Хүүхдээ төрөхөөс өмнө гэрлэлтээ батлуул, залуус аа
Өмнө нь айл гэрт бүл нэмж төрсөн нярай хүүхдийг нэг сарын дотор бүртгүүлж, гэрчилгээг нь авдаг байлаа. Одоогийн мөрдөж байгаа Иргэний бүртгэлийн шинэчилсэн хуулиар шинэ хүнээ 15 хоногийн дотор бүртгүүлж, төрсний гэрчилгээг бичүүлдэг болсон юм байна.
Энэ нь нэг талаар иргэний тоон мэдээлэл үнэн зөв байх, бүртгэл цэгцтэй болох зэрэг албан баримттай холбоотой нь тодорхой. Нөгөө талаар хамгийн гол нь хүүхдэд олгодог 20 мянган төгрөгтэй аль болох хурдан залгуулах гэсэн оролдого, шахалт гэж иргэд өөрт арай ойрхноор эерэгээр ойлгож болмоор санагдана.
Гэтэл дүүрэг бүрийн иргэний бүртгэл хариуцсан хэлтсүүд дээр урт дараалал үүсч, нярай эхчүүд нялх хүүхдээ тэвэрчихээд уур бухимдал болж байх юм. Хэлтсийн холбогдох ажилтны тайлбарлаж байгаагаар залуучууд гэр бүлээ батлуулаагүйгээс хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахын тулд эцэг эх нь мөн болохоо баталгаажуулж, тус бүртээ өргөдөл гаргах шаардлагатай байдаг гэнэ.
Энэ нь нэлээд хүндрэл учруулдгаас гадна төрийн ажил үйлчилгээ 08.00 цагт эхэлдгийг мэдсээр байж бага үдээс хойш хүүхдээ тэвэрч бөөнөөрөө ирээд бухимдацгаадаг тухай бүртгэлийн ажилтан учирлаж байсан. Тиймээс залуу хосууд минь, эрт боссон хүний ажил бүтэмжтэй байдаг гэсэн ардынхаа сургаалыг санаж, аливаа үйл хэргээ нарны эртэд эхэлж сур.
Хамгийн гол нь20 мянган төгрөг авахын төлөө биш танай гэрт төдийгүй Монгол Улсад бүл нэмж байгаа бяцхан үрийнхээ албан ёсны баталгаа-төрсний гэрчилгээг нь хүндрэл чирэгдэлгүй авахын тулд хүүхдээ төрөхөөс өмнө гэр бүлийн баталгаагаа бичүүлчихэж байгаарай. Гэрлэлтээ батлах нижгэр хурим хэзээ ч хийж болно шүү дээ.
Д.Мөнхжаргал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Like