Манай өсвөрийн хөлбөмбөгчид Макаогийн багийг хожлоо
Монголын 14 хүртэлх насны шигшээ багийн тамирчид БНХАУ-д болж байгаа Зүүн Ази тивийн хөлбөмбөгийн фестиваль наадамд оролцож байгаа манай баг тамирчид Макаогийн багийг 5:0-ээр хожлоо.
Э.Шинэбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтдоо Японы багтай тоглож эхний хагасд 0:0 тэнцсэн ч шийдвэрлэх үед 2 гоол алдан хожигдсон. Харин Хонконгийн хүчтэй багтай мөн тэнцүүхэн өрсөлдөж 2:0-ээр ялагдсан юм.
Гурав дахь тоглолтоо Макаогийн шигшээ багтай хийж 5:0-ийн харьцаатай хожсон бөгөөд энэ удаагийн тоглолтод шигшээ багийн тамирчин Г.Бат-Оргил, Т.Хаш-Эрдэнэ, А.Тэмүүлэн, Б.Ган-Эрдэнэ, Б.Ганбат эсрэг багийн хаалганд тус бүр нэг гоол оруулжээ. Хилийн чанадад болсон тэмцээнд анх удаа оролцож байгаа өсвөр үеийн шигшээ багийн хувьд анхны хожлоо байгууллаа.
Энэ сарын 16-ны өдөр Монгол оронд эдгээр тамирчдын ах нар болох Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид Ази Тивийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөхөөр зэхэж байна.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL: