АН сонгуулийн суртчилгаа хийсэн гэж засгаас хөөгдөх вий

Шийдлийн гэх тодотголтой Засгийн газарт ажиллаж байсан МАН-ын зургаан сайдыг ажлаа хийхгүй, намаа сурталчилсан  гэж шалтаглан засгаас хөөсөн үйл явдал халуунаараа байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл “МАН-ын сайд нар хамтарсан Засгийн газрын ажлыг үгүйсгэж, хөдөөгийнхөнд биднийг муулсан” гэх гомдлын үгээ УИХ дахь намын бүлэгтээ дайж, сүй хадаг болоод хагас жил өнгөрөв үү үгүй юу, зургаан сайдыг төрхөмд нь буцаасан. Харин нөгөө сонгуулийн сурталчилгаа хийдэггүй АН маань өөрсдөө болохоор зуны турш хөдөө орон нутагт ажиллачих юм. АН-ын зүүн бүсийн чуулга уулзалт нэртэй сонгуулийн сурталчилгаагаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас эхэллээ. Хэнтий аймгийн Дадал сумыг сонгосноо санаандгүй хэрэг биш гэдгээ ч илэрхийлсэн. Бүх нэрийг Чингисжүүлэх аянд мордоод байгаа тус намынхан их эзэн, Чингис хааныхаа өлгий нутгаас гараагаа эхэлж байгаа нь тэр. Уг нь төрийн эрх барьж байгаа нам хөдөө орон нутагт ажиллаж иргэдийн амьдрал хэрхэн доройтсоныг нүдээр харж яваа нь сайн хэрэг гэж бодмоор. Иргэдийн амьжиргаа тэдний ажилд дүн тавиад өгөх нь ойлгомжтой. Гэхдээ тэд ард түмний амьдралын гүнд орж ажилласангүй бололтой. Харин ч ёжилж байгаа юм шиг “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” хэмээн уриа, лоозон намируулж, том хар жийп хөлөглөн хөдөөг хөндлөн гулд туулж явав.

“Ардчилал-25” нэрийн дор зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааг сонгуулийн сурталчилгаа биш гэж үзэх үү. Тэд социализмын үед сумын төв рүү онгоц нисдэг байсан уламжлалыг сэргээж  “Сумдын нислэгийг сэргээх төсөл” санаачилсан юм байна. Төсөл амжилттай хэрэгжвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг  зорилтот бүлгийн хүмүүсийг хөнгөлөлттэй үнээр “нисгэх” юм байх. Сонгууль дөхөхөөр  сонсдог сайхан үг, бялуурам амлалт сонсогдож байгаа биз. АН-ын ад үзээд байдаг социализмын үед аймгаас сумын төв рүү “ногоон” онгоц нислэг үйлдэж, шуудан харилцаа, хүн, ачаа тээврийн тодорхой хэсгийг тээвэрлэдэг байлаа. АН үүнийг сэргээж, иргэдийг ая тухтай зорчих, шуудан харилцааг хурдан шуурхай болгоно гэж хөдөөгүүр шоудаж явна.  Удахгүй Булган аймагт төвийн бүсийн, Завханд баруун бүсийн чуулганаа зохион байгуулж ард түмнээ сайхан амлалтаар  “цатгах” юм билээ.

Үнэхээр л хөдөө орон нутагт ажиллаж, сонгуулийн сурталчилгаа хийсэн нь засгаас хөөгддөг “хорвоо” юм бол “Шударга ёс” эвслийнхэн одоо АН-ынхныг хөөх боломж бүрдлээ. Тэгээд ч Ч.Сайханбилэгийн кабинетын 19 сайдын гуравны нэгийг эвслийн бүлгийнхэн эзэлж байгаа. Тэд хамтарч ажиллаж байгаа намаа тонгорч унагахдаа сийхгүй гэдгээ харуулчихсан. АН-ынхан хадаг барьж “бэр” гуйлгасан “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Өршөөлийн хуулиар бойкотолж тав хоногийн завсарлага авчихлаа. “Өвлийн хүйтэн боллоо. Өршөөлийн хууль гарсан сургаар шоронд хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж, шийдэл гаргахгүй удаан хүлээлгэх нь үймээн дэгдээх ч хор уршигтай. Тиймээс Өршөөлийн хуульд завсарлага авч болохгүй, хурдан шийдэх шаардлагатай” гэж хошуу дэвсээд ч тусыг олсонгүй. “Бэр”-ийн хийж байгаа үйлдлийг харахад энэ Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж чадах болов уу гэдэг эргэлзээ  төрмөөр. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Энхболд ийнхүү эргэлзэж байгаагаа анхааруулсан. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлэг маш ойлгомжтой шалтгаанаар завсарлага авлаа гэдгийг ч тэрбээр онцлон хэлж байв. Хэнд ч ойлгомжтой байгаа шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Н.Энхбаярыг өршөөлд хамруулах нь “Шударга ёс” эвслийн АН-тай хамтарсан гол шалтгаан. Тэд намын даргаа ял зэмээс мулталж, улс төрд эргүүлэн авчрахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Тэд МАХН болон Н.Энхбаяр гэдэг нэрийн ард 2012 оны сонгуульд чамлахааргүй суудал авч чадсан. Харин ирэх жилийн сонгуулиас өмнө намын даргаа өршөөлд хамруулж чадахгүй аваас энэ намын хувь заяа бүрхэг болох гээд байдаг. Гэтэл Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг АН, МАН-ын бүлэг хүлээж авахаа зарлачихлаа. Нэгэнт хоригийг хүлээгээд авчихвал авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож онц их хэмжээний хохирол улсад учруулаад байгаа гэж үзэн шалгаж байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрөөс бүрмөсөн арчигдана. Тэгээд ч даргаа суллах зорилго нь бүтэлгүйтсэн “Шударга ёс” эвслийнхэн АН-д туслах шалтгаан үгүй болно. Тэгэхээр ирэх өвлийн улс төрийн уур амьсгал АН-ынханд ч хатуухан, хүйтэн байх болов уу.

М.Алтанцэцэг

Эх сурвалж: unen.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих