд Лондонгийн оршин суугчдыг аюулд учруулсан хорт утааны улмаас уг хуулийг баталжээ.

12 дугаар сарын зургааны өдөр Садлер Веллс театрт жүжиг үзэж байсан хүмүүс гэнэтхэн ханиалгаж эхэлснээс жүжгийг зогсоов. Өтгөн манан заалаар дүүрч тайзан дээрх зүйлс харагдахаа болив. Мананд төөрсөн шувууд өндөр барилгын хана мөргөснөөс далавч нь гэмтэж, гудамжинд энд тэндгүй унасаар байв.

Бүх тоглолт, уулзалтууд хойшлогдож, нийтийн тээвэр ажиллахаа болилоо. Утаагаар далимдуулж гэмт хэргийн тоо ихсэв. Тэр үеийн эмч нарын бичиж үлдээсэн тоо баримтаар хөгшид, нялхас, амьсгалын замын өвчтэй хүмүүс нийлсэн 4000 орчим хүн нас баржээ. Гэвч эрх баригчдын тооцоолсноор энэ тоо 12 000-д хүрчээ. Утаат манантай байсан таван өдрийн туршид энгийн үеэс 4000-аар илүү хүн үхсэн гэсэн тооцоо байдаг. 2-3 жилийн туршид Лондонгийн оршин суугчдын дунд нас барагчдын тоо дундажаас 4000-аар хэтэрсэн үзүүлэлттэй гардаг байв.

Лондонд тохиолдсон энэхүү гамшигт үзэгдлийн шалтгаан нь цаг агаарын таагүй нөхцөлтэй давхцаж илэрсэн агаарын бохирдол байв. Эсрэг циклонтой, салхигүй өдөр байсан учраас тэртэй тэргүй бохироор дүүрэн агаар хаашаа ч хөдлөлгүй хотын дээр тогтсон байлаа. Цаг агаар хүйтэрч, хотын оршин суугчид тэр аяараа нүүрс тулан дулаацдаг болсны улмаас хорт бодис хуралдсан агаарын тогоо үүсчээ. Түүнчлэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг халж дизель хөдөлгүүртэй автобуснуудыг ашиглах болсон нь агаар бохирдох бас нэг шалтгаан болжээ.

Салхины эрч муутай, эсвэл олон талаасаа уулаар хүрээлэгдсэн газрын агаар нүүрсний шаталтаас бий болсон хорт бодисууд нэгдэх орчин болдог байна. Олон хавар нэгэндээ гэдгийн адилаар хорт нэгдлүүд агаар мандалд аажмаар ихэссээр 1952 онд хор уршгаа таниулсан нь энэ юм.

Эдүгээ Лондонд хэн ч нүүрс түлдэггүй.

Уг явдал дэлхийн улс орнуудын хувьд гашуун сургамж болж, байгалийн эзэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн хүн төрөлхтнийг тэнгэрээс газарт буулгав. Сонингууд Лондонгийн утаанд “Алуурчин манан” гэсэн нэрийг өгөв. Лондонгийн эмгэнэл олон хүнийг агаарын бохирдолд нухацтай хандаж, эрх баригчид экологийн тухай хуулиудаа өөрчлөхөд хүргэжээ. Өмнө дэлхийн томоохон хотуудын оршин суугчид утаанд дассан ч ийм аюултай гэдгийг мэдээгүй байв.

1956 онд Их Британи Цэвэр агаарын тухай хууль баталснаар эерэг үр дүн гарч эхэлжээ. Оршин суугчдыг пийшинд нүүрс түлэхийг зогсооход санхүүгийн дэмжлэг үзүүлж аажмаар бүх пийшинг газын плиткээр солив. Хэрэгжүүлсэн ажил үр дүнгээ өгч 1962 онд дээрх явдал дахин давтагдахад 1952 оныхтой харьцуулахад 20 хувиар бага тооны хүн нас баржээ. Цаашдаа агаарын бохирдол аажмаар багасч 1956-1980 онд Лондонд ирэх нарны цацрагийн тусгал 70 хувиар сайжирчээ. Үүний дараа АНУ-д Цэвэр агаарын тухай хууль баталснаар Лос-Анджелес хотын утаатай өдрүүдийн тоо багассан байна. 1970-1999 оны хооронд жилийн утаатай өдрийн тоо 200-гаас 41 хүртэл буурчээ.


URL:

Сэтгэгдэл бичих