Микроныхонд хариуцлага тооцох хүн байна уу?
Нийтийн тээврийн автобус иргэдэд богино эргэлтээр үйлчилж эхлээд хэсэг хугацаа өнгөрлөө. Нэг автобусанд сууж500 төгрөг төлөөд харьчихдаг байсан бол одоо хоёр, гурав дамжиж дахин илүүг төлөх болсон. Гэтэл “Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор” гэгчээр эл байдлыг ашиглан микро автобусныхан үнэ тарифаа дур мэдэн нэмж, иргэдийн зайлшгүй хэрэгцээн дээр тоглолт хийж эхэллээ.
Тодруулбал, өмнө нь Зуун айлаас21 дүгээр хороолол хүртэл500 төгрөгөөр зорчдог байв. Гэтэл одоо1000 төгрөгөөр иргэдэд үйлчилгээ үзүүлж, тэр ч бүү хэл21.00 цагаас хойш тариф нь нэмэгдэж1500-2000 төгрөгт хүрдэг боллоо. Иргэдийн зарим нь автобусанд олон удаа дамжин сууж байхаар микроны мөнгө хураагчийн хэлсэн үнээр нь зорчих нь биед амар гэх юм.
Харин хэл амтай хэсэг бүлэг нөхөд нь“Хэзээнээс үнэ тарифаа нэмчихсэн юм. Нийслэлийн Тээврийн газраас үнээ нэм гэсэн шийдвэр гараагүй” гэж хэрэлдэх аж. Хариуд нь мөнгө хураагч “Тэгвэл та нар тэр том оврын автобусандаа суугаач дээ. Хоёр, гурав дамжаад илүү зарлага гарах биз. Хүчилж ямар суулгасан биш. Та л сонголтоо хийнэ шүү дээ” гэх боловсон мөртлөө гашуун үгээр амыг нь таглаад өнгөрөх юм.
Уг нь нийслэлийн Тээврийн газар эл байдлыг хянах ёстой эрх бүхий субьект. Гэтэл өнөөдрийг хүртэл дураараа дургиж байгаа микро автобусныханд хариуцлага тооцох нь бүү хэл хяналт шалгалт хийхгүй байгааг олон хүн шүүмжилж байна. Илүү үнээр зорчиж байгаа нь иргэдийн нуруун дээр багагүй ачаа нэмсэн төдийгүй хуулиа ч зөрчиж буй явдал юм. Тиймээс холбогдох газар нь энэ үйлдлийг анхааралдаа авч хариуцлага тооцох цаг хэдийнэ болжээ. Харин үүнийг хэн хийх вэ.
С.Ичинхорлоо
URL: