Үнэгүй зорчих тасалбарын захиалга аравдугаар сар хүртэл үргэлжилнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд тав хоног үлдээд байгаа энэ үед нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутны эрхийн үнэмлэхэд өөрчлөлт ороод байгаа. Өчигдрөөс эхлэн виза картны сунгалт, захиалга болон наалт авах хүсэлтийг авч эхэлсэн. Харин энэ хугацаанд бүтэн жил үнэгүй зорчих билетээ аваагүй тохиолдолд дахин олгохгүй ажээ. Энэ талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодруулсан юм.

-Энэ хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих оюутны цахим үнэмлэхийг ашиглахгүй болсон. Харин виза картын захиалга хэзээ эхлэх юм бэ?
-Энэ хичээлийн жилээс эхлэн оюутнууд нийтийн тээврийн цахим картаар зорчихгүй. Харин виза картаар бүтэн жилийн эрхтэй, баталгаажсан наалт наан зорчих шийдвэрийг гаргасан. Нийслэлийн нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай 96 мянган оюутан байгаа. Харин виза картын захиалга сунгалт өнөөдөр /өчигдөр/ эхэлж байна.

-Виза картны захиалга оройтож эхэлж байна гэхэд болох уу. Есдүгээр сард оюутнууд үнэгүй зорчих виза карт, наалтаа авч амжих уу?

-Оюутны карт шинээр захиалах болон хугацаа нь дууссан карт дахин захиалах ажил эхэлчихсэн. Энэ жилийн хувьд оюутнууд манай холбоонд хандахгүй харин сургуулийнхаа Оюутны холбоо, зөвлөлөөр дамжуулан уг ажилд хамрагдана. Наалтны захиалга аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

-Оюутнууд энэ хугацаанд нийтийн тээврээр үнэгүй зорчихгүй гэсэн үг үү?
-Үгүй. Наалт гарах хүртэл оюутнууд хуучин виза картаа үзүүлж нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчино.

-Тэгвэл нэгдүгээр дамжааны шинэ оюутнууд виза картгүй шүү дээ. Тэдний хувьд?
-Нэгдүгээр дамжааны оюутнуудын виза картыг хамгийн шахуу хугацаанд боломжоор нь гаргаж өгнө.

-Нэг жилийн хугацаатай уг наалт хэдэн төгрөгний үнэтэй вэ. Виза картын үнэ өөрчлөгдөх үү?
-Цахим картыг урьд нь нэг сарын 3000 төгрөгөөр сунгадаг байсан бол энэ удаагийн наалтад мөн адил сарын сунгалтын хураамжийг оруулан тооцоод 3000 төгрөг авахаар болсон. 3000 төгрөг нь түгээлтийн үнэ болж байгаа. Харин тэмдэгтийн хураамж нь 200 төгрөг болсон. Нийтдээ 3200 төгрөгөөр уг наалтыг оюутнууд захиалан жил үнэгүй явах боломжтой. Виза картны нэг жилийн сунгалт 1600, хоёр жилийнх нь 2100 төгрөг байгаа.

-Үүнээс гадна виза картаа захиалж чадаагүй болон нэг жилийн наалтаа дээрх хугацаанд авч чадаагүй оюутнууд дараа нь захиалж болох уу?
-Нийслэлийн хэмжээнд 96 мянган оюутан үнэ төлбөргүй зорчино гэсэн шүү дээ. Оюутнуудын хувьд үүнд багтаж нэг жил үнэгүй зорчих тасалбар болон картаа захиалах юм бол бүтэн жил үнэ төлбөргүй зорчино. Үүнд багтаж чадахгүй бол автобусанд 400 төгрөгөө төлөөд зорчихоос өөр аргагүй.

Э.Пагмадулам


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих