Бүрэн танхим, шинэ найдвар

169552-09092015-1441783127-485614581-chuulgan-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан зургаан сайдыг УИХ томиллоо-

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. Тодруулбал, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригт, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болор, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарыг тус тус томилсон юм.

Хэлэлцүүлгийн үеийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

УИХ-ын дэд дарга М.Энхболд: Хуулийн хугацаа өнгөрөөд хоёр хоног боллоо. Хууль зөрчсөн томилгоо болж байна. Ерөнхий сайд та Ерөнхийлөгчийн зөвшилцөх бичгийг яагаад авч хэлэлцэлгүйгээр УИХ-д өргөн барив. Ерөнхийлөгчийн үгийг яагаад тоохгүй байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар: Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэхээс илүүтэй Монголын Засгийн газарт ажиллана. Ард иргэдийн шүүмжлэлийг засч залруулахын төлөө ажиллана. Чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ. Шадар сайдын алба бол шагнал биш. Энэ томилгоонд баярлаж талархахаас илүү маш том хариуцлага хүлээж байна. Улс төрийн намаараа талцуулах бус ,төрийн бодлогыг барьж ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Сайдын суудал овоон дээр тавьдаг хадагны үнэ цэнэтэй адил боллоо. Эвслийн бүлгийн гишүүдээс О.Баасанхүү, Г.Уянга хоёр л сайд болсонгүй. Хэрэв дөрөвдүгээр ээлжийнхэн “хоол”-нд орвол О.Баасанхүү, Г.Уянга хоёроо битгий мартаарай. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва гишүүн Ч.Сайханбилэгтэй хамтарвал Монголоос урвасан хэрэг болно гэсэн байсан. Тэгвэл МАХН-аас сайдад нэр дэвшиж байгаа З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар хоёр Монголоос урваж байна гэж үзэж болох юм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Монголын газар нутгийг зарсан Ч.Сайханбилэгийн танхимд хамтарч байгаа нь шударга ёсноос урваж байгаа хэрэг. Би дээрээ маш олон даргатай. Тэр бол сонгогчид, ард түмэн. Дээрээ олон даргатай байхын зовлонг мэддэггүй, жагсаалтаар орж ирсэн “Шударга ёс” эвслийн гишүүдээс асуумаар байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Улс төрийн албыг төрийн албанаас тусад нь авч яваарай. Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллаарай. Хууль бус заалтыг биелүүлэх гэж муйхарлан зүтгэх хэрэггүй. Монголчуудын нийтлэг эрх ашигт захирагдаж ажиллаарай.

Сангийн сайд Б.Болор: Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай. Орлого тасарсан байгаа. 2015 оны төсвийг тодотгоход Ажлын хэсгийг ахалж байсан. Тодотголыг ойрын хугацаанд оруулж ирнэ гэсэн бодолтой байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Гарцаагүй нөхцөл байдалд хүрээд дараагийн нүүдлээ буруу хийснээр хожигддог юм. Буруу нүүдлээ хийгээд явсаар байгаад улс орноороо хожигдох нөхцөл байдалд хүрэх вий.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: З.Баянсэлэнгэ гишүүнийг мэргэжлийн бус гэж их шүүмжиллээ. Энэ хүн Цагдаагийн академи төгссөн эрх зүйч мэргэжилтэй хүн. Таны хувьд улаан гараараа байшингаа барьсан нь давуу тал. Гэр хороололд амьдардаг олон хүний асуудлыг та Зайсанд амьдардаг иргэнээс илүү сайн ойлгоно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үлдэж байгаа хугацаанд улс орны өмнө тулгараад буй нөхцөл байдал, эдийн засгийн хямрал жирийн биш, онцгой байдлаар ажиллахыг шаардаад байна. Улс төр, эдийн засаг нь залуураа алдчихсан. Одоо бид хувьсгалын өмнө зогсож байна. Тогтолцооны шилжилт хийж байж энэ байдлаас гарна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Тангараг өргөсөн төрийн албан хаагч бол хуулийн дагуу ажиллана. Монгол төр тогтвортой байх ёстой. Хууль зөрчсөн зүйл байвал алдааг засна.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих