“Эрдэнэс Тавантолгой” юу болсон бэ?
Тавантолгойн орд газрын 96 хувийг төр эзэмшиж байгаа бөгөөд үүнийхээ нэг хэсэг дээр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулан нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар энэ оны аравдугаар сард гаргасан. Эл шийдвэрийн хэрэгжилт ямар төвшинд байгааг бид тодруулахыг зорилоо.
Өчигдөр ТӨХ-ны дарга Д.Сугарын тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн нэгэн ажлын хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь байгалийн баялгийг хөрөнгийн зах зээлд гаргах, түүний өгөөжийг ард түмэнд хүртээх үндэсний загвар, модель боловсруулах, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдах, 30 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр худалдах асуудлаар санал дүгнэлт бэлтгэх үүрэгтэй юм байна.
Гэхдээ өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” гэх нэр л байгаа болохоос биш эрх зүйн талаас бүрэн чадамж бүхий ийм компани одоогоор байхгүй гэж хэлж болох аж. Нэг үгээр бол “Эрдэнэс Тавантолгой” компани хараахан байгуулагдаагүй байна.
Стратегийн орд газруудын лицензийг эзэмшиж байгаа “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр байгуулагдах “Эрдэнэс Тавантолгой” компанийн дуулиан харин нэлээд эртнээс эхэлсэн юм.
Юу гэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын тендерийг ТӨХ-ноос энэ оны наймдугаар сарын 22-нд зарлаж, оролцогчдын материалыг хүлээж авах эцсийн хугацаа нь есдүгээр сарын 20-ны 12.00 цагаар дуусгавар болсон юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н олборлогч буюу оператор компанийг сонгон шалгаруулах тендерийг бас л наймдугаар сарын 31-нд зарласан.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт халуун намар эхэлсэн боловч одоогоор бас л гацаанд ороод байна. Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахын өмнө тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу ТУЗ-ийг байгуулах ёстой болж таарсан. Харин ТУЗ нь хэзээ байгуулагдах нь тодорхойгүй байна. Нэгэнт л иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хувьцааг нь эзэмших хувьцаат компани юм бол бүх л асуудал, дүрэм нь нээлттэй, тэр дундаа ТУЗ-ийг хэрхэн байгуулах нь ч ил тод байх учиртай. Одоогоор ТУЗ нь 7-9 гишүүнтэй байна гэдэг мэдээллийг ТӨХ өгч байгаа. ТУЗ-ийн гишүүнд ямар шаардлага тавигдах, хэнийг төлөөлөх ёстой нь ч тодорхойгүй. Бид энэ асуудлаар ямар мэдээлэлтэй байгааг нь “Монгол 999” үндэсний нэгдлийн гүйцэтгэх захирал Л.Ариунболдоос тодруулахад:
-Хувьцаат компани учраас бүх үйл ажиллагаа нээлттэй, компанийн дүрмийн дагуу байх ёстой шүү дээ. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу компанийг байгуулахдаа компанийн дүрмийг гаргана. Ингэхдээ яам тамгын газар болон мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагуудын саналыг авах ёстой. Одоогийн байдлаар дүрэмгүй компани л болчихоод байгаа биз дээ гэв.
Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг сонгохын өмнө ТУЗ-ийг, ТУЗ-ийг байгуулахын өмнө компанийг нь, компанийг байгуулахын өмнө дүрмийг нь гаргах хэрэгтэй бололтой. Үйл явцын дарааллыг ТӨХ буруу тогтоосон юм болов уу. Энд нэг зүйлийг дурдахад Гүйцэтгэх захирлаар австрали гаралтай нэг эрхэм сонгогдох магадлалтай байгаа гэх мэдээлэл бий.
“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбогдох бас нэгэн тендер нь оператор шалгаруулах. Урьдчилсан сонгон шалгаруулалтад одоогоор Австралийн хоёр, Германы нэг компани тэнцсэн байгаа боловч өнөөг хүртэл эцсийн шийд гараагүй байна. Шалгаруулалтад тунаж үлдээд байгаа Австралийн “Лэйтон Ази” компани нь Тавантолгойн ордын дөрвөн хувь болох Ухаахудагийн уурхайг эзэмшдэг “Энержи Ресурс” компанийн олборлогч юм. “Макмахон” гэх Австралийн нөгөө нэг компани нь “Лэйтон Ази”-тай нэг дээвэрт багтдаг, угтаа бол Австралийн хоёр биш нэг компани шалгаруулалтад үлдээд байгаа гэдэг мэдээлэл бий. Шалгаруулалтад үлдсэн гурав дахь компани Германых боловч төдий л томгүй компани аж.
Б.СҮРЭН
URL: