Шүүгчид Л.Гансүхийн хэргийг шүүхдээ хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэсэн 8 баримт
-Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч эхлэв-
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ямар байдалтай ажиллаж байгаа нь Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр өрнөсөн үйл явдлаас тов тодорхой харагдлаа. Ерөнхий шүүгчээсээ эхлээд бусад шүүгч нь иргэний эрхэд ноцтой халдаж, хууль бус шийдвэрийг ар араас нь гаргасан юм. Шүүх хурлын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цаг алдалгүй авч байсан ард иргэд шүүгч нарын гаргаж буй хууль бус шийдвэрүүдэд бухимдаж, дургүйцлээ илэрхийлж байлаа. Бүр “Төрд олон жил зүтгэсэн хүнд ингэж хандаж байгаа юм чинь жирийн иргэд бидний эрхийг хамгаална гэдэг үлгэр юм байна” хэмээн шүүхэд итгэх итгэл нь алдарсан олон хүн манай редакц руу утасдаж, санал бодлоо илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө “Шүүгч бусдын нөлөөнд авталгүй, үнэн зөв шийдвэр гаргах хамгийн гол шалтгаан нь цалин юм байна. Шүүгчийн цалинг хэд дахин нэмэх юм бол ард иргэдийн эрхийг дээдэлж, шударга ажиллана” гэсэн санал УИХ-д оруулж, шүүгчийн цалинг 3-5 сая төгрөг болгож нэмсэн. “Өндөр цалин авч, амьдралдаа санаа зовох зүйлгүй болсон шүүгч нар үнэхээр үнэн зөв, шударга шийдвэр гаргаж байна. Хүний эрхийг дээдэлдэг газар шүүх юм байна” гэсэн мэдээлэл хэвлэлээр байнга гардаг болсон. Тэгвэл шударга ажиллаж, хүний эрхийг дээдэлж байгаа гэх шүүх бодит байдал дээр тэс өөр дүр төрхтэй байна. Уншигч та бүхэнд найман баримт дурдъя.
Баримт 1
Л.Гансүхийн бусдаас өмгөөлөл авах эрхийг зөрчлөө. Л.Гансүх нарт холбогдох хэргийн анхны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 3-нд болсон. Өмнө нь өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй, гэрчүүд ирээгүй гэсэн шалтгаанаар гурван удаа хойшилсон. Шүүх хурлын тов дөнгөж гарангуут өмгөөлөгч Цэрэнжээ “Л. Гансүхийн шүүх хурал болох өдөр Шоовдор нарт холбогдох шүүх хурал болно. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгөх боломж байна уу” гэсэн утга бүхий хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Гэтэл шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Шүүгч нар шүүх хурлын товыг гаргахдаа өмгөөлөгчдөөс заавал “Тэдний өдөр шүүх хурлыг хийх гэж байна. Та нарт давхацсан шүүх хурал байхгүй биз” гэж лавладаг байна. Гэтэл зөвхөн Л.Гансүхийн хэрэг дээр огт асуулгүй товыг шууд гаргаад байгаа аж. Гурав дахь шүүх хурлын товыг өмгөөлөгч нараас огт асуулгүй гаргаснаас болж мөн л Цэрэнжээ өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан байна. Энэ сарын 10-нд болсон Л.Гансүхийн шүүх хурал болох өдөр мөн л Цэрэнжээ өмгөөлөгч “Хүүхдийн мөнгөтэй холбоотой маш том хэргийн шүүх хурал болно. Үйлчүүлэгчид маань надаас өөр өмгөөлөгч байхгүй. Шүүх хуралд ирэхгүй бол таньтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн хэмээн мэдэгдсэн байна. Хэрэв бусад шүүхийн байгууллага шиг өмгөөлөгч нарын ажлыг хүндэтгэсэн бол шүүх хурал ямар ч асуудалгүй болох байжээ. Энэ нь шүүхийн байгууллага өмгөөлөгч нарыг үл хүндэтгэж байгаагаас гадна шүүгдэгчийн бусдаар өмгөөлүүлэх эрхэнд ноцтой халдаж байгаа асуудал юм. Мөн өмгөөлөгч нарыг бусдад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхийг давхар зөрчиж байгаа юм.
Баримт 2
Л.Гансүх нарт холбогдох хэрэгт гурван гол гэрч байдаг. Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “Багануур” төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан гэж Л.Гансүх нарыг АТГ-аас буруутган шалгасан. Засгийн газартай тонн нүүрсийг 27500 төгрөгөөр борлуулахаар гэрээ байгуулсан хүн бол “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр. Гэтэл М.Отгонбаяр захирал гурван ч удаагийн шүүх хуралд ирсэнгүй. Бүр ирэхээс татгалзсан гэсэн. Дараагийн хүн бол “Багануур” компанид 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт гаргасан Үндэсний Аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо юм. Тэр мөн л гурван удаагийн шүүх хуралд ирэлгүй, шүүхийг үл хүндэтгэсэн юм. Шүүх хурал болохоос өмнө шүүгч нар М.Отгонбаяр, Ш.Ичинхорлоо нарыг гэрчээр оролцуулах тогтоол гаргасан байдаг. Гэхдээ гаргасан тогтоолынхоо дагуу гэрчүүдийг албадан авчраагүйгээрээ шүүхийн ажилтнууд өөрсдийгөө хэрхэн ажиллаж байгааг харуулж байгаа юм. Гурав дахь хүн бол “Багануур” төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жигжид. Мөн л хэргийн гол гэрчүүдийн нэг. Шүүх бүрэлдэхүүнд хэргийн гол гэрчүүдийг шүүх хуралд авчрах бүрэн эрх нь байдаг. Шүүх хуралд ирэхээс татгалзсан бол эрүүгийн хуулийн 45-д заасны дагуу албадан ирүүлэх ёстой. Л.Гансүх нарыг шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байгаагийн гол шалтгаан нь дээрх гэрчүүд ирэхгүй байгаатай холбоотой. Шүүх хэргийн гэрчүүдийг авчрах үүрэгтэй. Энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Мөн хэргийн гол гэрчүүд байхгүй байхад шүүх хурлыг хийх шийд гаргаад байгаа нь ч сонирхолтой.
Баримт 3
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид Үндэсний Аудитын ерөнхий газрын шинжээч Ш.Ичинхорлоо АТГ-ын талаар ноцтой зүйлс ярьсан байдаг. Ш.Ичинхорлоо “АТГ “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Багануур” төрийн өмчит компани хохирсон гэсэн үндэслэл бүхий үнэлгээ хийчихсэн байсан. Үнэлгээг бүр хүснэгтэд оруулаад гаргачихсан байсан. Бид гаргадагаа гаргачихсан. Одоо таныг хүлээж байна гэж хэлсэн” гэх утга бүхий зүйлс ярьсныг утсан дээрээ бичиж авсан байдаг юм. АТГ хэрэг шалгах ёстой болохоос урьдчилсан байдлаар дүгнэлт гаргадаг газар биш юм. Үндсэндээ АТГ Багануур төрийн өмчит компани хохирсон гэсэн дүгнэлт гаргаад Ш. Ичинхорлоо байцаагчид өгсөн байна. Үүнийг нотлох бичлэгийг хавтаст хэрэгт оруулахаар Ц.Баасандорж прокурорт өгсөн байна. Гэвч прокурор яриаг бичсэн CD-г хэрэгт хавсаргаагүй байна. Өмгөөлөгч нар шүүх хурлын үеэр энэ бичлэгийг прокурорын байгууллагаас авчруулмаар байна гэсэн хүсэлт гаргасан. Мөн шинжээчдийн дүгнэлт гаргахдаа ашигласан санхүүгийн баримтуудыг авчрахыг хүссэн. Эдгээр хүсэлтийг шүүгч нар хүлээж авалгүй, нотлох баримтуудыг авчрахаас татгалзсан юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэрэгтэй холбоотой маш чухал баримтыг авчруулж, буруугүй гэдгээ нотлоё гэхэд баримтыг авчруулахгүйгээр шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан.
Баримт 4
Энэ сарын сарын 02-ны өдөр шүүх хурал гэрчийн ирцтэй холбоотой асуудлаар түр завсарласан байдаг. Эргэж хуралдахдаа шүүх хурлыг гэрч ирээгүй шалтгаанаар хойшлуулж, шүүгдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорих шийдвэр гаргасан. Шүүх хурал өөр асуудал хэлэлцэх гэж завсарлаад эргэж үргэлжлүүлэхдээ завсарласан шалтгаанаасаа шал өөр, огт яригдаагүй шийдвэр гаргасан юм. Мөн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорьж буй үндэслэлээ ч тайлбарлаагүй. Цагдан хорьсоныхоо дараа өмгөөлөгчдөд нь өгсөн үндэслэлдээ “Оргон зайлж болзошгүй гэсэн шалтгаанаар хорьсон” гэсэн байсан боловч үнэндээ ямар ч баримт байхгүйгээр ийм шийдвэр гаргасан юм. Л.Гансүх нарын зүгээс оргон зайлах сэжигтэй ямар ч үйлдэл хийгээгүй. Шүүх хурал болно гэсэн цагт ирж, дуудсан цагт нь очиж байсан байдаг. Шүүхэд хүнийг цагдан хорих эрхийг хуулийн хүрээнд олгосон ч хүссэн хүн бүрээ нотлох баримтгүйгээр дур зоргоороо хорих эрх олгоогүй юм. Гэтэл ЭБШХ-ийн 68-р зүйлийн 68.2.2-т заасан заалтыг ямар ч нотлох баримтгүй, таамгаар хэрэглэж, хүний эрхийг хууль бусаар хязгаарласан байдаг.
Баримт 5
Өмгөөлөгч Цэрэнжээ энэ сарын 10-нд болсон шүүх хуралд оролцож чадаагүй. Өөр газар шүүх хуралтай байсан билээ. Харин Л.Гансүх “Би Цэрэнжээ өмгөөлөгчийг шүүх хуралд заавал байлгамаар байна. Энэ хэрэг дээр анхнаасаа ажилласан хүн. Намайг сайн өмгөөлнө гэж бодож байна” гэсэн хүсэлтийг хэргийг шүүж байгаа Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ болон Ч.Отгонбаяр нарт тавьсан. Гэвч шүүгчид Цэрэнжээ өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Л.Гансүхийн өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн ЭБШХ-ийн 39-р зүйлд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгоогүй юм.
Баримт 6
Шүүгч нар ингэж хууль зөрчиж, үйлчлүүлэгч нарын эрхэд халдаад байхаар нь өмгөөлөгч нар нь арга буюу шүүгч болон тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзсан байдаг. Гэхдээ шүүхээс, шүүгч нараас татгалзах тодорхой хэдэн үндэслэл гаргажээ. Л.Гансүхийг анх Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж хорих шийд гаргаж байсан хүн нь шүүгч Отгонбаяр. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд “150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Л.Гансүхийг хорьсон нь үндэслэлгүй байна. Отгонбаяр буруу шийдвэр гаргасан байна” гээд прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Л.Гансүхийг хорих шийдвэрт гарын үсэг зурсан хүн тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар. Тэд хамт буруу шийдвэр гаргасан гэсэн үг. Гэвч өнөөдөр мөн л өөр үндэслэлээр Л.Гансүхийг шалгаж, ял оноохоор улайрч байгааг өмгөөлөгчид нь онцолж байгаа юм. Түүнчлэн шүүх хурлыг даргалж байгаа Х.Идэрт эрх ашгийн зөрчил байх магадлалтай хэмээн өмгөөлөгчид үзэж байгаа. Учир нь шүүгчийн төрсөн ах Х.Тамирыг АТГ-т албан тушаалын хэргээр шалгаж байгаа. Л.Гансүхийн хэрэг дээр АТГ-ынхан ажиллахдаа маш олон хууль бус үйлдэл гаргасан. Тиймээс шүүгчид АТГ-аас нөлөөлж магадгүй гэж өмгөөлөгч нар үзэж буй. Өмгөөлөгч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх, шүүгч нараас татгалзаж өөр дүүрэг, сум, сум дундын шударга шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Өмнө нь шүүхээс татгалзаж байсан тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Шүүхээс татгалзсан тохиолдолд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэх ёстой аж. Гэтэл М.Алдар шүүгч өөрөөс нь татгалзчихаад байхад шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь ёс зүйгүй асуудал юм. Уг нь энэ асуудалд Нийслэлийн шүүх шийдвэр гаргах ёстой. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нь 20 гаруй шүүгчтэй байж, Л.Гансүхийн хэрэгт заавал АТГ-т шалгуулж буй прокурор Х.Тамирын төрсөн дүү Х.Идэрийг томилж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.
Баримт 7
Өмгөөлөгч нар шүүх болон шүүгчээс татгалзсан. Энэхүү хүсэлтээ албан бичгээр өгөх гээд явсан хойгуур нь ямар үндэслэл бүхий хүсэлт гаргаж байгааг огт мэдэхгүй мөртлөө шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Мөн үндэслэлдээ юу бичиж байгааг нь мэдэхгүй мөртлөө саналыг нь хүлээж авахгүй гэсэн захирамж гаргасан юм. Энэ бүгдээс шүүх хурлыг даруй хийж, шүүгдэгчдэд ял оноохоор улайрч байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.
Баримт 8
Өмгөөлөгч нарыг шүүхээс татгалзаж байгаа хүсэлтээ албан бичгээр бичээд ир гэж явуулсан мөртлөө, шүүх хурлыг хүлээлгэсэн, үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар торгох арга хэмжээ авсан. Энэ нь өмгөөлөгч нарын эрхэд халдаж байгаа асуудал юм. Тодорхойгүй хугацаагаар шүүх хурлыг хойшлуулж, тэдэн цагийн дотор хүсэлтээ бичиж өг гэж хэлээгүй мөртлөө өмгөөлөгч нарыг шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн олон нийтэд зарлаж, торгосон нь шүүхийн байгууллагынхны ёс зүй хаана явааг харуулж байгаа хэрэг юм.
Өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан 6 хуудас бүхий хүсэлтээ бичээд шүүхэд хүргүүлэхээр явж байхад хүсэлтийг нь харахгүйгээр татгалзлын асуудлыг шийдвэрлэж өмгөөлөгчдөд арга хэмжээ авсан байдаг. Уг нь бол шүүх шийдвэр гаргахынхаа өмнө өмгөөлөгч нарын хүсэлтийг уншиж танилцах ёстой. Гэтэл хүсэлтийг нь уншиж танилцаагүй байж шийдвэр гаргаж байгаа нь шүүх юунд ингэж яарав гэх хардлагыг төрүүлж байна. Хуульчид ч энэхүү асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.
Шударга ажиллаж байгаа гэх шүүхийн хууль зөрчиж, хүний эрхэд бүдүүлгээр халддаг байдал олны анхаарлыг татсан Л.Гансүх нарыг шүүх хурлын явцад ийн тод харагдаж байгаа нь шүүх шинэчлэгдээгүйг, дотроосоо улам бүр ялзран байгааг, АТГ шиг хүний эрхийг илтэд зөрчиж байгааг харуулж байгаа нь харамсалтай.
Хаана ч байхгүй өндөр цалинтай, харуул хамгаалалттай, тангараг өргөсөн шүүгч нар олны анхаарлын төвд байгаа энэхүү хэрэгт ингэж олон хууль зөрчиж байгаа нь энгийн иргэдийн хэргийг хэрхэн шийддэг бол гэх хардлагыг төрүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэл улам алдарч байна.
Б.Алт
Эх сурвалж: Zaluu.com
URL: