Хятадаас хүнс авмааргүй байна
Энэ бол нэг биш нийт Монголчуудын хүсэл байх. Өнөөдөр нийслэлчүүд бидэнд тулгамдаж байгаа олон асуудал бий. Утаа, агаарын бохирдол, Туул гээд яриад байвал дуусахгүй. Энэ бүх асуудлын дээгүүрт хүнсний аюулгүй байдал бичигдэх нь тодорхой. Өнөөдөр Монголчууд хүнсний хэрэглээнийхээ 80 орчим хувийг өмнөд хөршөөсөө авдаг гэсэн судалгаа бий. 80 хувь гэдэг аюулын харанга дэлдсэн тоо биш үү. Бараг л махнаасаа бусдыг нь Хятадаас авч байна гэсэн үг. Нэг ичмээр нь бүхий л цагаан идээгээ бид өмнө зүгээс зөөх шахсан байна шүү. Хятад сүү, тараг том том супермаркетаар дүүрэн л байна.
Арай ааруул, ээзгий, өрөм зөөхийгөө зөөх нь холгүй л байна шүү дээ. Хятадууд юу хамаагүй хийдэг болохоор бүх л төрлийн цагаан идээ боловсруулаад, манайхан ичихгүй зөөж байж ч магадгүй. Үнэхээр ичиж үхмээр дүр зураг. Гэтэл бид өөрсдөө тийм яадгаа алдсан, Хятадаас хүнс авахгүй л бол өлбөрөх гээд байгаа ард түмэн мөн бил үү. Хүнсний гол хэрэглээ болсон “махаа” бид хөдөө талдаа өсгөж байгаа. Гурилынхаа хэрэгцээг бага зэрэг хичээвэл бүрэн хангах гэрэлт ирээдүй ч бий.
Уг нь социализмийн үед “Атрын аян”-ы хүчээр бүрэн хангаж байсан л даа. Даанч сүүлийн жилүүдэд уначихсан л болохоос. Одоо газар тариалан харьцангуй сэргэж, улаан буудай ургуулах гэж зүтгэж байгаа хүмүүс ч их болж Засгаас ч боломжоороо дэмжиж байгаа. Гагцхүү архи болгоод байгаа буудайгаа багахан багасгаад, гурил үйлдвэрлэвэл хойно, урдаас гурил зөөх шаардлага байхгүй болох байлгүй. Ингээд гурил, махтай байхад өлсөнө гэж даанч нэг байхгүй дээ.
За яах вэ, хүнсний ногоо хэрэг болдог юм байж Түүнийг ч Монголчууд өөрсдөө тариад, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Өнгөрсөн жил гэхэд төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 80 гаруй хувьтай хангасан тухай албаны хүмүүс хэлж л байсан. Энэ жил ч гэсэн төмс, хүнсний ногоо сайн л ургаж байгаа юм билээ. Зах, дэлгүүрээс авахуулаад монгол төмс, хүнсний ногоог янз бүрээрээ нь л зарж байна. Хятад төмс зардаг дэлгүүр ч байхаа больжээ. Тэгэхээр бид идэш уушаа өөрсдөө бэлтгээд байх боломж байгаа биз.
За яах вэ, цагаан будаагаа Хятадаас авна л биз. Түүнээс өөр хүнсний бүтээгдэхүүн авахаа л болъё л доо. Төрөөс хүнсний бүтээгдэхүүн, элдэв чихэр жимс, бэлэн гоймон гаднаас оруулахыг хориглосон ч яадаг юм. Энэ бол өнөөх хүнсний аюулгүй байдлыг хангах нэг хэлбэр биш үү. Бүхий л үеийн түүхэндээ манай улсыг сөхрүүлэх, эзлэх гэж оролдсон хятадуудын бидэнд зориулж хийсэн чанаргүй, бүр хортой хүнсийг ходоод руугаа “чихэж” хордож байснаас л дээр. Бүр хорьж дийлдэггүй юм бол тодорхой хувь зааж өгсөн ч болно. Түүнээс гадна ногоо тарьж байгаа тариачид үнэ өртгөө арай хямдруулбал хятадуудын ялгадсаараа бордсон өмхий ногооноос бага ч болов зайлах арга тэр.
Хүмүүс хятад ногоо идье гэж хүссэндээ аваад байгаа юм биш гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Зөвхөн монгол хөрсөнд ургасан, экологийн цэвэр хүнсний ногоо арай өндөр үнэтэй болохоор авч дийлэхгүй л байгаа шүү дээ. Тиймээс хятад ногоо авч байгаа. Бүр огт өөрөөр оролдоод үзье гэвэл хүн бүр хашаандаа жаахан ч гэсэн төмс тарьж болж байна. Монголын эрүүл хөрсөнд төмс аяндаа л ургана. Энэ мэтээр бид зүтгэвэл гэрэлт ирээдүй ч ойрхон байна даа. Ямар ч л байсан хятадаас хүнсний бүтээгдэхүүн авмааргүй байна.
Н.Пунцагболд
URL: