Г.Баярсайхан сайд НҮБ-уудын хамтарсан багийнхантай уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагуудын хамтарсан багийнхныг хүлээн авч уулзлаа. Хамтарсан багийнхан  энэ сарын 7-11-нд Монгол Улсад албан айлчлал хийж байгаа юм. Айлчлалын багт НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрөөс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл багтсан байна.

Халдварт бус өвчин (ХБӨ)-ий дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн туслалцааг  өргөжүүлэх зорилгоор хамтарсан баг айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр төлөөлөгчид ХБӨ-ий чиглэлээр бусад салбарын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлст анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ дээрх чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготойгоо хамтарсан багийнхан  Хөдөлмөрийн сайдад танилцууллаа.

ДЭМБ-ын тооцоолсноор сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд нас барсан  хүмүүсийн 60 хувь нь халдварт бус өвчин буюу зүрх судасны эмгэг, тархинд цус харвах, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөс шалтгаалсан  байдаг бөгөөд энэ нь халдварт өвчнөөс шалтгаалсан  нас баралтаас хоёр дахин их юм.

Монгол Улсын хувьд халдварт бус өвчлөл нь хүн амын эрүүл мэнд болон улс орны хөгжилд ихээхэн тулгамдсан асуудал болоод байна. Зүрх судасны өвчин, хавдар, харвалт, чихрийн шижин, осол гэмтэл зэрэг нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй юм. Тамхины хэрэглээнээс үүсэх хавдрын өвчлөл Монголд өндөр. Иймд тамхины хэрэглээнд анхаарал хандуулах шаардлагатайг хамтарсан багийнхан онцолж байв.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “УИХ Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар албан байгууллага, гудамж талбай, олон нийтийн газарт тамхи татахыг хориглож, тамхи татах тусгай өрөөтэй байхыг хуульчилсан. Тухайлбал, 300 ам метр талбайтай албан байгууллагад тамхи татахыг зөвшөөрсөн өрөөтэй байх ёстой.

Мөн сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон ч дахин өөрчлөлт оруулж 300 метр болгосон. Миний хувьд энэ хуулийг илүү чанаржуулах шаардлагатай гэж үздэг учраас нэмэлт өөрчлөлт оруулах замаар илүү сайжруулж дахин өргөн барина гэж бодож байгаа” гэсэн юм.

Тус айлчлалын үеэр төлөөлөгчид ХБӨ-ний чиглэлээр бусад салбаруудын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлст анхаарлаа хандуулж ажиллана.

Мөн түүнчлэн дээрх чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой юм. Г.Баярсайхан сайд  хамтарсан багийнханы өгсөн мэдээлэл, танилцуулгыг судалж ХБӨ-ийн буруулах чиглэлээр авч буй арга хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдэв.


URL:

Сэтгэгдэл бичих