Оюутолгойн нууц гэрээний хавтсыг гүйцэд сөхлөө

Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг УИХ-аас хүлээн зөвшөөрвөл Засгийн газар яах вэ?-

Өнгөрсөн оны долдугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын тогтоолоор Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон билээ. Манай улсын хувьд түүхэн шийдвэр гарч гэрээг үзэглэх түүхэн ёслол болсон. Гэвч энэ өдрөөс хойш Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний биелэлт, явц ямар байгаа талаар улстөрч, эдийн засагчид өөр өөрийн байр сууринаас хандаж байна.

Оюутолгойн ордод хэчнээн Монгол хүн ажиллаж байгаа, ханган нийлүүлэгчээр дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж чадаж байгаа эсэх маргаан УИХ-ын чуулганы танхим, байнгын хорооны хуралдаанаар өнөөдрийг хүртэл тасраагүй. Маргааныг сонссон иргэд Монголчуудыг ажлын байраар хангахгүй байж баялгийг нь авна гэдэг юу л бол гэж байсан. Тэгвэл үүнээс хэдэн зуу дахин их асуудал намрын чуулганаар босч ирэв. Энэ нь УИХ-аар баталсан 57 дугаар тогтоолын биелэлт буюу Монголын тал баялгаасаа хишиг хүртэх хувьгүй болж байгаа тухай юм. Дээрх тогтоолд “Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэсэн.

Тэгвэл Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Талууд гарын үсэг зурж, хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх энгийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу шинээр гарган төрд шилжүүлснээр хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5,5-д заасны дагуу хөрөнгө оруулагчийн хүлээх бүх үүргийг хангаж байгааг зөвшөөрч байна” гэжээ. Гэрээ байгуулахдаа компанийн хувьцаа хоорондын хөрвөдөг хувьцааг тусгаагүйгээс “Айвенхоу майнз”-ын олон улсын хөрөнгийн бирж дээрх үнэлгээ хамаагүй болжээ.

Хамгийн сонирхолтой нь гэрээ байгуулснаас хойш “Айвенхоу майнз”-ын зах зээлийн үнэлгээ өсч 7,2 тэрбум ам.долларт хүрсэн ч манай талд ногдож болох байсан 34 хувь нь буюу 2,45 тэрбум ам.доллар ирэхгүй болж байна. Энэ мөнгийг тооцоолбол Монгол Улсын иргэн бүрт нэг сая төгрөг өгөөд ч цаана нь үлдэнэ. Тэр их мөнгө хэний халаасанд орсныг эрэн сурвалжлахад илүүдэхгүй. Мөн 57 дугаар тогтоолд “Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжид нийцүүлэн УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй” гэжээ.

Гэтэл гэрээний бусад хэсэгт зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулагч нь зөвхөн энэхүү гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын ерөнхий хуулийн долдугаар зүйлд заасан татваруудыг төлнө гэсэн байна. УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг энэ төсөлд зориулж 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болгох хууль батлагдсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэр өнөөдөр ч 68 хувийн татвараа төлсөөр байгаа. Ийм байхад хүчин төгөлдөр болоогүй хуулийг үндэслэн гэрээ байгуулсан нь “УИХ-аас зөвхөн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн гэрээ хийнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

Энэ мэтчилэн дурдвал маш олон зүйлийг хэлж болох. Дашрамд дурдахад Монголын талын хувийг үгүй хийхийг хүлээн зөвшөөрчихсөн Хувь нийлүүлэгчдийн гэх нууц гэрээг өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүд гар дээрээ авах нь бүү хэл хараа ч үгүй байж. УИХ-аар тогтоол батлахад Засгийн газраас гэрээ оруулж ирээгүй гэж зарим нь хэлж байна. Харин виз авсныхаа дараа энэхүү хууль бус, эх орноо худалдсан гэрээг хийсэн гэж гишүүд бухимдав. Нэгэнт УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн гэрээ хийсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээ болон нууцын зэрэглэлтэй Хувь нийлүүлэгчдийн гэрээ хүчингүй болох нигууртай юм. Өнгөрсөн долоо хоногт ашигт малтмалаас авах татварыг өөрчилж өсөн нэмэгдэх роялтийн татварыг баталсан.

Гэвч энэхүү татвар хөрөнгө оруулалтын гэрээний өмнө бас л хүчин мөхөсдөж байгаа юм. Эндээс харахад Монгол Улсын төрийг хүчгүйдүүлсэн, дэндүү басамжилсан гэрээ болсон гэж улстөрчид ниргэсэн хойно нь хашгирав. Оюутолгой ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахгүй бол хөрөнгө орж ирэхгүй гэж Засгийн газар мэлзсээр байж УИХ-аас виз авсан. Гэтэл гэрээгүй Ухаахудаг дэлхийн зах зээлээс дөрвөн тэрбум ам.доллар босгож чадсан. Хөшөөт ч ийм аргаар хөрөнгө босгож чадсаныг эргэж нэг харах хэрэгтэй болов уу.

Хэн, юу хэлэв?

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Оюутолгойн гэрээ УИХ-ын тогтоолыг зөрчлөө
-Бид энэ тогтоолыг батлахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх гэсэн. Гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгох хууль батлагдсан ч 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин мөрдөгдөж эхэлнэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй хуулийг гэрээнд тусгасан нь УИХ-ын тогтоолыг зөрчсөн байна. Хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 50-иас доошгүй хувийг эзэмшинэ гэсэн. Үүнийгээ Засгийн газраас тайлбарлахдаа “Та нар хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гэсэн болохоос хугацаа тавиагүй. Тэдний талын хүсэлтээр 30 жилээр хийсэн” гэж байна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Гэрээг засварлах хэрэгтэй
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийхийг УИХ-аар зөвшөөрч байгуулсан нь зөв алхам байсан. Яахав дутуу дулимаг, алдсан оносон зүйл байгаа байх. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ одоо хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэхээсээ илүүтэй засварлаад одоогийн хууль тогтоомжид нийцүүлээд цааш явуулах хэрэгтэй. Хэрэв энэ гэрээг хүчингүй болговол Монгол Улсын хувьд олон улсын тавцан дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Энэхүү гэрээ нь зээлийн бус Хөрөнгө оруулалтын гэрээ болсон.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: Хэрэгтэй материалаа авч чадахгүй байна
-Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын ирээдүй, хувь заяатай холбоотой. Үнэхээр хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн байвал өөрчлөхийг хүсч байгаа хүмүүсийг дэмжиж хамтран зүтгэнэ. Би өнөөдөр Оюутолгойн татвар төлөлт, үндэсний аж ахуйн нэгжүүд ямар үүрэгтэй оролцож байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна. Өнөөдөр ч зайлшгүй шаардлагатай зарим материалаа авч чадахгүй нэхээд л сууж байна.

Ц.Ургамал


URL:

Сэтгэгдэл бичих