Ангела Меркел дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй

“Форбс” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Өнгөрсөн онд дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама тодорч байв. Харин Меркель 2006-2009 онд жагсаалтыг мөн тэргүүлж байсан аж. Одоо Германы Канцлерь дэлхийн улс төр, эдийн засагт нөлөө бүхий оргилуудын нэг.

Энэ жилийн жагсаалтын хоёрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон орсон байна. “Форбс” түүний Ойрхи Дорнодын хувьсгалын үеэр хийсэн ажлуудыг өндрөөр үнэлжээ. Гуравдугаар байрт Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефф жагсчээ. Тэрээр Латин Америкийн асар том эдийн засагтай улсын анхны Төрийн тэргүүн учир эл эгнээнд багтсан аж. Жагсаалтын дөрөвдүгээрт “Пепси Ко”-гийн тэргүүн Индра Нуи, тавд “Фэйсбүк”-ийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг орсон байна.

Түүнчлэн эхний аравт дараах хатагтай нар оржээ. Үүнд, “Майкрософт”-ыг үндэслэгч Билл Гейтсийн эхнэр Мелинда, Энэтхэгийн барууны намын тэргүүн Соня Ганди, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, “Крафт Фүүдс” компанийн гүйцэтгэх захирал Айрин Розенфельд нар багтжээ. Жагсаалтын хамгийн залуу эмэгтэйгээр 11 дүгээр байрт орсон дуучин Леди Гага тодорчээ. Харин хамгийн туршлагатай хүчирхэг эмэгтэйгээр 49 дүгээр байрт жагссан Их Британийн хатан хаан II Елизавета аж. Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн дундаж нас нь 54 бөгөөд тэдний нийт хөрөнгө 30 тэрбум доллараар үнэлэгджээ. Жагсаалд орсон хатагтай нарын 22 нь ганц бие юм байна.

М.Тилек


URL:

Сэтгэгдэл бичих