“Сум хөгжүүлэх сан” юм уу хишиг түгээх сан юм уу

Монгол улсын Засгийн газар 2009 оноос эхлэн хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого баримталж төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай аймгийн олон иргэн, аж ахуйн нэгж төсөлд хамрагдан, өөрсдийн үйл ажиллагаагаа эхлүүлж, өргөжүүлэн ажиллаж байна.

Тус хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэр тогтоолын дагуу аймгийн ЗДТГ-аас комисс бүрдүүлэн төслийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Харин энэ жилийн хувьд “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх нэрийн дор сумын удирдлагуудад төслийн мөнгийг хувааж өгчээ. 2011 онд Ховд аймагт энэ чиглэлээр хоёр тэрбум 225 сая төгрөг хуваарилагдсанаас аймгийн төв болох Жаргалант суманд 265 сая төгрөг оногдсон байна.

Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг үндэслэн, сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр журам батлуулж, Жаргалант сумын Засаг дарга М.Мягмарцогийн ахалсан зөвлөл иргэд аж ахуйн нэгжүүдээс ирсэн төслийг шалгаруулан, сангийн санхүүжилтийг хувиарлаж байгаа юм.

Энэ талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга, бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн З.Уянгаас асууж тодруулахад “мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, барилгын материал, хог хаягдал ангилах, хоёрдогч түүхий эд боловсруулах чиглэлийн төслийг дэмжиж сонгосноо хэлсэн юм.

Гурван жилийн хугацаатай жилийн нэг хувийн хүүтэй зээлээр санхүүжих энэхүү хөтөлбөрт сумын хэмжээнд 86 төсөл ирснээс 34 нь шалгарсан. Төслийн зээлийн дээд хэмжээ нь 50 сая хүртэлх төгрөг байх ба доод хэмжээ заагдаагүй” гэж мэдэгсэн. Энэхүү зээлийг аймгийн төрийн сангаар дамжуулан олгож байгаа аж.

Төслүүдийг ямар шалгуураар сонгосныг асууж лавлахад тэр талаарх мэдээллийг нууцалсан ба шалгарсан 34 төслийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Уг нь ИТХ-ын тэргүулэгчдийн хуралдаанаар баталсан журмынхаа 5.1 дэх хэсэгт заахдаа сангийн үйл ажиллагааг нийтэд ил тод явуулна гэжээ.

Мөн сангийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, эргэн төлөлтөд сумын иргэд хяналт тавих эрхтэй, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага хяналт тавих үүрэгтэй хэмээн заажээ. Гэтэл зөвлөлийн нарийн бичгийн дарга нь өөрсдийн тогтоосон дүрэм журмаа мартчихсан уу, ерөөсөө мэдэхгүй байгаа юм уу бүү мэд.

Мөн түүний хэлснээр аль болох олон төсөл хамруулахын тулд төсөлд тусгагдсан хэмжээгээр нь санхүүжилт олгохоос зайлсхийж тодорхой хэмжээгээр багасгаж хувирлаж байгаа гэсэн. Нэг ёсондоо эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн зарчмыг баримтлаж, юм хийх гэж байгаа хүмүүсийн төсөв төлөвлөгөөнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа ийнхүү ил цагаан хэлнэ лээ.

Жаргалант суманд хувиарлагдсан 265 сая төгрөгийг 34 төсөлд хувааж үзэхэд нэг төсөлд 7.8 сая төгрөг ногдож байна. Мэдээжийн хэрэг томоохон төсөлд нь ихээхэн хэмжээний мөнгө олгоход бусад төслийн мөнгө багасах нь ойлгомжтой. Энэ нь бизнес, аж ахуй эрхлэх гэж буй хүмүүст санасандаа хүртэл үйл ажиллагаа явуулах, бодитой хувь нэмэр болж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм.

Анхнаасаа л УИХ, Засгийн газраас төслийн мөнгийг сумын дарга нарын мэдэлд өгөх нь олигтой үр дүн өгөхгүй гэсэн санал олноор гарч байсан ч тэд юман чинээ тоогоогүй нь одоо ийнхүү амаа асуулгахад хүргэж байгаа бололтой.

Бусад сумуудын хувьд ч ялгаагүй тухайн санхүүжилтийг Засаг дарга нар мэдэлдээ байлган хувиарлаж байгаа ба хэрхэн хувиарлаж буйг судалж үзэхэд нэг иргэн, эсвэл аж ахуйн нэгжид дунджаар 1.5 сая төгрөг л оногдож байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бус хэн нэгнийг гомдоочихгүйн тулд аль болох олон хүнд хүртэхээр хишиг түгээж байгаа нь тодорхой байна.

Үр дүнгийн хувьд гэвэл яриад байх ч шаардлага алга. Харин сумын дарга аль зэрэг олон хүнд тал олж чадсан бэ гэдэгт л үр дүн нь гарч ирэх байх.

Эх сурвалжийн мэдээлснээр Жаргалант сумын хэмжээнд 265 сая, Булган сум 110 сая, Чандмань, Манхан, Зэрэг, Мянгад, Үенч, Буянт, Ховд, Мөст, Дөргөн, Алтай сумдад тус бүр 60 сая, Дуут, Дарви, Цэцэг, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан сумдад тус бүр 50 сая, төгрөгийг хувиарлажээ.

Г.Төрмөнх
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих