Л.Болд: Дэлхийн анхаарал Монголд

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал маргааш эхлэх гэж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болоод үйл ажиллагааных нь талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ байгууллагын тухайд Монгол Улсад маш их ач холбогдолтой. Энэ байгууллагын нэрний дотор Европ гэж үг байгаа нь учиртай. Европт дэлхийн хоёр дайн болон хүйтэн дайн гарч байсан. Тэгэхээр дэлхийн аюулгүй байдал Европт төвлөрч байна гэж үзээд байгууллагынхаа нэрэнд Европыг оруулсан байдаг. Гэхдээ энэ байгууллагын гишүүнд Хойд Америк, Зүүн Ази, Төв Ази, Европ бүхэлдээ орсон. Өөрөөр хэлбэл, хойд ертөнц бүхэлдээ багтсан дэлхийн хамгийн том аюулгүй байдлын чиглэлийн Засгийн газар хоорондын байгууллага юм.

ЕАБХАБ 2400 га­руй ажилтантай, дэл­хийн 20 гаруй оронд төлөө­лөг­чийн газартай, 57 жин­хэнэ гишүүнтэй том бай­гууллага. Бүтцийн хувьд Засгийн газар хоорондын байгууллага учраас хамгийн дээд уулзалт нь Төрийн тэргүүнүүдийнх байдаг. Мөн сайд нарын уулзалтууд багтдаг.

-Манай улс энэ байгууллагын гишүүн орон болсон нь олон улсын хэмжээн дэх ач холбогдол их байх нь мэдээж. Энэ талаар?

-Зүүн Азийн бүс нутгаасаа Монгол Улс анхны гишүүн орон нь болсон. Үүний зэрэгцээ Солонгос, Япон, Тайланд зэрэг улс ажиглагч гишүүнээр байдаг. Өмнө нь 10 гаруй жилийн турш Монгол Улс ажиглагчийн статустай явж, энэ том үйл явцын нэг хэсэг болохын тулд маш их чармайлт гаргаж ажилласны үр дүнд 2012 онд жинхэнэ гишүүн болсон. Энэ нь түүхэн явдал байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Хэдийгээр европ нэртэй боловч энэ бол дэлхийн аюулгүй байдлын асуудал юм. Өнөөдөр дэлхийн  аюулгүй байдлын хамгийн том цэг манай хажууд байна. Үүнд манай улсын үүрэг, хариуцлага маш их байгаа. Уг байгууллагын гол зорилго, үйл ажиллагааных нь утга учир бол хүйтэн дайныг дуусгах, өнөөгийн ардчилсан тогтолцоог бий болгох юм.  Монгол Улс өнөөдөр идэвхтэй гадаад бодлогоор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр ажиллана гэж байгаа. Тэгэхээр энэ байгууллагын гишүүн орон болж байгаа нь үүнтэй салшгүй холбоотой, бас ач холбогдолтой.

-ЕАБХАБ 1975 онд байгуулагдсан түүхтэй. Тэгэхээр одоо болох Парламентын Ассамблейн 2015 оны намрын чуулган нь 40 жилийн ойгоороо болж буйгаараа онцлог болж байгаа гэсэн шүү дээ?

-Манайд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн чуулган өчигдөр боллоо. Тэгвэл яг 25 жилийн өмнө Парист энэ байгууллага парламентын ардчилал дэлгэрч, парламентын гүйцэтгэх үүрэг өндөрт гарах болсон учраас Парламентын Ассамблейг зохион байгуулсан. 323 гишүүнтэй, бүх гишүүн улс орондоо тодорхой тооны гишүүн бүхий дундын парламенттай. Парламентын Ассамблей нь жилд хоёр удаа буюу хавар, намар чуулдаг юм. Монгол энэ байгууллагад гишүүнээр ороод анх нэг гол арга хэмжээг нь зохион байгуулах саналыг тавьсан. Тэр дундаа Монгол Улс парламентын засаглалтай улс учраас Парламентын Ассамблейн чуулганыг зохион байгуулна гэсэн. Үүний дагуу уг арга хэмжээг зохион байгуулж байгаа. Зуны чуулганыг бид Монголдоо зохион байгуулах саналыг тавьж байсан ч Финландад хийсэн. Энэ үеэр нэг асуудал гарсан нь хоригоос болоод ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, парламентын даргад виз олгоогүй. Үүнээс болж Оросын төлөөлөгчид хурлыг хаяж гарсан. 40 жилийн ойн баяр жинхэнэ утгаараа болж чадаагүй. Орос, Америк хоёр хамт байж энэ байгууллага үндсэндээ оршин тогтнож байгаа. Ингэж байж Ази, Европын аюулгүй байдлын процесс явдаг. Үүнээс үүдээд Оросын парламентын спикер найрсаг харилцаатай Монголд болох уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлнэ гэж хэлсэн. Товчхондоо, дэлхийн анхаарал энэ долоо хоногт Монголд төвлөрөх гэж байна. Тиймээс маш чухал үйл явдал болох гэж байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй.

-Дэлхийн 60 гаруй орны парламентын төлөөлөл Монголд ирнэ гэдэг онцлох үйл явдал. Нөгөө талаасаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг бид эх орондоо зохион байгуулсны ач холбогдол гэвэл та юуг онцлох бол?

-Швейцарь гэхэд жижиг улс боловч их гүрнүүдийн дунд яаж том улс шиг хэмжээнд хүрч чадав. Финланд, Сингапур ч гэсэн үүний тод жишээ болж явдаг. Тухайн бүс нутаг, дэлхий дахинд гүйцэтгэж байсан үүргээрээ гэж хэлж болно. Финланд тухайн үед төвийг сахисан зөв бодлого баримталж байгаад энэ байгууллага, үйл явцын эхлэлийг тавьж чадсан. Үүний үр дүнд эрх чөлөөтэй, ардчилалтай сайхан амьдарч байна. 1970 оноос өмнө хэлмэгдүүлэлт их болж, айл өрхүүдийг үр удмаар нь устгадаг байсан. Энэ байгууллагын бодлого, уйгагүй үйл ажиллагааны үр дүнд ядаж өөрөөр сэтгэдэг ардчилал, шинэчлэлийг дэлгэрүүлдэг ийм хүмүүсийн аминд хүрдэггүй, гэр бүл, үр удмаар нь сүйтгэдэггүй болсон. Тиймээс Зүүн Европт ардчилсан хувьсгал гарахад түүнийг тээгчид болон аваад явах хүмүүс нь бэлэн байсан юм. Өнөөдөр төрийн удирдлагад тухайн үеийн ардчилсан хувьсгалыг хийж байсан хүмүүс байна. Энэ процесс байгаагүй бол энэ улсыг авч явах одоогийн хүмүүс байхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, бүгдийг нь устгачихаар зөвхөн тэр хатуу дэглэмийг аялдан дагагчид үлдэнэ. Ийм тохиолдолд шинэчлэл гарахгүй шүү дээ. Эргээд ардчилал, хүний эрх, сайхан амьдрал байхгүй байх байсан. Тэгэхээр ЕАБХАБ бол энэ бүх үйл явцыг үлдээсэн буянтай байгууллага. Миний аав тухайн үед хэлмэгдэж байсан. Сайдын албан тушаалаас бууж, Ринчен гуайтай ойрхон харилцаж, үндэсний үзэл бичсэн гээд гэрийн хорионд оруулж, ном зохиолыг нь устгаж байлаа. Тухайн үед биднийг цаазлахад ч бэлэн байсан. Гэтэл нөхцөл байдал зөөлөрч, гэнэт эрх чөлөөтэй болж, 1970-аад оны дунд үеэс гайгүй болсон. Тухайн үед бид энэ байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, процессын талаар мэддэггүй байсан. Харин өнөөдөр ямар үйл явц, шалтгааны улмаас ийм сайхан цаг үед ирсэн бэ гэдгийг ойлгож, мэдэж байна. Би хувьдаа энэ байгууллагыг үнэхээр их үнэлж явдаг. Энэ байгууллагын хийсэн ажлын үр дүнд бид ямар нэг байдлаар амьдрах, оршин тогтнох, боловсрол эзэмших, улс орноо хөгжүүлэхэд оруулах хувь нэмрээ олж авсан. Энэ үйл явц нь маш чухал юм. Гэтэл эрх чөлөөгүй орнууд их байна. Монгол Улс тэр улсуудад үлгэр жишээ болоод цаашид дайн дажингүй, дотоодын хямралгүй явах тэр шинэ үеийг бэлтгэхэд том бодлого гаргах ёстой. Тиймээс бид олон улсын хөгжлийн хамтын сан байгуулаад Хойд Солонгос, Мьянмар, Киргизстан зэрэг 10 гаруй орныг гишүүн нь болгож чадсан. Цаашид ч гэсэн чармайлт гаргаж ажиллах ёстой байгууллага. 60 гаруй орны 300 гаруй парламентын төлөөлөгч Монголд ирнэ гэдэг нэг дор эх орноо, Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлыг таниулах, хоёр тал болон олон талын харилцаагаа хөгжүүлэх том боломж. Бид маш бага зардлаар том үр дүнд хүрч байгаа юм. Монгол Улс нэг төгрөг зараад 1000 төгрөг олж байгаа гэсэн үг. Гэхдээ мөнгө чухал биш. Монгол Улсын олон улс дахь байр суурь, нэр хүнд, тусгаар тогтнол, олон улсын тавцан дахь гүйцэтгэх үүрэг энэ бүгдийг юугаар үнэлэх вэ. Тусгаар тогтнол гэдэг ямар үнэтэй зүйл билээ. Хүний амиар үнэлэгддэг зүйл шүү дээ. Бүхэл бүтэн үе үүний төлөө амь насаа зориулсан байдаг. Тиймээс бид үүнийг хямд үнэлгээгээр ярьж болохгүй.

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед олон улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулж байгаа нь улсын төсөвт хүндрэл учруулах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монголын түүхэнд ач холбогдлоор нь аваад үзвэл гурван том хурал боллоо. Ирэх жил болох АСЕМ бол хамгийн том нь. Үүнийг Монголын түүхэн дэх ямар нэг үйл явдалтай жиших аргагүй. Мөн одоо болох гэж байгаа чуулга уулзалтад  300 гаруй парламентын дарга ирнэ гэж байгаа нь мөн л ач холбогдолтой, бас маш том боломж юм. Өмнө нь манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид ирж оролцсон. Монголчууд гадаадын төлөөлөгчдийг сайхан хүлээж авсан. Тухайн үед тэр төлөөлөгчид Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй буцаж байсан. Үүнтэй адил бид энэ удаагийн хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгчийг тэр хэмжээнд сайхан хүлээж авахыг нийслэлчүүддээ, монголчууддаа уриалж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол дэлхийн хэмжээний түүхтэй улс гэдгийг бид харуулах ёстой. Энэ утгаараа Монголын түүхэнд гадаад бодлого, гадаад харилцаанд алтан үсгээр бичих гурван том арга хэмжээ болно. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал нь олон улсын хурал. Гадныхан Монголд ирээд, даалгуулаад, тэтгүүлэх гээд байгаа зүйл огт байхгүй. Харин ч манай бизнес эрхлэгчдийн хувьд том боломж. 300 гаруй төлөөлөгч Монголд ирээд мөнгөө төлөөд буудалдаа бууна. Үзвэр үйлчилгээ, худалдаа зэрэг бүх л үйлчилгээний салбараар үйлчлүүлнэ. Хурлын зардлын тухайд ЕАБХАБ хувааж төлж байгаа. Манай улсаас ямар ч илүү зардал гарч, улсын төсөв, эдийн засагт хүндрэл учруулах асуудал байхгүй. Харин эсрэгээрээ, эдийн засгаа дэмжих, улсаа сурталчлах давуу талтай. Эцэст нь Монголд орж байгаа үр дүн нь их байх болно. Үүний цаана Монгол Улс дэлхий дээр том бодлогоо хэрэгжүүлэх, том бодлогод оролцох сайхан гараагаа эхлүүлж байгаа нь ямар ч мөнгөөр хэмжишгүй ач холбогдолтой. Монгол Улс дэлхийн газрын зураг дээр тод томруун гарч ирнэ гэсэн үг.

-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах ажлын хэсэг нэлээд хэдэн удаа хуралдсан. Бэлтгэл ажил хэр сайн хангагдав. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд сонирхуулахгүй юу?

-Энэ үеэр олон том арга хэмжээ болно. Тухайлбал, Төв Ази дахь асуудлуудаар тусгай зөвлөгөөн хийнэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын талаар тусгай хуралдаан болно гэх зэргээр нэлээд анхаарал татсан арга хэмжээ болох юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, бэлтгэлүүдээ зохих хэмжээнд хийгээд явж байна. Үүний зэрэгцээ Гадаад хэргийн яам, Элчин сайдын яамдын оролцоо их шаардлагатай байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх туршлагууд дээрээ тулгуурлаад оролцоогоо хангах нь манай талын чухал үүрэг. Мөн хурал, зөвлөгөөний тухайд бид асуудлуудаа бэлтгэсэн. Манай талаас энэ парламентад долоон гишүүнтэй М.Батчимэг даргатай бүлэг ажилладаг. М.Батчимэг дарга энэ бай­гууллагын удирдах зөв­лөлийн гишүүн, ха­рин бусад гишүүн маань байнгын хороодод хувааг­даж ажиллана. Улс төр, эдийн засаг нийгэм, хүний эрх ардчилал гэсэн үндсэн гурван байнгын хороотой. Энэ чиглэлээр хурал, зөвлөгөөнүүд болно.

Д.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих