Гадаад дахь Монголын нэр хүнд, хөрөнгө оруулалт гэж яриад ч хэрэггүй боллоо
Засаг төр зах замбараагүй бужигнаан сая нэг цэгцрэх аядав. Зургаан сайдыг томилсон нь бүх зүйл сайхан болсон гэсэн үг биш ч сар орчим эзэнгүй байсан яамд удирдлагатай болж Засгийн газар бүрдлээ.
Дөрвөн жилийн хугацаанд хоёр ч удаа Засаг төрөөрөө тоглосны дараах томилгоо гэдэг утгаараа саяын сайдууд их улс төржилтийг биш, их ажлыг хийх хариуцлагыг хүлээлээ. Шинээр томилогдсон сайдуудаас хамгийн их завгүй ажиллах хүн Сангийн сайд Б.Болор болов. Улсын төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 580 тэрбум төгрөгөөр тасарсан, оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ гэх тооцоолол бий. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш 2000 төгрөгт хүрээд байна. Тиймээс шинэ сайд хүндрэлээс гарах арга замыг даруй боловсруулж ажил хэрэг болгохгүй тул асуудал улам хүндрэх шинжтэй байгаа. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал нь гадны хөрөнгө оруулалт болоод байна. Сардаа 100 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээх болсон, гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай буюу 44 сая доллартай тэнцсэн манай улсын хувьд энэ янзаараа байвал гадаад өрөө төлж, барагдуулах ажил эдийн засагт дааж, давшгүй дарамт учруулж магадгүй байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь гадагшаа явж “Манайд хөрөнгө оруулаач” гэж янз бүрээр гуйж гувшаад ч гадны хөрөнгө оруулалт өсөх шинжгүй байна. Оюутолгой, Тавантолгой гэх мэт уул, уурхайн томоохон төслүүд нь улс төрийн хорзогнолоос болж гацаанд орчихсон тул гаднаас орж ирэх валютын урсгал багасаж тэр хэрээр долларын ханш өссөөр. Гадны хөрөнгө оруулалт ингэж буурах болсон шалтгаан юу вэ? Энэ тодорхой. Дөрвөн жилд хэдэн ч удаа Засаг төрөө самарч чаддаг улс төрчдийн увайгүй зан л биднийг ийм байдалд орууллаа.
Гадны хөрөнгө оруулагчид аливаа улсад мөнгө өгөхдөө нэг л зүйлийг хардаг. Тэр нь төр, засгийн тогтвортой байдал. Гэтэл манай товаришиуд өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй улс төр хийж Засгийн газраараа “хүүхэлдэй” мэт тоглож сууна.
Өнгөрсөн гурван жилд л гэхэд хоёр засгийн газрын нүүр үзэж, нэг удаа бүтцийг нь өөрчилж тоглолоо. Ирэх арваннэгдүгээр сард ч дахин Засгаа огцруулж мэдэхээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. УИХ-ын даргын Засгаа, намтайгаа авах их хүсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж байж л ханаж мэдэх гэнэ. Ийм эрх мэдлийн их шуналтай байж бид гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Гадны хөрөнгө оруулалтыг авч эдийн засгаа өргөе гэвэл эхлээд төр, засгаараа аль болох оролдохгүй байх юм.
Аргаа барахдаа Ерөнхийлөгч нь төр засаг ийм тогтворгүй байхад би гадагшаа явж мянга мөнгө гуйгаад яахав дээ гэж хэлж байхав дээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаан дээр “Популистүүд Оюутолгойн төслийг явуулаагүй учраас 3.2 тэрбум доллар орж ирэх боломжийг хаасан, үүнээс болж долларын ханш 2000 төгрөгт хүрсэн” гэж хэлсэн.
Үнэхээр л бид хоосон улс төр хийхээ больж төр засгаа тогтвортой, залгамж халаатай байлгах дээр анхаарах шаардлага нэн тэргүүнд үүсээд байна. Тэгэж чадахгүй бол гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Эхлээд дотроо өөрсдөө учраа олчихоод дараа нь гадны хүмүүсийг гэртээ урина шүү дээ. Ингэж чадахгүй бол Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг 100 жил хэрэгжүүлээд ч нэмэр алга.
Энэ мэт урдаа том асуудалтай, улсынхаа нэр хүндийг гадаадад сэргээж чадахгүй байтал УИХ-ын гишүүн нь гадны улсын тагнуул байх магадлалтай гэх мэдээлэлд нэр холбогдож Монголын нэрийг дахин баастаж байна. УИХ-ын М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав гэх эмэгтэй Монгол улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайвань руу гаргаснаасаа болж 16 жилийн ял аваад байгаа. Харин олон нийт М.Батчимэг гишүүнийг туслахынхаа ард сэмхэн нуугдчихлаа хэмээн хардаж байна.
Аргагүй юм. М.Батчимэг гишүүний хувьд УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны гишүүн. Мөн УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар ажилладаг. Цаашлаад түүнийг Монгол Улсын аюулгүй байдлын асуудалтай хамгийн ойр байдаг хүмүүсийн нэгд зүй ёсоор ордог гэдэг. УИХ-д орж ирэхээсээ өмнө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүн шинжээч, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.
Хамгийн гол нь Тайвань улстай ажил, амьдралаа холбож ирсэн арвин түүхтэй. Тус улсад боловсрол эзэмшсэн, ажиллаж ч байсан. Тэгэхээр туслахаараа дамжуулж мэдээлэл гаргуулсан байх магадлалтай гэх хардлага түүнийг дагаж буй. Тийм ч учраас олон нийт түүнийг сайн дураараа өөрийгөө шалгуулна уу. Эвсэл улс төрч хүний ёс зүйг гаргаж УИХ-д хашдаг албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулна. Хамгийн гол улс орны нөхцөл байдал ороо, бусгаа энэ цагт хувь улс төрч нь хүртэл гадны тагнуулч гэх хэрэгт холбогдож буй нь бас л нөгөө гадаад дахь манай улсын нэр хүндэд их, бага хэмжээгээр нөлөөлж буй.
Ер нь Монголын улс төрчдөд ёс зүй, хариуцлага хүлээх чадамж, эх орныхоо нэрийг бодох сэтгэл байна уу гэж иргэд, олон нийт ярьж байна. Нэг хэсэг нь Засгаа унагаж тоглодог, нөгөө хэсэг нь айхтар хэрэгт холбогдож дуулиан тарьдаг. Харин хэн ч хариуцлага хүлээдэггүй…
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ёс зүй их гардаг ЭЭбээгийн зөвлөх түүний зөвлөх яав?????????????Монголчууд тэнэг биш басамжлах хэрэггүй