Үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө хөдөөд замхарч эхэллээ
Хаваржингаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мөнгийг хүлээж чилсэн үйлдвэрлэгчдийн мөрөөдөл зуны дунд сараас биелж эхлэв. Газар тариалан, хүнсний ногооны аж ахуй эрхэлж байгаа бизнесмэнүүдэд энэ мөнгө цагаа олж очоогүй ч намар ургац хураалтад хүү багатай зээл нэлээд нэмэр болдгийг тэд хэлж байгаа юм. 2002-2008 онд энэ салбарт гурван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж байв. Харин энэ тоо өнгөрсөн жил 60 тэрбумд хүрсэн бол энэ жил орон нутагт 11 тэрбумыг тарааж, 14 тэрбумыг өгөхөөр хэлэлцэж байна.
Дараа нь 300 тэрбумын бонд гаргахаар болсон. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүрээнд 2154 үйлдвэр ажлаа өргөтгөж, 1096 жижиг, дунд үйлдвэр “мэндэлсэн”. Олон мянган хүн цалинтай золгож, ажилгүйдлийн тоо буурсан гэж аймаг, сумдын дарга нар сайрхдаг. Засгийн газарт тэд ийн тайлагнадаг ч хамаатан садан, танил талдаа өнөөх мөнгөнөөс илүүчилж, хувийн бизнесээ өргөжүүлдэг нь ил цагаандаа гарчээ.
ЗАСАГ ДАРГА НЬ ТАЙВШРУУЛЖ, НЯГТЛАН НЬ ЗАВШИВ
Өнгөрсөн тавдугаар сард бид сумдын Засаг дарга нартай холбогдож орон нутагт олгох хөнгөлөлттэй зээлийн талаар тэдний байр суурийг сонссон юм. Тэр үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох “Манай суманд ирэх сараас 60 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр олгож эхэлнэ. Одоогоор түүхий эдийн боловсруулалт, мах, талхны цех, газар тариалангийн 10 гаруй төсөл ирээд байна. Үүний хүрээнд 30 гаруй ажлын байр бий болох тооцоотой байгаа. Газар тариалан эрхэлж, хүлэмж барих гэсэн иргэд энэ зээлийг хоёр сар хүлээсэн. Суманд тариалалтын ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Сумын хэмжээнд таван хүлэмж авах гэсэн иргэд зээл харсаар тариалалтын үеийг өнгөрөөлөө” гэж оройтож олгосон орон нутгийн үйлдвэрлэгчдийн мөнгөний талаар харамссан.
Мөн тэрээр “Энэ мөнгө олгогдож эхэлбэл сумын залуус ажилтай болно. Аймгаас сумдын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх мөнгөнд хяналт тавих болохоор зээл журмын дагуу хүрнэ” хэмээсэн. Гэтэл тус сумын ерөнхий нягтлан бодогч албан тушаалаа ашиглаж суманд хуваарилсан өнөөх мөнгөнөөс завшсан гэх хэргээр Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхлэв. Ерөнхий нягтлан бодогч Э сумын хэмжээнд хуваарилсан 70 сая төгрөгийг албан тушаалаа ашиглаж танилууддаа зээлүүлсэн гэж Авилгатай тэмцэх газрынхан үзэж байгаа юм.
ААВ НЬ ЗАСАГ ДАРГЫН НАЙЗ УЧРААС АХИУХАН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
Говийн аймгийн сумдад үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө хэрхэн олгогдож байгаа нэг жишээг өмнө дурдсан. Харин баруун зүгт энэ мөнгө хэний халаасыг илүү түнтийлгэж байгаад чих тавьсан юм. Завхан аймгийн Сант сумын иргэд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мөнгө жил болгон Засаг даргын хамаатнуудад очдог. Энэ жил мөн л энэ замаар очих биз хэмээсэн. Харин Баян-Өлгийд төсөл шалгаруулах комиссын гишүүдийн найз нөхөд илүү эрхтэй байгааг дуулгалаа. Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэдийн төслийг долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс шалгаруулж байгаа аж.
Хоёр сар гаруй хугацаанд хүмүүсийн төсөлтэй танилцсан ажлын хэсэг хэнийг харж үзэхээ шийджээ. Энэ жил тус сумыг хөгжүүлэх санд 70 сая төгрөг хуваарилагдсан. Одоогоор хамгийн их төсөл авсан хүмүүс 5-8 сая төгрөгийн эрх өвөртлөөд байгаа аж. Сум жижиг болохоор хэн нь хэн бэ гэдгээ мэднэ. Тиймээс Булган суманд хамгийн их зээл авсан хүмүүс төсөл шалгаруулах комиссын гишүүдийн найз нөхөд, эхнэр хүүхэд байгааг мэдэхэд амар гэдгийг сумын иргэд хэлж байгаа юм. Энэ мэтчилэн хөдөөд “эзэнгүй газрын бумба галзуурна” гэгчээр үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө замаасаа замхарч эхэллээ.
Хурган дарга нар хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ажлын байр нэмэгдэнэ. Манай сумын иргэд ажилтай болно л гэдэг. Гэтэл Үндэсний статистикийн хорооны мэдээ үүнээс эсрэг байх юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард статистик мэдээгээр улсын хэмжээнд 40 гаруй мянган иргэн ажил хайж байгаа үзүүлэлт гарсан. Мөн энэ сарын мэдээгээр орон нутгийн ажилгүй иргэдийн тоо өссөн байх юм. Статистикийн мэдээ хүртэл жижиг, дунд үйлдвэрийн зээл эзэддээ биш даргад очоод байгааг хэлээд байх шиг.
Э.Солонго
URL: