Дэлхийн аваргууд олимпийн аваргуудыг буулган авлаа

1b519ed84828f138deff34398cb7d505

Японд волейболын дэлхийн цомын төлөөх эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлээд байна. Тэмцээний хоёр дахь өдрийн Польш, ОХУ-ын багуудын хооронд өрнөж, өнгөрсөн оны дэлхийн аварга Польшууд Лондоны Олимпийн аваргуудыг 3-1-ээр буулган авлаа.

Эрэгтэйчүүдийн дэлхийн цомын төлөөх 13 дахь тэмцээний хоёр дахь өдөр өнгөрсөн жил нутагтаа анх удаагаа дэлхийн аварга цол хүртсэн Польшийн шигшээ Лондоны Олимпийн аварга Оросын багтай халз туллаа. Хамаматсу хотод явагдах тус тоглолтын эхний сетэд 2011 оны дэлхийн цомын эзэн хойд хөршүүд 24-20-оор хожигдож байсан хэдий ч тулааныг эргүүлж, 28-26-гийн харьцаатай ялалт байгуулсан байна. Харин дараагийн үед Польшууд Оросын багийн нэг сетболл-ыг хамгаалж, улмаар 27-25-аар хожил авч, харьцааг тэнцүүлжээ.

Владимир Алекногийн шавь нар гурав дахь сетэд давуулалт болон хүлээн авалтан дээр шаардлагагүй олон алдаа гаргасны улмаас энэ үе 25-19-ийн харьцаатай дэлхийн аваргуудын ялалтаар өндөрлөлөө. Дөрөв дэх үед оросын шигшээ ахмад од Сергей Тетюхин болон багийн ахлагч Дмитрий Мусэрский, хөндлөн довтлогч Максим Михайлов нарын хүчин зүтгэлээр 15-11-гийн харьцаатай тэргүүлсэн. Гэвч цаашид Бартош Курек, Рафаль Бушчек, Михаль Кубяк нар удаа дараалан амжилттай довтолж, харин эсрэг талд өрсөлдөгчид нь алдаа хийснээр 5 оноо дараалан авч, энэ давуу байдлаа алдсангүй, 25-22-оор ялснаар 3-1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа.

Тоглолтын шилдгээр 25 оноо авсан Курек тодорсон бол эсрэг талд Мусэрский 20 оноо цуглуулсан байна. Польшууд АНУ, Итали болон Аргентины багуудын хамт хоёр хожилтой тэмцээнийг хошуучилж байна. Харин Оросын шигшээгийн хувьд Рио-гийн эрхийг олгох эхний хоёр байранд шалгарах зорилгоо биелүүлэхийн тулд үлдсэн 9 тоглолтонд хожигдох эрхгүй боллоо. Энэ өдрийн бас нэгэн сонирхолтой тулаанд зохион байгуулагч орны баг Америкийн шигшээтэй өрсөлдлөө. Азийн төлөөлөгчид эхний хоёр үед л далайн чанадын хүчтэй волейболчидтой эн тэнцүү тоглож, 25-23-аар хожигдсоны дараа 25-21-ээр ялж, сетийн харьцааг тэнцүүлсэн. Харин цаашид Мэттью Андерссон тэргүүтэй америкчууд хоёр сетийн туршид эсрэг багтаа нийт 25 оноо авах боломж олгон, 3-1-ийн харьцаатай төвөггүй ялалт байгууллаа.

Тэмцээний хоёр дахь өдрийн бусад тоглолтын дүнг танилцуулахад: Египетийн багийн ахлагч Ахмед Абделаи Канадын эсрэг гайхалтай 36 оноо авсан хэдий ч багаа таван сетэд ялагдахаас аварч чадсангүй. Италийн шигшээ Австралийг гурван үед зовлонгүй, буулган авлаа. Өмнөд Америкийн хоёр багийн тулаанд Факундо Конте тэргүүтэй Аргентинчууд шийдвэрлэх 5-р үед 15-10-аар Венесуэлийн эсрэг ялалт байгуулсан бол Аки, Африкийн багуудын тулаанд Иранчууд Тунисын шигшээг 3-1-ээр хожсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих