Налгардуу намрын гандуу эдийн засаг
Их ажлын өрнөл болсон намрын улирал эдийн засгийн хувьд ерөнхийдөө гандуу, гундуу байна. Зэсийн үнэ тонн тутамдаа
төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унасан, овоо хэдэн доллар олоод ирдэг байсан нүүрсний экспорт нь зогссон шахуу, тариаланчид нь өнөө л буудайны чанар, ургацын тухай маргаанаа яамтайгаа өрнүүлсэн янзаараа.
Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрсний үнэ 38, төмрийн хүдрийн үнэ 46, газрын тосны үнэ 40 орчим хувиар буурчихсан. Эрдсийн экспорт өмнөх оны өдийгөөс 204.7 сая ам.доллараар буурсан гэж статистикийнхан мэдээлж байна. Үнэ нь буурсан ч экспорт хийсээр байгаа. Нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг гээд бодохоор эрдсийн үнийн уналт төсөвт дарамт болохоос аргагүй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.4 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712.6 тэрбум төгрөгөөр бага байна. Мөн төсөв энэ оны долоон сарын байдлаар 580 тэрбумаар тасарсан гэж С.Баярцогт дуулгав. Манай улс төсвөө 88 хувийг татвараар, үлдсэн 12 хувьд татварын бус орлогоор бүрдүүлдэг тул нэр бүхий татварын тасралтууд хүчтэй нөлөөг үзүүлж буй юм.
Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл: А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долдугаар сарын гүйцэтгэлээр 3.142.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14.6 хувиар буюу 535.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 162.3 тэрбум төгрөгөөр бага.
Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага энэ оны долдугаар сарын байдлаар 5.029.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3.780.7 тэрбум төгрөгийн буюу 75.2 хувийн, улсын төсвийн зарлага 3.569.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2.608.2 тэрбум төгрөгийн буюу 73.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан.
Төсвийн тэнцэл: Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 62.4 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3 тэрбум, Засгийн газрын богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 741.4 тэрбум, урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 391.3 тэрбум төгрөгийг тус тус төлж, 74.7 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, Засгийн газрын 994.7 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод, 265.5 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 314.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 623.6 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарсан билээ. Тэгвэл олон нийт төсвийн алдагдал нөхөгдөх нь хэмээж байна. Учир нь замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийн тухай шинэ хууль баталж энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар “торгоно” гэсэн заалтыг цагаан дээр хараар тодоос тод бичсэн бий. Тэгвэл өчигдрийн байдлаар 2331 хүнд 41сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн шалгалтаар 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Хууль хэрэгжиж эхэлснээр жолооч нарын 90 хувь нь хамгаалах бүсээ зүүсэн нь бол хажууд сууж яваа зорчигчдын 40 хувь нь үүргээ биелүүлж буйг онцлох нь зүйтэй. Дээрх торгуулийн байдлыг харахад энэ эрчээрээ явбал “төсвийн алдагдлаа хурдан нөхөх нь” гэв.
Гадаад өр 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдэв
Монгол Улсын өр өдрөөс өдөрт нэмэгдсээр. Яг өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өр 21 тэрбум 673 сая ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт болохыг Монголбанкнаас гаргасан статистикаас харж болох юм. Нэг жилийн хугацаанд Төв банкны гадаад өр хамгийн ихээр буюу 811 сая ам.доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.доллараас давжээ. Нэг жилийн хугацаанд Төв банкны гадаад өр хамгийн ихээр буюу 811 сая ам.доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.доллараас давжээ. Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн үр дүнд Монголбанкны богино хугацаат гадаад өр эрчимтэй тэлж буйг мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэгвэл Монгол Улсын гадаад өр энэ оны нэгдүгээр улирлынхтай харьцуулахад 777 сая ам.доллараар өссөн байна. Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн тавдугаар сард 500 сая ам.долларын бонд, Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард нэг тэрбум юанийн дим сам бонд гаргасан нь үүнд нөлөөлжээ. Үүнээс гадна төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр тасраад байгаа талаар Сангийн сайдын түр орлон гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдээлсэн. Эдийн засагт улаан гэрэл асаад удаж байгаа учраас төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай гэж буй. Түүний хэлж буйгаар намрын ээлжит чуулган эхлэнгүүт төсөвт тодотгол хийх юм байна.
Багахан чангарсан долларын сургаар “махны үнэ өсөв үү”
Эдийн засаг нь хүндрэлтэй дээр нь төсөв нь тасарсан улс манайхаас өөр байгаа болов уу хэмээн халаглаж суугаа эрх мэдэлтэн байна уу. Өнөөдрийг хүртэл ам.долларын ханшийг сулруулах арга хэмжээг дорвитой авсангүй. Түүнчлэн их дээд сургууль орох үеэр угтаа бол махны үнэ буурдаг жамтай. Өнгөрөгч сарын сүүлээр 100-520 төгрөгөөр буурсан ч эргэн өслөө.
Монголбанкнаас ам.долларын ханшийг 1990 төгрөгөөс доош буулгасангүй. Ерөнхий сайд эдийн засаг гэж гурвантаа хэлж гарч ирсэн ч дорвитой хөдөлгөх ажил хийсэнгүй. Өнөөдрийн байдлаар 1999 төгрөгтэй нэг ам.доллар тэнцэв. Харин арилжааны банкууд 1984-1989 төгрөгөөр авч, 1994-1999 төгрөгөөр зарж байна. Тэгвэл өнгөрөгч долоо буурч байсан махны ханш өслөө. Тодруулбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7210 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 205 төгрөгөөр, үхрийн цул мах 45 төгрөгөөр тус тус өслөө.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Харин хонины ястай мах 75 төгрөгөөр, хонины цул мах 120 төгрөгөөр тус тус өсчээ. “Хар хорин”, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.
Гадаад валютыг ханшийн хэлбэлзлийн улмаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байна.
Ж.ЧИМЭГ
URL: