Ц.Баасандорж: Нотлох баримтыг авчруулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшилсон. Учир нь шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ ирээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон юм. Уг нь Л.Гансүх, Н.Даваахүү, Н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, н.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Улмаар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг шүүхийг үл хүндэтгэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан юм.
Харин өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлын эхэнд энэ хэргийн гол гэрч болох Үндэсний Аудитын газрын шинжээч н.Ичинхорлоогийн ярианы бичлэгийг сэтгүүлчдэд сонсголоо. Уг бичлэгт АТГ Л.Гансүхийн хэрэгт урьдчилсан дүгнэлт гаргасан талаар ярьжээ. Ингээд өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн хурлын талаар мэдээлэл өгөөч?
-Хурлаар Үндэсний Аудитын газрын шинжээч н.Ичинхорлоогийн ярианы бичлэгийг сэтгүүлчдэд сонсголоо. Уг бичлэгт олон ноцтой зүйл ярьсан байдаг. Үүнийг нь би нотлох баримт болгон прокурорын газарт хүргүүлсэн прокурорын газраас Л.Гансүхийн хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ хавсаргаагүй байна лээ. Тиймээс би шүүх хуралд уг бичлэгийг прокурорын газраас авчруулмаар байна гэсэн ч шүүх хүсэлтийг минь хангаагүй.
-Та бүхний зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч шүүх хүлээн авсангүй шийдчих шиг боллоо?
-Тэгсэн. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад байхад шүүгчид шийдвэр гаргалаа. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд Ерөнхий шүүгч шийддэг. Гэтэл бид хүсэлтээ бичгээр хүргүүлээгүй байхад шүүх бүрэлдэхүүн биднийг торгож, хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан. Уг нь бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шүү дээ. Шүүх бүрэлдэхүүн болон шүүхээс татгалзсан ихэнх тохиолдолд шүүх хурал хойшилж, бидний хүсэлтийг хангах эсэхээ шийддэг. Гэтэл өчигдөр шүүгчид “За байж байгаарай” хэмээн Ерөнхий шүүгчээ хэрхэн шийдэхийг мэдэж байгаа мэт хариулт өгсөн. Дараа нь удалгүй бидэнд арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Энэ бол маш буруу.
-Өмгөөлөгч та бүхнийг шүүхийг үл хүндэтгэсэн гээд байгаа?
-Шүүгчид өөрсдөө хурлыг хийх гээд улаан цагаан дайрсан. Бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан. Улмаар хүсэлтээ бичиж, шүүхэд өгөхөөр очсон. Гэтэл биднийг торгох шийдвэр гаргасан. Эцэст нь өмгөөлөгчид шүүхийг үл хүндэтгэсэн гэх мэдээ мэдээлэл цацаж эхэлсэн байна лээ. Шүүх ингэж ажиллаж болохгүй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрх, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж байна.
-Дараагийн шүүх хурал хойшлох болов уу?
-Бидний зүгээс хойшлуулах асуудал байхгүй.
Б.Анир
Эх сурвалж: zaluu.com
URL: