Миний Чингис бусдынхаас өөр өө

АШДЫН БЭЛГЭДЭЛ. Монголчууд их олон “Чингис”-тэй. Монголын хүн бүр өөр өөрийн өмчилдөг “Миний Чингис”-тэй . Надад бас “Миний Чингис” гэж бий. Тэр бол миний оюуны өмч. Би өөрийнхөө Чингисийг санаанаасаа зохиогоогүй. Түүнийг “Монголын нууц товчоо”-ны шарласан хуудсыг дахин дахин эргүүлж байгаад олж авсан .

“Монголын нууц товчоо”-ны 59 дүгээр зүйлд: “Тэр цагт Есүхэй баатар, Татарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн Татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэсэн байна. Энэ бол монголчуудын цээжинд байдаг мэдээ тул элдэв тайлбар сэлт хэрэггүй. Зөвхөн ганц зүйлийн талаар санаа бодлоо илэрхийлэх гэсэн бүлгээ.

Тэмүжин хүү хүний хорвоод дуу хадаан мэндлэхдээ баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж дээрх мэдээнд онцолжээ. Үүнийг судлаач, уран бүтээлч, түүхч нар онцолж сонирхдог. Үнэхээр ч орхих аргагүй содон баримт. Харин эл баримтыг ихэнх уран бүтээлчид Чингист дайсагнагчдын өнцгөөс харсан байдаг. Тэр зүгээс харахаар мөнөөх шагайн чинээ нөж нь нөж бус цус болж харагдана. Ухаан сохор бол нүд сохор гэж тэр л дээ. Тэгээд Чингисийг цус урсгагч гэж цоллодог шиг байгаа юм. Харин би бол өөрөөр хардаг.Тийм ээ, Тэмүжин хүү цус биш нөж атгаж төрсөн. Тэр нөж бол түүний ашдын бэлгэдэл болсон. Юу гэвэл  нөж урсдаггүй, харин урсах цусыг угтан тогтоодог өвөрмөц бөглөө. Нөжирч гэмээ нь цус тогтоно. Үүнийг хүмүүн төрөлхтний түүхийн бодит ахуй дээр буулгаж харах аваас мах цусан бүрэлбаатай нэгдмэл биет болсон отог омомг, олонлог буюу илүү томоор яривал улс үндэстэн бүрэлдэн тогтож гэмээ нь цус урсгасан дайн дажин, үймээн самуун сая зогсож нийгэм амар амгаланг олдог. Чингис хааныг өдөн хоргоож салам дарагдсандаа өширхөж явдаг тэр талынхнаас арай өөр өнцгөөс халиахад “Миний Чингис” ингэж л харагддаг. Тэмүжин хүү цус урсгах гэж төрөөгүй, урсаж бүхүй цусыг тогтоох гэж тийм содон бэлгэдэл атган мэндэлсэн буй за.

ХОЁР ДУСАЛ НУЛИМС. Миний Чингис их сайхан Чингис ээ. Хүмүнийг хайрлаж чадна, хүнд хайрлуулж чадна. Хүмүнээ хамгаалан өмгөөлж чадна. Эгээ л эх хүн шиг бусдыг өрөвдөн хайрлаж сувдан хэлхээ бөмбөрүүлнэ.

Хүн бүхэн багадаа уйлж  явсан лугаа Тэмүжин ч бас уйлдаг л байсан.“Монголын нууц товчоо” хэмээх алдартай том сударт тэмдэглэн үлдээсэн баримт нэг бус буй. “…тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлүн үжин, хөвүүдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нүүж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ:

“Цээлийн ус ширгэв

Цэгээн чулуу хагарав”

гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй, цааш нүүж “Чи ингэж ятгах буюу” гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.

  1. 5. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовиурлан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: “Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав” гэвэл Тэмүжин түүнийг үзээд уйлжгарав” гэсэн үг МНТ-ны 73 дугаар зүйлд бий

Тэмүжин хэзээний л ийм уян хайлган сэтгэлтэй хүүхэд байсан байж. Гэхдээ энэ удаа хөөрхий өвгөнийг өрөвдөн хайрлахын зэрэгцээ хайрт аав Есүхэй баатрыг үгүй болсныг далимдуулан амьд сэрүүнд нь нөмөр нөөлгөнд нь хоргодож явсан тэр эрхэм хүнийхээ бэлбэсэн эхнэр, өнчин хэдэн хүүхэд, үнэнч ах дүүсийг хар нутагт хаяж нүүсэн жудаггүй авирыг нь бодохоос бүр ч гомдмоор байсан биз. Хонхтоны гэх овогтны Чирха бол Есүхэйн холын хамаатан өвгөн. Гэвч авга ахынхаа хурааж нэгтгэсэн улсыг бутраахгүй гэж яваад тийнхүү дээрэлхүүлж жадлуулсанд харамсаж хорсохдоо тэрээр нулимс унагасан байж магадгүй юм. Чирха өвгөн бол Хайдугийн хүү Чаужингийн үед хонхотан овог болж салсан овгийн тав дахь үеийн хүн. Тэмүжин бол Чаужингийн ах Тумбанай цэцний бас л тав дахь үеийн боржигон овогтой үеэл нь юм. Тэгэхлээр тэд тийм их ойр төрлийн садан хүмүүс биш.

“67. 67. Есүхэй баатар, тэнгэр болсонд Тэмүжин, газар туруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, түүнийг сэргээн ятгасан тухай өгүүлсэн хэсэг энд бас байна. Дөнгөж есөн настай нялх амьтан учраас тийнхүү харуусан гашуудах нь мэдээж байж таарна. Хэдүйгээр баатар хүний хүү мөн боловч хүний л үр юм чинь. Татаруудын хуриман дээр андын ёсоор буугаад мордох хооронд түүнд хор өгсөнд үнэхээр гомдон харууссан биз.Тиймээс

“Тул загас мэт юунд

Тулбарин гасална чи?

Туурга цэрэг (торгон цэрэг) –ээ бэхэлье гэж

Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү?

Усны загас мэт юунд

Уяран гасална, чи?

Улс төрөө байгуулъя гэж

Учиртай үгээ хэлэлцсэн биш билүү?” гэж хэлсэн Чирха өвгөний үгийг сонсуут босоод ирсэн байдаг. Сонин шүү. Ингээд бодоход энэ хэдэн дусал нулимс нь ирээдүйн аугаа их үйл хэрэгт түүний үзэл санааг хурцалж билүүдсэн нэг ширүүхэн гуранз байсан биз. Үүнийг хэрвээ уяа чагтага юм гэвээс Есүхэйнх эсхүл Тэмүүжинийх гэдэг ганц айл өрхийн унь тоононд биш монгол хэмээх улс үндэстний хувь тавилангийн тоононоос уяатай уртын урт чагтага байсан болов уу? Бас Монгол үгндэстний өрлөг түүхийн захиа даалгавар энэ л гашуун нулимсаар дамжин хүү Тэмүжиний тархи зүрх хоёрт хадагдсан байж болно. Ирээдүйд их Монгол улсаа заавал эмхлэн байгуулахыг андгайлж өрцний нь дотроос өмлөж урссан өр зүрхний тангараг байж бас болох. Энэхэн хоёр дусал нулимсыг шингээж авснаараа Монголын эх нутаг эх орончийн үнэнч халуун сэтгэлгээгээр шүншиглэгдсэн байх.Энэчлэн олон оосор бүч түүнээс зүүж болно. Одоогоос найман зуун тавиад жилийн тэртээ 1170-аад онд унасан хоёр дусал нулимсыг тосон шингээж авсан тэр л ариун газар шороон дээр өнөөгийн бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Улс оршин тогтнож байгаа нь бас няцаагдашгүй үнэн юм.

      ХОЁР ХАШИРЫГ ЗЭРЭГ ЗЭРЭГ ДУУ АЛДУУЛСАН НЬ

Тэмүжинг тайчуудад баригдан дөнгөтэйгөө оргон Онон мөрний захын тогтоол усанд нуруугаараа хэвтэн нуугдсан байхыг үзсэн тайчууд овгийн Сорхоншар бээр “Сэргэлэн, нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй болохоор” энэ тайчууд атаархахдаа чамайг хорлох гэж байгаа юм” хэмээн хэлсэн гэж “Нууц товчоо”-ны 82 дугаар зүйлд тэмдэглэсэн байдаг.Тэр явдлаас хэдэн жилийн өмнө Есүхэйбаатар амьд сэрүүн цагтаа хүү Тэмүжинг дагуулан олхонуд нагацынх руу нь очихоор явах зуур хонгирадын Дэй Сэцэнтэй дайралдаж тэдний хэрэг зоригийг сонирхон асуухад Есүхэй бээр өгүүлрүүн: “Миний хөвүүний нагац олхонуд иргэнээс охин гуйхаар явж байна.” Гэхийн сацуу ДэйСэцэнөгүүлрүүн: “Энэхөвүүнчиньнүдэндээгалтай, нүүрэндээгэрэлтэйхөвүүнбайна”хэмээн дуу алджээ. Сүлд үсүний Сорхон шар “Нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна”гэсэн байхад хонгирадын Дэй Сэцэн бас л “Нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна”  гэх. Хоёр хашрын нүдэнд, хоёр өөр орон зайд ингэж усан дусал мэт адил дүр төрхтэй харагдсаныг бодоход Тэмүжин хүү хаана, хэзээ, хэнд ч харсан дор ийм сэтгэл төрүүлдэг цэвэрхэн сайхан монгол хүү байжээ. Жинхэнэ боржигон удмын хүчирхэг сайхан Есүхэй баатар, монголын тэр үеийн гоо бүсгүйн нэг Өгэлүн хатан хоёрын дундаас төрсөн ууган хүү тийм сайхан төрөхгүй юм бол өөр хэний хэн сайхан төрөхсөн билээ. Анх төрөхөд баруун гарт нь шагайн чинээ нөж атгаастай байсан гэдэг. Шагайн чинээ зүйл атганд нь багтсаныг бодохоод овоо зэгсэн бадриун том хүү байсан нь мэдрэгдэнэ. Тиймээс тэр цагийн Тэмүжин хүүг энэ цагийн “Тунгалаг Тамир” киноны цахиур Төмөр, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнтэй зүйрлэмээр санагддаг. Өөрөөр хэлбэл Тэмүжин бол найман зууны тэртээх тэр цагтаа Монголын сайхан “Юндэн гөөгөө” байсан байж таарна. Монголчууд хамгийн гоё сайхан хархүүг хэзээнээс нааш “Юндэн гөөгөө” хэмээн магтан дуулж ирсэн байдаг. Гэхдээ Тэмүжиний амьдарч байсан XIII зууны үед ийм дуу хараахан гараагүй байсан байх. “Далай вангийн Юндэн гөөгөө” гэж дуулдгийг бодвоос манай улс манжид дагаар орж хошуудыг тэр энэ хан, ван, бэйл, бэйс, гүнгийн хошуу гэж чимэглэн нэрлэдэг болсны дараа гарсан дуу байх учиртай. Ямар ч атугай Тэмүжин тэгэхлээр тэр л цагийнхаа “Юндэн гөөгөө” гэхээр сайхан эр байсан нь лавтай. Бидний монголчууд түүх, уран зохиол жүжиг кино, дуурь, бүжгийн бүтээлээс нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй ханхүүг олж харах ёстой.

Дээр өгүүлсэн тэр уулзалтын үед Дэй Сэцэн бээр:

“63. 63. Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув” гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиолд учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи, хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон ажээ.

Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз” гэж, Дэй Сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж аваачив.

  1. 66. Есүхэй худ, охиныг үзвэл нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн нас ах, аравтайажээ.

Дэй Сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй Сэцэн өгүүлрүүн: “Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ” гэвэл, Есүхэй баатар өгүүлрүүн: “Би хөвүүнээ орхие. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинг орхиод Есүхэй баатар буцав” гэсэн тэмдэглэл МНТ-нд байдаг ажгуу. Тэмүүжин бол хиад боржигон аймгийн анхны өвөг Бодончарын 11 дэх үеийн хүү байсан байх. Бодончор өвөг нь анх бор харцага тэжээн нугас галуу бариулан амьдарч байсан гэх тул түүнээс улбаатай юмсан уу ямартай ч цагаан шонхор сүлдтэй байсан юм байна. Харин миний хүү нохойноос цочимтгой гэж сануулсны цаад учрыг мэдэхгүй, учир шалтгаан байж л таарна.

МОНГОЛ ТӨРИЙН ХААН СЭНТИЙДШИЛЭГДЭЖ ЗАЛАРСАН ИХ ХҮМҮҮН Өнөөгийн бидний ойлголт хийгээд улс төрийн хэвшмэл утгаар үзвэл нэн ховор агаад сэтгэлд багтамгүй мэт учрал XIII зууны монгол төрийн түүхэнд тохиолдсон гэдэг юм. Тэр тухай баримтыг “Монголын нууц товчоо” өөрийн шарласан хуудсанд хадгалсаар ирснийг дор сийрүүлье .

“173. 156. Бас Чингис хаан, Алтан, Хучар хоёрт хэлүүлсэн нь: “Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв үү? Мэхлэн урвах гэв үү? Хучар чамайг Нэгүн тайжийн хөвүүн тул “Чи хан бол” гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бүхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгүй.

Бартан баатрын хөвүүнээс ахмад үеийн хүмүүс болох тул Сача,Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгүй]. Та нарын алин нь ч хан болохгүй тул би та нарт өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би

Өрсөх дайн болоход

Өмнө нь уулгалан яваад

Өндөр хөх тэнгэрийн

Өршөөл ивээлд орж

Өстөн дайсныг дарвал

Өнгөтэй сайн охидыг авчирч

Өөдтэй сайн морьдыг олзолж

Өндөр эзэн тандаа барих бүлгээ…. Битгий дахин урваж одогтун” гэжээ. Уг нь эдүгэ үед ч гэсэн муугаа мэдэхгүй төрийн өндөр дээд суудал руу тэмүүлэхийн оронд аль чадах нэгнийгээ сонгоод суулгачихдаг байх юм бол улс орон минь арай л өөр, бүр гялалзаж байх байсан ч юм билүү, хэн мэдлээ. Чингис бээр гуядаж дийлээд хаан болсонгүй. Гуйж гувшиж хаан болсонгүй. Тэр гуйлгаж байж хаан ширээнд заларчээ. Өнөөдрийн ойлголтоор бол Тэмүжин хүү үнэн зөв үйл хэргийн төлөө тэмцэгч байсан бөгөөд харин албан тушаал хөөцөлдөж авлига хээл хахууль авахыг зорилго болгож явсангүй. “Миний Чингис” эрх мэдэл, албан тушаал хөөцөлдөгч байгаагүйгээрээ онцлог хүн бүлгээ.

 “ ХААН” ТӨӨРӨГ. Ухаант хатан Есүйн санаачилгаарЧингис хааны орыг алс хэт нь хэнээр залгамжлуулах тухай яриа 1211 онд болсон байдаг. Тэр үед Чингис өөрөө 49-тэй, хүүхдүүд нь хорин хэдтэй л байсан байх. Тэгэхэд тэдний ахмад хүү Зүчийн дараагийн дүү Цагаадай бээр :

“Өгэдэй өршөөлтэй тул

Өргөмжлөхөдболно” гэсэн гэж Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгад байдаг бол 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажиж хэвлэгдсэн “сонгомол эх” гэдэгт “Өгөөдэй эелдэг дөлгөөн буй” тул гэсэн байдаг. Өгөөдэй “өршөөлтэй” Өгөөдэй “эелдэг дөлгөөн” гэсэн хоёр хэллэг нь үг өөр утга адил. Хаан хүн өршөөнгүй эелдэг дөлгөөн байх нь зүйтэй гэсэн санаа. Харин энэ гүн утга санаа тэр үед дөнгөж хорь гарч асан Цагаадай хүүгийн тархи толгой дотор хаанаас ороод ирсэн байж таарах вэ. Мэдээж хаан эцэг Чингисээсээ л тусгаж авсан нь лавтай. Тэгэхлээр Чингис хаан түүний дайснуудын ном зохиолд гардаг шиг тийм харгис, ярдаг хүн байсангүй. Энэ яриа болсноос гучаад жилийн дараа 1240 оны орчим Өгөөдэй хаан бээр өөрийн хаан байсан үеэ эргэн дүгнэсэн эргэцүүлэлдээ “Энэ улс иргэнийг би дээрээ тээж явах ёстой байтал тийм байж чадаагүй” гэж гэмшсэн нь “Монголын нууц товчоо”-ны 281 дүгээр зүйлд байдаг. Хаан хүн ард түмнээ толгой дээрээ тээж явах үүрэгтэй гэсэн байна. Эл ариун дагшин санааг бас л хаан эцэг Чингисээс уламжилж авсан гэж үзэх нь зөв. Тэр үеийн хаан гэдэг нь одоогоор бол төр засаг гэсэн үг. Ямарч атугай төр засаг нь ард түмнийг толгой дээрээ залж явах ёстой гэж үздэг байсан Чингис бол “Миний Чингис” мөн байгаа юм. Чухамхүү ямархан учир тавилангаар ийм үзэл бодолтой болсон бэ гэдгийг эргэж нэг харах нь Чингисийн үр сад гэж өөрсдийгөө онцолдог энэ цагийн монгол хүмүн бид бүхний үүрэг хариуцлага байх учиртай.

 

НАЙМАН ЗУУНЫГ ДАМНАСАН ИХ ӨНЧРӨЛ

         1227 оны (гахай жилийн) долдугаар сарын сарын гунигт хүнд өдрүүд монголчууд биднээс даруй 788 жилээр алсран оджээ. Хаан эцгийгээ амьдын хорвоогоос алдсаны улмаас Монгол түмний сэтгэл зүрхэнд бий болсон өнчрөл гансралын гүн шарх өдий олон жил аньсангүй. Монгол гэдэг энэ улсыг Чингис хаан өөрөө эмхлэн байгуулсан тул түүнийг хаан эцэг гэх учиртай. Ц.Дамдинсүрэн гуайн орчуулсан “МНТ”-нд Лу “Алтан товч”-оос авч оруулсан Сөнидийн Гилүгэтэй баатрын хэлсэн магтаал хэмээх шүлэгт түүнийг “Хаан эцэг” гэхээр барахгүй Монгол Улсыг түүний “Хүү” буюу нуган үр нь гэсэн санаа ил тод бичээстэй байгаа юм. Эндээс санаа аван сэхээрэхүйд “Хүү улс” гэсэн энэ сонин өгүүлэгдэхүүнийг хүмүн хорвоогийн сонорт анх удаа сонсгосон байж магадгүй.Дэлхийн өөр бусад улсын амьдралд ингэж нэрлүүштэй түүх тохиолдоогүй ч байж болох. Ер нь л ховор байх Чингэхлээр бидний монголчуудад бол “Хаан эцэг Чингис” харийнханд бол “Эзэн хаан Чингис” гэсэн ялгаатай өгүүлэмж үүсч байна. Манай мянганы тэрхүү алдар суут их хааныг “эцэг хаан” гэж харах нь нэгд гэвэл монгол хүний сэтгэл зүрхэнд ойр дотно, хоёрдож ирэхэд түүхийн үнэн гэдэгт илүү нийцтэй байгаа юм. Чингис байсан учраас л Монгол Улс байж байгаа юм чинь. Энэ бол өрлөг түүхийн няцаагдахгүй үнэн. Бас түүнчлэн их хаанаасаа хойш төрөлх Монгол Улс маань юм л бол алга болчих гээд, заримдаа бараг алга болчихоод байсан нь үнэн билээ. Хатуухан хэлэхэд өнчирч ганцаардсан энэ найман зуугаад жилд Монгол Улс хан хорвоогийн алив муу бүхнийг үзсэн гэлтэй. Харин жаргаж л үзсэнгүй.Энэ бол манай монголын үзээгүй ганц хүслэн. Найман зууны тэртээх тэр эрт урьдын цагт манай цэнхэрхэн гариг дээр Чингисийн Монгол гэдэг мундаг хүчирхэг нэгэн том гүрэн улс байсан. Эдүгэ тэгтэл Өвөр монгол, Буриад монгол, Тува монгол, Уйгар монгол тэгээд Бүгд найрамдах Монгол Улс. Тарж бутарсан таван тасархай Монгол. Халимаг монгол, Хазаар монгол… ч гэж цаана нь бас бий. Ёстой л мөнөөх “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгч болж байна. Энэ бол хаан эцгээсээ хагацаж өнчирсөн Монголын хамгийн том агаад бодохоос зүрх шимширч, ухаан санаа урагдах шиг болдог гашуун зовлон. Олон улсын түүхээр нэгэнт баталгаажин тогтсон учраас энэ толбо арилшгүй толбо. Арилгах гэж санаахах хэрэггүй толбо. Дэндэс хийвэл Монгол Улсыг оргүй болгож болох нигууртай толбо. Олон хуваагдсан тасархайнуудаа буцаан нэгтгэж Их Монгол Улсыг байгуулахаар санаархаж байх шиг байна хэмээн манай удирдагчдыг худлаа хардаж “панмонголизм”-ын үзэлтэн гэх шалтгаар төр шашны гуч дөчөөд мянган зүтгэлтнийг маань шороонд булсан аймшигт түүх бас бий. Эдүгэ тусгаар тогтносон гээд байгаа энэ үлдэгдэл улс маань барууны тэжээврүүдийн улс болчих гээд зовоогоод байдаг. Зовлон байна, бүр олон зовлон байна. Орчин үеийн Монголын ард түмэн бол Чингисийн үеийн ард түмний 32-35 дахь үеийн хүмүүс байх шиг байна. Хаан хүн хэчнээн сайн ч өөд болж л таарна. Гэвч жанч нь халагдаж, ариун гэгээн үзэл санаа нь үлддэг жам ёсон түгээмэл бий.  Бидний монголчуудын хувьд энэ жам ёсон орвонгоороо эргээд хөмөрчихсөн байна. Хаан эцгийн маань зөвхөн нэр, сураг хоёр нь үлдсэн. Бусад нь үндсэндээ үрэн таран болоод бүдгэрчихсэн байна. Хамгийн харамсалтай нь гэвэл эцэг хааныхаа иргэн түмнийг энэрэн хайрладаг байсан тэрхүү нигүүлсэнгүй санаа бодлыг авч үлдээж чадаагүй явдал юм. Эцэг хаан маань эдүгэ дээд тэнгэртээ заларч байгаа хэдий боловч  монголдоо хоргодсон сүнс нь “Монголын нууц товчоо”-н дотор байж л байна. Тэгэхлээр бидний хүсэл тэмүүлэл оройтоогүй байна. Бүрмөсөн тонилчихоогүй болохоор тэдгээр үзэл санааг эх оронч сэтгэлээр амь тарилга хийвэл амилуулаад авч болно. Тэр цагт хамаг зовлонгоо сэгсрээд хаячихаж болно.

Хаан эцгийн энэхүү үзэл санаа хэмээхүй нь чухам юусан билээ? Тэр нь товчхондоо бол тов тодорхой ганцхан зүйл байдаг. Тэр бол шударга ёс. Монгол Улс шударга байхдаа эвтэй, эвтэй байхдаа хүчтэй, хүчтэй байхдаа жаргалтай байсан. Чингисийн үйл хэрэг, үнэн баримтаар баталгаажсан мөнөөх алдартай шударга ёс гэдэг бол нэгдүгээрт, дөнгөтэйгөө оргосон Тэмүжин хүүг тайчуудаас аварсан Сорхоншар түүний хүү Чинбай, Чулуун, охин Хадаан нар шиг өр нимгэн, өрөвч энэрэнгүй сэтгэлтэй байх явдал. Хоёрдугаарт, тайчуудын Зургаадай хүү шиг илэн далангүй чин шударга байх явдал. Гуравдугаарт, Жүрхин овгийн Хадагбаатар шиг нэгэнт өөрийн гэсэн удирдагчтай бол түүнийхээ төлөө гуйвалтгүй үнэнч тэмцэж чадах явдал. Дөрөвдүгээрт, худал ташаа гүжир гүтгэлийн эсрэг мэргэдийн Дайр-үсүний Хулан бүсгүй шиг өөрөөрөө дэнчин тавьж үнэнийг хамгаалж чаддаг байх явдал. Тавдугаарт, Хөхөчү шиг урван тэрслэгчдийг Чингис хаан шиг тухай бүр тас цавчиж байх явдал. Наад зах нь энэ тав. Эдгээр үлэмж тодорхой зарчим бол XIII зууны Монголыг дэлхийн манлай гүрэн болгосон ид шидтэй зарчим. Хэрэвхүйеэ түүнийг хөсөр хаявал өнөөгийн манай монгол шиг элгээр нь хэвтүүлдэг нэхэл хатуу зарчим. Нөгөөтэйгүүр, олон өөр овог аймаг хийгээд, шашин шүтлэг, хэл соёл бүхий бөгөөд одоочилбоос олон нам эвсэл ба нам бусчуудын шилдэг хөвгүүд, охидыг тэр үеийн Боорч, Шихихутаг, Борохул, Хөхөчос, Зэлэм, Мухулай, Сорхоншар, Чимбай, Чулуун, Хадагбаатар, Гилгүдэбаатар тэргүүтэн шиг монголынхоо төлөө амь биеэ огоорон тэмцэгч үндэсний баатрууд болгон төлөвшүүлэх нь Чингисийн  давуу тал болж байсныг мартаж болохгүй. Учир гэвэл мөнөөх шударга ёсыг өөр дээрээ тогтоодог нийгмийн суурь довжоо нь энд л байсан Эдүгэ ч сургуулийн насны хүүхэд багачуудыг өсвөрийн Тэмүжингүүд болгох нийгмийн хөдөлгөөн өрнүүлсэн ч болох жишээний. Өсвөрийн Тэмүжингүүдийн тангараг гээд Тэмүжин шиг өрөвч энэрэнгүй, Тэмүжин шиг нөхөрсөг хамтач, Тэмүжин шиг чин шударга, Тэмүжин шиг тууштай үнэнч байхаар тангараг өргөдөг байхад болохгүй гэж үү? Өнгөрсөн түүхийг юунд нь буруутгаад байгаа юм бэ гэвэл шударга ёсыг хөсөр хаясанд нь харамсдаг юм. Сайн сайн хаад ноёд, сайд дарга улс орныг удирдаж байсан ч шударга ёсыг л гараасаа алдчихаад байсан байдаг. Урвагч долдой нарт нүүр тал өгч итгэх бөгөөтлөө жинхэнэ шударга хатуухан үгтэй хүмүүсийг нүд үзүүрлэн гадуурхаж, байсан учраас эцсийн бүлэгт эх орноо алдаж мэдэхээр болоод байна. Чингис хаан бол монголчууд бидэндээ шударга ёс хэмээх энэ үнэт эрдэнэсийн сан хөмрөгийг атгуулж өгөх гэж үнэхээр  “ханцуйгаараа дэр хийж, хормойгоороо дэвсгэр хийж, шүлсээрээ ундалж, шүдний махаар хооллож” явсан нь ном сударт бичээстэй байна. Хаан эцэг маань хэзээ ч урилгагүй зочин болж яваагүй ёс зүйтэй хүн. Тэр өөрийн биеэр Москваг шатаагаагүй, Дунай мөрнийг ч гатлаагүй. Кавказын нурууг ч даваагүй хүн. Сартуул Тангад, Бээжинд тэдний өөрсдийнх нь увайгүй “урилгаар” морилон үнэхээр л умруулж өгсөн түүх бол харин бий. Өөрсдөөс нь болсон. Яана гэхэв. Монгол угсааны татар тайчууд, хэрээд, мэргэд, найман аймгуудад бас “урилгаар” нь морилж нэгдсэн монгол улсыг цогцлон байгуулах нөхцөл бололцоог хангаж явсан. Тэр хүн тэр л цаг үеийнхээ хүн учраас тэр л үеийнхээ жаяг дэгээр явж их хэргийг бүтээж Их Монголыг байгуулсан. Түүхийг одоочлон шүүж болохгүй. Сүүлийн он жилүүдэд аюулхай чээжиндээ бугшуулан хадгалж явсан зүрхний хэдэн үгээ зүглүүлж хэлэхэд ийм л байна.

 

Хорлоогийн ЦЭВЛЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих