Гадаадын хөрөнгө оруулалтыг ганцхан оюутолгойд хийдэггүй
Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жилийн турш унаж байгааг хөрөнгө оруулагчдын тоо буурсантай холбон тайлбарладаг. Харин “Инвест Монголиа-2015” чуулганы оролцогчид өөр бодолтой байна. Тэд “Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой том, жижиг компани, бизнес эрхлэгчид байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайтай холбож, тэр дундаа Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах тухай л асуудал болгож ярьдаг. Одоо энэ ойлголтыг эвдэж, үл ойлголцлоо арилгах хэрэгтэй” гэж байна. Тиймээс тэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг сонирхон чухам аль салбарт хөрөнгө оруулалт хийвэл харилцан ашигтай байх вэ гэдгийг судалж, хоёр өдрийн турш санал солилцсон юм.
Улс орнуудын эдийн засаг тодорхой циклээр эргэлдэж, өсч унадаг. Үүний адил Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уналтад орсон. Монголын эдийн засаг уул уурхайн салбараасаа хэт хамааралтай. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унаж байгаа. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засгийн өсөлт ч уналтад орсон. Одоо улс орныхоо эдийн засгийг сайжруулъя гэвэл зөвхөн уул уурхай хэмээн туйлширдаг алдаагаа давтахгүйгээр бүх талын боломжийг харсан хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, тогтвортой шийдвэр гаргах хэрэгтэй гэж чуулганд оролцогчид зөвлөв. Тухайлбал, эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах сонирхол байгаа аж.
Монгол Улсын эдийн засагт 10 тэрбум ам.доллар эргэлддэг. Үүнийг бусад улстай харьцуулбал харьцангуй жижиг эдийн засагт тооцогдоно. Ийм жижиг эдийн засгийг 10 ба түүнээс дээш хувиар өсгөе гэвэл уул уурхайгаас гадна төмөр зам, эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж эхлэх нь зөв алхам болно гэсэн байр суурь ч гарав. Түүнээс биш эдийн засаг хямарлаа, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ уналаа гээд гадаадын хөрөнгө оруулагчид зугтаадаггүй. Хөрөнгө оруулагчидтайгаа маш сайн зөвшилцөж, төр засгаас гаргах хууль тогтоомждоо саналыг нь тусгадаг байх шаардлагатай хэмээн сануулсан юм. Нөгөөтэйгүүр, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг дагаад орон нутаг хөгждөг, иргэд ажлын байртай болдог. Энэ нь эдийн засагт эергээр нөлөөлдөг хэмээх тодруулан тайлбарлах нэгэн ч байв. Тиймээс энэ салбарт баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэйг оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, тогтвортой мөнгөний бодлого, татвар зэрэг нь хөрөнгө оруулалтыг өөртөө татах хамгийн чухал хөшүүрэг болох юм.
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: