М. Батчимэг ба “007”
Үнэндээ бид ч бас хэнэггүй улс юм аа. Эх орноосоо урвасан хүн гарч ирээд тагнуул хийсэн гэсэн ноцтой гэмт хэрэгт буруутгагдаж байхад тоож ярихгүй Өршөөлийн хууль дээр талцаад л үзэж тарж байв. Хориг гарангуут хүлээж аваад л хуулиа буцаагаад татаад авчих юм бол яах ч гэж тултал нь өршөөх хуулийг баталж нийгмийг залхтал талцуулав. Ер нь сайхан шуугиан дэгдээж нийгмийн анхаарлыг өөр тийш нь татаж байгаад араар нь өөр ноцтой юм гүйлгээд байгаа юм болов уу гэсэн хардлага төрж байна. Сүүлийн хэд хоногт хамт ажилладаг эмэгтэй гадаад хүнтэй байнга чатлаад ч байх шиг. Үсэг тэмдэгтээр биш маш олон цифрээр sms бичээд байгаа харагдах шиг. Эхнэр нь олон жил Хятад руу ганзагын наймаанд явсан найзындаа зочилсон чинь нэг л сэжигтэй. Намрын чуулганаар Тавантолгойг яаж шийдэх бол гэж том сэдвээр яриа өрнүүлж нэг юм сонсчих гээд ч байх шиг. Хэцүү байна. Энэ хардах сэрдэх гэдэг.
Гэвч хүн гэж адгууснаас ялгарах ухамсарт сэтгэхүйтэй нийгмийн амьтан болохынхоо хувьд хэн нэгнийг хардах сэрдэхээр дамжуулж аюулгүй байдал нь алдагдахаас сэргийлэх бол тийм цочмоор зүйл биш. Хардуулж байгаа нь үүнд эмзэглээд ч хэрэггүй юм. М.Батчимэг гишүүний өөрийнх нь телевизэд хийсэн тайлбараар бол ямар ч байсан энэ хүн улсын нууцтай холбоотой байх баримт юмтай харьцдаггүй байсан тул сэжиглэх сэдэл төрдөггүй байсан гэх утгатай зүйлийг хэлж байна лээ.
Байлдаантай киноны сар гэдэг шиг сонгууль дөхсөн жилд хэн нэг төрийн түшээ тагнуулчаар тодрох нь шинэ зүйл биш л дээ. Гэхдээ энэ удаа гадны тусгай албатай холбоотой ажиллаж хэрэг нь тогтоогдсон гэж үзээд шүүхээс ял зэм авчихсан хүний тухай шуугиан сөхөгдөж байна. Үнэн хэрэгтээ бол П-гэх эмэгтэйг гадны байгууллагатай хамтран ажиллаж эх орноосоо урвасан тухайд нийгмээрээ дүргүйлхэж бичээд байгаа юм алга. Харин М.Батчимэг гишүүнийг тагнуул мөн эсэхийг тогтоох мэт хэлэлцүүлэг өрнөчихөөд байх юм. Эх орноосоо урвасан гэж үзэхээр хэрэг хийж байсан хүнийг хажуудаа ойр дотно ажиллуулж байсан гэдгээр нь ороосон хэрэг л дээ. Тагнуул гэдгээ мэдэгдэхээр ажиллаад байвал ер нь ямар тагнуул байхав дээ. Гэхдээ туйлшрахгүй баймаар. М.Батчимэг гишүүний зөвлөхийг тагнуул хийсэн гэж ч яллаад байгаа биш улсын нууц задруулсан гэдгээр нь буруутгасан юм шиг билээ.
Нэгэнт нийгмээрээ тагнуулч сэтгэлгээтэй болчихоод байгаа хойно өнөөх хэрэгтэн болоод байгаа эмэгтэйн ба М.Батчимэг гишүүний оронд тагнуулч болж харцгаая.
Манай тагнуулын байгууллага П-г сэжиглэж тусгай ажиллагаа мөрдлөг явуулж эхэлсэн юм шиг байгаа юм. Энэ нь ямар хугацааанд өнгөрснийг бүү мэд. Гэхдээ хэрэг тогтоогдоод ирэхээр энэ талаараа гишүүнд хэлжээ. Хэрвээ“сэжигтэн” зөвлөх П-г шалгах явцад М.Батчимэг гишүүнийг энэ ажиллагаанд холбоотой сэжүүр гарсан бол таны хамтрагч нөгөө тагнуулыг бид шалгаж байнаа. Ажлаас нь чөлөөлөөд өгнө үү гээд зохих албаны хүн шууд хэлээд явж байх уу. Харин ч чимээгүй хоёлуланг нь нотлох баримттай гардахыг хүлээнэ биз дээ.
Нөгөө талаас П – нь огт цэвэр байхад нь нотлох баримтгүйгээр зүтгүүлээд 19 жилээр тасалж хүнийг хар ангалд унагаачих шүүгч нар арай байхгүй. 39 он биш шүү дээ. Энэ бол тусдаа асуудал байх.
Миний бодлоор энэ асуудалд эрхэм гишүүн өөрөө бас их ач холбогдол өгөөд байх шиг. Итгэж ойр шадарлаж байсан хүн нь алдаа хийж урвах биш юм аа гэхэд мөнгө олох сэдлээр бичиг баримт дамжуулсан байсныг мэдээгүй байж болох. Ямар гадаадын нууц агентууд улсын нууц мэдэх гээд Нарантуул зах дээр эргэлдээд байх вэ дээ. Төрийн ордонд ажилладаг улсын нууцад ойр байдаг хүнд л ойртохыг хичээнэ биз дээ. Гэхдээ ийм үед нь манай хүн намайг мэхэлжээ, хүний адаг байжээ гээд нэрээ авч гарах гэж улайрахгүй байгаа нь дажгүй хүнлэг санагдлаа. Айхтар хүн юм. Нэр хүндийг нь унагах гэсэн цохилтын салхийг өөртөө зөвөөр эргүүлж давуу тал болгож чадаж байна. ТВ-д өгсөн ярилцлагыг нь үзсэн цөөнгүй хүн хүнд байдалд орсон ч хамт ажиллаж байсан нэгийгээ муулж хар нүхрүү нь тэр чигээр нь түлхэхгүй байна шүү. Арьсаа бодоод нэгэндээ бүх мууг чихээд суудаг улс төрчид байдаг шүү гэж нааштай амтай сууж байх.
Бид одоо шуугиад байгаа асуудалдаа дөрлүүлж өөрсдөө их төөрөлддөг болжээ. Өршөөлийн хууль дээр баахан шуугисан. Асуудлын гол нь авилгачдыг өршөөлөө гэж эхэлснээ нэгэнт шүүхээр таслагдаад Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн ганц Н.Энхбаярыг онилж аваад хадуурсан. Сүүлд нь жинхэнэ тоглолт нь Н.Энхбаяр ч биш Тавантолгой юм байна гэж нэг нь “юм “ шидэнгүүт бөөнөөрөө тэр зүгт хошууран бичиж эхэлсэн.
Төрийн ордонд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга хийж явсан хүн гаднын нууц албадад улсын нууц задруулаад хэрэг нь илэрч шүүхээс шийтгэл хүлээжээ гэсэн мэдээг байдаг л зүйл шиг уншаад өнгөрөөсөн. Харин хэд хоногийн дараа тэр хүүхэн чинь М.Батчимэг гишүүний зөвлөх байжээ гэнгүүт пөөх паах болоод явчихлаа. Энэ ч бас аргагүй. Дугаар хорооны иргэний тухай яриагүй шүү дээ. Гэхдээ хэнийг анх ярьж эхэлснээ ч мартаад М.Батчимэг гишүүнийг “007” байж гэхийн наагуур дайрч одоо огцрооч гээд эхэллээ. Цаанаас ийм өрнөлөөр явахаар тооцож зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй ч бид өөрсдийн толгойтой гэдгээрээ асуудалд хандах ёстой байх.
Гэхдээ энэ шуугиандМ. Батчимэг гишүүн нэр холбогдох сэжүүрийг хэн нэгэн эрэн сурвалжлах сэтгүүлч гаргаж ирээгүйд хамаг учир байгаа юм. Нэг талаас сэтгүүлчид бид мэдрэмж муутай байж гэж өөрсдийгөө шүүмжилмээр.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх П-г улсын нууц задруулсан хэрэгт буруутган шүүхээс 16 жилийн ял оноосон. Энэ хүнийг өөртөө ойр дөт шадарлуулж зөвлөхөөрөө ажиллуулж байсан Их хурлын гишүүний тухай огт ярихгүй өнгөрнө гэвэл өнөөгийн нийгэм хэтэрхий дүлийрсэн хэрэг болно. Харин эндээсээ хэт туйлширч болохгүй байх.
“Тангад улс мөхөөгүйг өглөө болгон надад сануулж бай” гэж Чингис хаан хэлсэн шиг манайтүшээд төр түшиж, улсын нууцыг уншиж байдгаа санаж үг үйлдлээ цэнэж явахыг сануулсан хэрэг боллоо.
Нэмж хэлэхэд ямар ч байсан манай тагнуул улсын нууц алдагдаад байгааг илрүүлж таслан зогсоож чадсан байна. Энэ чинь л “гүүд” биз дээ. Цааш нь бид хэвлэлээр өөр олон холбоотон сүлбээтэн байж болох“тагнуулч”-ийг хайж нийгмээрээ хуучны НАХЯ –ны ажил хийх дэмий байх.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
URL: