Айлчлалуудын жижүүрийн хариултын цаана юу нуугдав

Намжмал байсан улс төрийн амьдралыг шил шилээ дагасан айлчлал сэрээлээ. Мөр мөрөө балласан энэхүү айлчлалуудын үр дүн Монголд юу зөгнөв гэдэг нь хачирхалтай. Мөн ээдрээтэй, үл ойлгогдох олон асуултад хэн нь ч албан ёсоор хариулт өгсөнгүй. Өргөтгөсөн уулзалтаар ээдрээтэй асуудал хөндөгдсөнгүй.

Албан мэдээнд ч энэ талаар нэг өгүүлбэр тусгагдсангүй. Гагцхүү ганцаарчилсан уулзалтууд үргэлжилж, хөшигний цаана ажлаа амжуулаад нутаг буцав уу  гэх хардлага үлддээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын 17 дахь ерөнхийлөгч Ли Мен Багийг манай улсад айлчлахдаа Тавантолгойгоос Солонгосын консорциум хасагдсан эсэхийг нягталж, шалгахаар ирлээ хэмээн улс төрийн хүрээнийхэн төдийгүй хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байв.

Ли Мен Багийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа хэмээн дугнэж буй. Улмаар хоёр орны Ерөнхийлөгч зэрэгцэн сууж, 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж, үүний ачаар манай улс оношилгооны төвтэй болохоо баяртайгаа мэдэгдэв.

Айлчлалын үеэр хоёр орны иргэд визгүй зорчих асуудал хөндөгдсөн юм. Энэ оны тавдугаар сард Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д айлчлахдаа дээрх асуудлыг хөндөж, нөгөө тал асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээ хэлж байсан. Энэ удаад ч жижүүрийн хариултаа өгч, нислэгийн давтамжийг дээшлүүлэхээ хэлэв.

Харин таамаглаж байсан асуултад хариу олдсонгүй. Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллахаар болж тохиролцсоныг эс тооцвол нэг ч үг, өгүүлбэр цухалзсангүй. Уг нь Солонгосын тал ирэхээсээ өмнө санаагаа ил бөгөөд тов тодорхой илэрхийлсэн гэх. Иймдээ ч айлчлалын бүрэлдэхүүндээ томоохон корпорациудын удирддагууд, төлөөлөгчдийг хамруулсан харагдсан.

Гэхдээ ганцаарчилсан уулзалтын халуун сэдэв нь Тавантолгой байсан хэмээн эх сурвалж мэдээлсэн. Улмаар визийн асуудал хөндөгдөхөд сөргүүлээд консорциум яригдсан гэх мэдээлэл ч бий. Ц.Элбэгдорж Солонгос, Японы консорциумыг Тавантолгойд ажиллуулах сонирхолтой байгаа. Иймээс тэдний санаа нэгдэж, Ли Мен Баг ч зорьсон хэргээ бүтээж, сэтгэл тэнэгэр эх орон руугаа буцсан бололтой.

Харин Ерөнхий сайд С.Батболдын урилгаар зочилж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байденийн айлчлал даруухан болж өнгөрлөө. Урд нь АНУ-ын талаас айлчилж байсан албан тушаалтнууд ихэд сүр дуулиантай ирдэг байсан бол энэ удаад төв замын хэдэн уулзвар бөглөрч, Төрийн ордны эргэн тойронд мэргэн буудагчид болоод хүчлэн хамгаалалт гарсныг эс тооцвол намжмал байдалд өрнөлөө.

Гэхдээ хөл толгой нь үл ойлгогдох байдал ч ажиглагдаж байв. Сэтгүүлчдийн сурвалжлах мандатыг манай улсын Гадаад харилцааны яамны оролцоогүйгээр АНУ-ын тал бүрэн хариуцахаа мэдэгдсэн гэх. Улмаар хэнээс, хаанаас мандат авах нь тодорхойгүй. Эсэргүүцлийн жагсаал, цуглаанаас болгоомжлон ийн аягласан гэж ойлгож болох ч бүхэл бүтэн нэг улсын ГХЯ-ыг үл ойшоов уу гэлтэй.

Гэтэл мандат олгосон сэтгүүлчдийг ч аливаа арга хэмжээнд оролцуулахгүй байх сонирхол давамгайлж байлаа. Гэхдээ энэ нь ганц АНУ гэлтгүй манай талд ч ийм байдал ажиглагдаж байв.

АНУ-ын Конгрессоор цөмийн хаягдлыг булшлах асуудал хөндөгдөхөд нөөц хувилбар яригдсан нь өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг Монгол Улс. Энэ талаар тодорхой албан тушаалтнуудтай хийсэн гэрээ хэлэлцээр ч байгаа талаар Японы хэвлэл анх дэлхий нийтэд цацсан. Тэд энэ мэдээлэл ташаа байсан талаар өнөөг хүртэл няцаалт хийгээгүй бөгөөд байр сууриа хадгалсаар буй.

Жозеф Байден ч энэ айлчлалын үеэр дээрх мэдээлэлд няцаалт хийсэнгүй. Тэрбээр манай улсад зургаан цаг саатахдаа Ерөнхий сайдтай ганцаарчилсан уулзалт хийж, ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ нь түүнийг дээрх санаагаа хэрэгжүүлж, ажил хэрэг болгожээ гэх хардлагыг төрүүлэв.

Засгийн газрын 14 хоногийн амралтаар Ерөнхий сайд С.Батболд АНУ-д алжаалаа тайлж байгаад ирсэн. Цөмийн хаягдлыг булшлах асуудал хөндөгдөж, цаг үе ээдрээтэй байхад тэрбээр заавал тус улсыг зорьсон нь хачирхалтай. Улмаар С.Батболд энэ сарын 16-нд нутагтаа ирсэн бол Жозеф Байден мөн өдөр Хятад улсаас айлчлалаа эхлүүлсэн байдаг. Дашням, Балжинням давхцав уу гэлтэй эл огтлолцлыг юу гэж тайлбарлах билээ.

Мөн 67 жилийн дараа ирж буй дэд ерөнхийлөгчийн айлчлалыг дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цөмийн асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцож, гэрээ хэлцэл хийсэн хэмээн мэдээлжээ. Гэхдээ цөмийн хог хаягдлыг булшлах асуудал хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа талаар дурьдсан байна.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Цөмийн энергийн газрын даргад хариуцлага тооцохыг анхааруулсан байх юм. Засгийн газрын тэргүүн С.Батболд тус газрын даргыг ажлаа хийж чадахгүй, цөмийн хаягдлын талаар элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой үнэн, зөв мэдээллийг олон нийтэд тайлбарлаагүй, боддого нь хэрэгждэггүй, салбарын уялдаа холбоо муутай хэмээн шүүмжилж, ийн хариуцлага тооцохоор болсон байна.

Ямартай ч Жозеф Байденийн айлчлал Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах асуудлаар тохиролцож, гарын үсэг зурсан байж болзошгүй хэмээх таамаг үлдлээ.

Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан манай улсад найрсаг айлчлал хийж буй. Өмнөх айлчлалын мөр арилаагүй байхад Жоу Юнкан ирсэн нь С.Батболд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй хийсэн тохиролцоогоо олны нүднээс нууж, асуудлыг баллуурдах гэсэн үйлдэл хэмээн улс төр судлаачид хардаж байна.

Жоу Юнкан бол АНУ-ын талтай сайнгүй харилцаатай нэгэн. Учир нь түүнийг Кебер халдлагыг зохион байгуулагч хэмээн тус улсын хэвлэлээр олонтаа мэдээлж байжээ. Гэтэл нэгнээ үздэггүй хоёр хүний айлчлал ийн шил шилээ дарсан нь олныг гайхшруулаад буй юм. Жоу Юнкан энэ жил дэлхийн ихэнх оронднайрсаг айлчлал хийж, улс төрийн хүчнийхэнтэй уулзаж, баримт бичиг үзэглэж буй нь олны анхаарлын төвд буй.

Манай улсад ч мөн МАН-ын дарга С.Батболдтой ганцаарчилсан уулзалт хийсэн бол АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Иргэний зориг намын дарга С.Оюун, Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон нартай өчигдөр өргөтгөсөн уулзалт хийлээ.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих