Зүүнбаян-Улаан сумын иргэд МАН-аас илгээсэн захидалд хариу өглөө
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 10 гаруй иргэдийн төлөөлөл Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нартай уулзаж, “Бид хамтдаа” аяны хүрээнд найман зүг дөрвөн зовхист суугаа иргэдэд Монгол Ардын намаас илгээсэн захидлын хариугаа биеэр ирж гардуулж өглөө. Ахмадууд нийслэлд ирж Төрийн ордонтой танилцаж, бурхан шүтээндээ мөргөөд өнөө орой урлагийн тоглолт үзэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Нийслэлд ирснийх намын удирдлагуудтайгаа уулзаж, Тусгаар тогтнолын ордонтой танилцах боломж олдсонд баяртай байсан юм. Өвөрхангай аймагт энэ жил зуншлага сайн байжээ. Тиймээс “Өвөлжилтийн бэлтгэл, хадлан бордоогоо сайтар базаачихвал болно доо” хэмээн Зүүнбаян-Улаан сумын намын хорооны дарга сэтгэл тэнүүн ярьж байлаа. Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа удахгүй тус аймагт НАМЗХ-ны 1000 залуусын чуулган, НАМЭХ-ны арга хэмжээ болох гэж байгааг дуулгасан. Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Зүүнбаян-Улаан сумын иргэдийн төлөөлөл өөрийн биеэр захидлын хариугаа өгч буйд талархаж буйгаа хэлж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Ардын нам Өршөөлийн тухай хуулийн авлига, албан тушаалтай холбоотой хэсгийг дэмжихгүй. Өөрөөр хэлбэл тэр хэсэгт тавьсан хоригийг хүлээн авах шийдвэр гаргасныг иргэдэд дуулгалаа. Түүнчлэн орон нутгийн иргэдийн хамгийн их асууж, сонирхдог нэрсийн жагсаалтаар гишүүн болох, сонгуулийн саналыг хар машинаар тоолох зэрэг асуудлыг багцлан улс төрийн намуудын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсныг хэллээ. “Бид хамтдаа” аяны хүрээнд орон нутгаас олон захидал ирж байгаа ажээ. Танхимд ирсэн иргэдийн төлөөлөл ахмадуудын тэтгэврийн зээлийг бууруулах хуулийн төслийг ямар шатандаа явааг тодруулж байлаа. Монгол Ардын намын зүгээс намрын чуулганаар энэ хуульд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн юм.
Ц.Анир
URL: