Занданшатар сайд аа, Одоо ”Нью-Иорк таймс” сонин руу захидал бичих үү
Монголд цөмийн хог хаягдал булшлах талаар Америк, Япон, Монгол гурван улсын хэлэлцээр хийгдэж байгаа талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдаад багагүй хугацаа боллоо. Тэр ч байтугай хийгдэж байгаа гэрээний төслийг хүртэл Японы хэвлэл нийтэлж орхисон. Харин энэ асуудалд Монголын төр засаг холбогдох албаныхан толгой сэгсрэн таг гүрийсээр.
Улс оронтой нь холбоотой чухал мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байхад цөмийн энергийн газраас ямар ч арга хэмжээ авч цэгцтэй тайлбар мэдээллийг ард түмэндээ өгсөнгүй. Бүр энэ талаар хийсэн ажлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг удаа дараа авсан Цөмийн энергийн газрын дарга ноён С.Энхбат хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанд ирээгүй, асуудлыг хойшлуулж байсан.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хувьд “Ерөөсөө тийм зүйл байхгүй.” Цөмийн хаягдал булах талаар ямар ч гэрээ хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдэж цөмийн хаягдлын талаар анх мэдээлсэн Японы Майничи сонинд захидал хүргүүлсэн байгаа. Үндэслэлгүй мэдээлэл цацсандаа тэд уучлалт гуйна гэдэгт найдаж байна” гэж байсан удаатай.
Тэгвэл Обамагийн Засгийн газар цөмийн хог хаягдлыг булах талаар гэрээ хэлэлцээр хийж байгаа тухайгаа сенатын танхимдаа мэдэгджээ. Энэ тухай Америкийн “Нью-Йорк таймс” сонины өнгөрсөн 23-ны дугаарт сэтгүүлч Hannah Northey нийтэлсэн байна.
“Орос ба Хятадын голд оршдог үр ашиггүй өргөн уудам нутагт, талын нэг тараагаад хаячихсан хүн ам, хатуу ширүүн уур амьсгалтай, хөгжил буурай, эдийн засгийн тал хувь нь урд хөршөөсөө хамааралтай, Монгол Улсад цөмийн хаягдлаа булшлах хэлэлцээр хийж байгаа” гэсэн мэдээлэл тус нийтлэлд байна.
АНУ одоогоор Арабын нэгдсэн Эмират болон Япон улстай цөмийн түлшний түрээсийн гэрээтэй ажилладаг ба энэ улсууд дээр нэмж, Монгол Улстай гэрээ хийхээр яриа хэлэлцээр эхэлсэн гэж тус улсын Засгийн газрын удирдлагын ажилтан хэлжээ. Гэрээнд ураны түлшний түрээсийн бэлтгэл ажил, хилийн чанадад реакторын хаягдлыг булах тухай асуудал туссан гэнэ. Тус ажилтны хэлснээр цөмийн хаягдал булшлах улсуудад цөмийн түлшний дархан цаазтай газар буюу “цөмийн банк” бий болгох аж.
Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт АНУ цөмийн энергийг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө зарлажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Карнейгийн олон улсан Цөмийн бага хурлын үеэр Монгол улсад цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөгөө АНУ-ын цөмийн агентлагийнхан гардуулсан гэнэ. Энэ үед Японы Майничи сонины нийтлэлүүд гарч, шуугиан тарьж эхэлсэн юм.
Харин салбарын сайд нь энэ бол худлаа мэдээлэл, ор үндэсгүй зүйл бичсэн “Майничи” сонин руу захидал бичлээ. Уучлалт гуйна гэдэгт найдаж байна гэж хэлээд сууж байдаг. Энэ мэдээлэл үнэхээр худал юм бол өдөрт 900 орчим мянган хувь хэвлэгддэг Америкийн үндэсний гурван шилдэг хэвлэлийн нэг “Нью-Йорк таймс” сонин яагаад нийтэлсэн юм бол. Тус сонин үндэсний болон олон улсын асуудал, улс төрийн үйл явдлын тухай мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэн гаргадгаараа өндөр нэр хүндийг олсон.
Мөн чухал ач холбогдолтой үйл явдлын талаарх мэдээллийг гаргахдаа тухайн асуудлыг тал талаас нь сурвалжилж, холбогдох өгүүллэгийг хэд хэдэн хуудсаар дэлгэрэнгүй нийтэлдэг давуу талтай. Дээрх мэдээллийг ч гэсэн тус сонин өөрийн албан ёсны сайтдаа хоёр нүүр дамжуулан нийтэлсэн байна. Цөмийн хог хаягдлын талаарх гэрээ хийгдэж байгаа гэдгийг Нью-Йорк таймс сонины нийтлэл батлаад байгаа юм биш үү.
Эсвэл сайд та одоо тус сонины редакци, руу захидал бичих үү. Хэрэв дээрх мэдээлэл үнэн байгаад битүүмжилсэн савтай цөмийн хаягдлыг Монголд ачаад ирвэл та буцааж чадах юм уу. үнэхээр цөмийн хог хаягдлыг манай улсад булах тухай гэрээ хийгдэж байгаа нь үнэн байгаад үүнд Монгол Улс оролцож байгаа бол хариуцлагыг хэнтэй тооцох юм вэ.
Т.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: